Өнгөрсөн бямба гаригт Дүнжингарав худалдааны төвд нээлтээ хийсэн “Намрын ногоон өдрүүд-2014” нэгдсэн үзэсгэлэн худалдаа хөл ихтэй байна. Ирэх баасан гариг буюу энэ сарын 26 хүртэл үргэжилж байгаа үзэсгэлэн, худалдааг Үйлдвэр, хөдөө аж ахуйн яам болон нийслэлийн ЗДТГ-аас хамтран зохион байгуулсан. Үзэсгэлэн яармаг нь “Алтан намар” шинэ ургацын баяр, “Эрүүл хүнс” хүнсний бүтээгдэхүүний үзэсгэлэн, худалдаа, “Шилмэл мал” үзэсгэлэн, худалдаа гэсэн гурван хэсгээс бүрдэж байгаа юм байна. Монгол Улсын Засгийн газраас хүн амын хүнсний хангамж, аюулгүй байдлыг сайжруулах, эх орныхоо хөрсөнд тарьж ургуулсан шинэ ургацын жимс, ногоо, хүнсний үйлдвэрийн бүтээгдэхүүнийг хямд үнээр хэрэглэгчдэд хүргэх, сурталчлах, төрийн болон төрийн бус байгууллага, аж ахуйн нэгж, иргэд, хэрэглэгчдийн хамтын ажиллагааг өргөжүүлэх, харилцан туршлага солилцох зорилгоор энэ арга хэмжээг Улаанбаатар хотод ес дэх жилдээ зохион байгуулж байна.
О.САР