Хар тивийн эцсийн найдвар тасрав

Хуучирсан мэдээ: 2010.07.03-нд нийтлэгдсэн

Хар тивийн эцсийн найдвар тасрав

Хар тивийн эцсийн найдвар тасрав

Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний шөвгийн наймын хоёр дахь тоглолт болох Уругвай болон Ганын багийн тоглолт өнгөрсөн шөнө өрнөж, торгуулийн цохилтоор Өмнөд Америкчууд ялалт байгууллаа.

Тоглолтын үндсэн цаг 1:1 харьцаатай тэнцээгээр өндөрлөж, нэмэлт цаг сунгасан бөгөөд эцсийн минутад Гана торгуулийн цохилт алдаж цохисноор дэлхийн аваргын хагас шигшээд шалгарсан анхны Африкийн баг болох боломжоо алдсан юм. 120 дахь минутад Ганын довтлогч Доминик Адийягийн цохилтыг Уругвайн төвийн довтлогч Луис Суарес хамгаалсан боловч бөмбөгөнд гар хүрсэн учир улаан картаар торгуулж, харин Ганын шигшээд торгуулийн цохилт цохих алтан завшаан олдсон. Харамсалтай нь, Асамоа Гьяны цохилт хөндлөвч оносноор Йоханнесбург хотын Соккер сити цэнгэлдэхэд цугласан мянга мянган хөгжөөн дэмжигчдийнхээ найдварын галыг бөхөөсөн юм.

Ингээд торгуулийн цохилтоор тоглолтын хувь заяаг шийдэх болж, хоёр багийн дасгалжуулагч цохилт гүйцэтгэх таван тоглогчоо нэрлэсэн. Уругвайн шигшээ багийн довтлогч Себастьян Абреу сүүлийн цохилтыг хийж, Ричард Кингсоны хаалганд бөмбөгийг оруулснаар багтаа 4:2 харьцаатай тэргүүлэл авчирчээ. Ганын багаас Жон Менса, Адийя нарын сулхан цохилтыг Уругвайн хаалгач Фернандо Муслера амжилттай хааж чадсан. Харин Уругвайн багаас Макси Перейра алдаж цохисон ч Абреу түүний алдааг залруулж, багтаа ялалт авчирсан юм.

Ийнхүү ялалт байгуулсан дэлхийн хошой аварга Уругвай ирэх мягмар гаригт Кейптаун хотод Голландын багтай хагас шигшээд өрсөлдөх бөгөөд энэ тоглолтыг Луис Суарес өнжих болж байна.

Энэ жилийн дэлхийн аваргад хасагдах шатанд шалгарсан цорын ганц Хар тивийн баг болох Ганын шигшээ тоглолтын эхний хагасын нэмэлт минутад гоолдож, тоглолтыг хошуучилж эхэлсэн. Хагас хамгаалагч Суллей Мунтари алсын зайнаас хүчтэй цохилтоор ганган гоолын эзэн болсон юм. Гэвч Уругвайн багийн супер од Диего Форлан 55 дахь минутад тооны харьцааг тэнцүүлжээ.

Тоглолтын үндсэн цагт өрсөлдөгч багууд хэн хэн нь ялалтын гоол оруулах боломжтой байсан ч тоглолт нэмэлт цаг сунгаж, бүр түүнчлэн торгуулийн цохилтоор ялагчийг тодруулах тавилантай байв.

Уругвайн дасгалжуулагч Оскар Табарез тоглолтын дараа ярихдаа түүний баг нь тэмцээнээ цааш үргэлжлүүлэх хувь тавилантай байсан хэмээн ярьжээ. Тэрбээр “Үнэхээр их сэтгэл хөдөлж байна. Бид тийм ч сайн тоглоогүй, гэхдээ бид яллаа. Тоглогчид маань хүчтэй байж, сэтгэл зүйн хувьд баг маань сайн байлаа. Голландтай хийх тоглолтын өмнө багахан хугацаа л олдож байна. Гэхдээ бид зөвхөн ялалтын төлөө гарах болно” гэжээ.

Уругвай ийнхүү 40 жилийн дараа дэлхийн аваргын хагас шигшээд шалгарч байгаа юм.

С.ЦЭЛМЭГ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж