Дэлхийн аваргын сонгон шалгаруулалтаас эхлээд тун азтай, одтой байгаа Голландын шигшээ баг өчигдөр Порт-Элизабет хотноо дэлхийн таван удаагийн аварга Бразилийн шигшэээг 2:1 харьцаатай буулган авч, дэлхийн аваргын дэвжээн дээрх бас нэгэн дуулианы эзэд боллоо.
Тоглолтын эхэн үед Робиньо гоолдож, бразилчууд тоглолтын санаачлагыг гартаа авсан ч хоёрдугаар хагас эхлээд “Улбар шарууд” тооны харьцааг тэнцүүлсэн. Гэхдээ Уэсли Снейдерийн хөндлөн дамжуулалт Бразилийн хамгаалах чиглэлийн хагас Фелипе Мелогээр дамжин, авто гоол болон хувирсан юм. Энэ бол тоглолтын 53 дахь минутад орсон гоол бөгөөд удалгүй 68 дахь минутад “Интер Милан”-ы Снейдер өөрөө мөргөж, гоолджээ.
Энэ үдэш Мелогийн хувьд үнэхээр таагүй үдэш байсан. Өөрийнхөө хаалганд гоол оруулж, багийнхаа тэргүүллийг алдсан тэрбээр 73 дахь минутад Роббен дээр алдаа гаргаж, улмаар улаан картаар торгуулж, талбайг чөлөөлснөөр дэлхийн таван удаагийн аварга бразилчууд талбайд 10-уулаа хоцорсон.
Талбайд гайхалтай тоглолт гаргаж, тоглолтын шилдэг тоглогчоор шалгарсан Снейдер шүгэл дуугарсны дараа “Би анх удаагаа энд толгойгоороо гоолдлоо. Дахин ийм зүйл болохгүй л болов уу. Үнэхээр гайхалтай. Бөмбөг миний халзан толгой дээр гулгаж буугаад тэгээд хаалга руу ниссэн. Гайхалтай мэдрэмж” хэмээн ярьжээ.
“Улбар шарууд” ийнхүү “Алтан дагина”-ын төлөөх хүсэл мөрөөдлөө биелүүлэхэд нэг алхам ойртлоо. Тэд хагас шигшээд Өмнөд Америкийн төлөөлөл Уругвайн багтай тоглох юм.
С.ЦЭЛМЭГ
Холбоотой мэдээ