
Дэлхийн хөлбөмбөгийн холбооны эх сурвалжаас үзэхэд хөлбөмбөгчид хоорондоо тэмцээний үеэр өмсөж байсан цамцаа солилцдог уламжлал анх 1931 онд Францын хөлбөмбөгчид тус улсын Коломбо цэнгэлдэх хүрээлэнд болсон тэмцээний төгсгөлд өөрсдийн өрсөлдөгч болох Английн шигшээ багийнхны тамирчдад хандан “түүхэн ялалтын дурсгал болгон цамцаа солилцох” хүсэлт гаргаснаар эхэлсэн түүхтэй ажээ. Гэхдээ түүхэнд тэмдэглэгдэн үлдсэн гайхамшигт солилцоог 1970 онд Мексик улсад болсон дэлхийн хөлбөмбөгийн аваргын төлөө өрсөлдсөн Бразил, Английн шигшээ багийн довтлогчид болох алдарт Пеле, Английн Bobby Moore нар олон мянган хөгжөөн дэмжигчийн өмнө бие биедээ өмссөн цамцаа тайлан дурсгал болгон солилцсон үйл явдал болсон аж.
Хөлбөмбөгчид хоорондоо өмссөн цамцаа солилцох уламжлал одоо ч гэсэн үргэлжилсэн хэвээр байгаа юм. Хөлбөмбөгчид урьдчилан тохиролцож солилцох буюу эсвэл аль ойр байсан тамирчид хоорондоо солилцдог болжээ.
Өмссөн цамцаа дурсгал болгон өгөх “зовлонд” хамгийн их учирсан тамирчин Бразилийн Пеле байсан аж. Нью-Йоркийн Космос хүрээлэнд болсон тэмцээний үеэр Пеле өрсөлдөгч багийн гишүүдэд нэг удаагийн тоглолтын төгсгөлд дор хаяад л 25 цамц бэлэглэх “ажилтай” болоод байсан ажээ.
Эх сурвалж: EUROSPORT
Бэлтгэсэн Д.Пунцаг