-Монгол Улсын эрэгтэй баг эхний тоглолтод ХонгКонгийн багийг 86:77-оор, хоёр дахь тоглолтод Мальдивын багийг 112:54-ийн харьцаагаар хожлоо.-
Дөрвөн жилд нэг удаа болдог Азийн зуны спортын наадам БНСУ-ын Инчён хотноо хоёр дахь өдрөө үргэлжилж байна. 17 дахь удаагийн Азийн наадмын сагсан бөмбөгийн тэмцээн Инчён хотын Hwaseong спортын ордонд хоёр дахь өдрөө боллоо.
Монгол Улсын сагсан бөмбөгийн баг энэ өдөр Мальдив БНУ-ын багийг 112:54-ийн харьцаагаар хожиж, хэсгийн хоёр дахь ялалтаа авлаа. Хэсгийн сүүлийн тоглолтоо маргааш Кевейтын эсрэг хийх юм.
Эрэгтэй 16 улсын баг өрсөлдөж байгаагаас Монгол Улсын шигшээ баг ХонгКонг, Мальдив БНУ, Кувейт улсын багуудтай урьдчилсан шатны "А" хэсэгт багтсан. Энэ хэсгээс хоёр баг дараагийн тойрогт өрсөлдөх эрхийг авах бөгөөд Монгол Улс, Кувейтын багууд хоёр хожилтой шалгарлаа. Хэсгийн нэгдүгээр байраар шалгарсан баг Япон, Катартай "F" хэсэгт, хоёрдугаар байраар шалгарсан баг Өмнөд Солонгос, Йорданы багтай "D" хэсэгт өрсөлдөх юм.
Урьдчилсан шатны "А" хэсэг:
09.20 Монгол-Хонг Конг 86:77, Кувейт– Мальдив 114:44
09.21 Мальдив БНУ- Монгол 54:112, ХонгКонг– Кувейт 65:81
09.22 Кувейт-Монгол
Азийн спортын 17-р их наадам БНСУ-ын Инчон хотноо үргэлжилж байна.
Азийн спортын хамгийн том өрсөлдөөн болсон, дөрвөн жилд нэг удаа болдог наадамд Монголын баг тамирчид эхний өдрөөсөө эхлэн амжилт гаргаж, одоогоор 45 улсаас багийн дүнгээр гуравдугаарт жагсаад байна.
Манай тамирчид тэмцээний 1 дэх өдөр жүдо бөхийн төрөлд хоёр алт /М.Уранцэцэг, Д.Төмөрхүлэг/, нэг мөнгө /Г.Болдбаатар/, нэг хүрэл /Буудлагын эмэгтэй баг/ медаль хүртээд байгаа билээ.
Монголоос Соёл, спорт, аялал жуулчлалын сайд Ц.Оюунгэрэл, МҮОХ, Спортын бэлтгэлийн төв, Үндэсний шигшээ багийн албаны удирдлагууд баг тамирчдынхаа зохион байгуулалт, тэмцээний бэлтгэлийг ханган ажиллаж, зарим тэмцээнийг үзэж, багаа дэмжиж байна.
Наадмыг сонирхохоор ирсэн үзэгч, хөгжөөн дэмжигчид ч Инчон хотод нилээд иржээ. Ялангуяа өчигдөр болсон сагсан бөмбөг, жүдо бөхийн тэмцээнүүд Монголын үзэгчдээр дүүрэн байлаа.
Эх орон, ард түмнийхээ нэрийг Азийн наадам, тив даяар дуурсгаж буй баг тамирчдаа дэмжин, урам хайрласан үзэгч, БНСУ-д ажиллаж, амьдарч буй иргэд, хөгжөөн дэмжигчдэд Монголын тамирчид халуун талархал илэрхийлснийг дамжуулъя.
Гэрэл зургийг Ч.ГАНБАТ, Б.МӨНХЗУЛ.
Азийн наадмын мэдээллийг Азийн наадам: Инчён-2014 цэсэнд ЭНД ДАРЖ авна уу.