
УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны хуралдаан болж, Тавантолгой нүүрсний ордыг ашиглах тухай УИХ-ын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийж, санал хураалт явуулан, чуулганы нэгдсэн хуралдаанд оруулахаар боллоо. Ингэхдээ УИХ-аас байгуулагдсан ажлын хэсгийн санал дүгнэлтийн талаар гишүүдээс санал хураалгаж дэмжлэг авав. Тодруулбал, тус ажлын хэсэг стратегийн ач холбогдол бүхий Тавантолгойн ордын ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигч төрийн өмчит компаний хувьцааны 50 хүртэлх хувийг Монгол Улсын иргэн, хуулийн этгээдэд эзэмшүүлэх, дотоод гадаадын хөрөнгийн биржээр арилжаалах арга хэмжээг холбогдох хууль тогтоомжийн дагуу үе шаттайгаар хэрэгжүүлэх. Үүнд Монгол Улсын нийт иргэдэд хувьцааны 10 хувийн үе шаттайгаар, адил тэнцүү хувь хэмжээгээр үнэ төлбөргүй эзэмшүүлэх, хувьцааны 10 хувийг үндэсний аж ахуйн нэгжүүдэд нэрлэсэн үнээр арилжаалах, 30 хүртэлх хувийг гадаад дотоодын хөрөнгийн биржээр худалдаж, шаардлагатай хөрөнгийг босгохоор тусгасан байна Түүнчлэн ордын нүүрсний нөөц, уул-геологийн нөхцлийг харгалзан Тавантолгойн ордод төрийн өмчит компани ашиглалтын үйл ажиллагаа явуулах, холбогдох хууль тогтоомжийн дагуу ‘’Эрдэнэс-Тавантолгой’’ төрийн өмчит охин компанийг байгуулж, ордын ашиглалтын тусгай зөвшөөрлийг хуваахгүйгээр шилжүүлэх, түүнтэй хөрөнгө оруулалтын гэрээ байгуулах, оператор аж ахуйн нэгжээр олборлолтын үйл ажиллагааг тодорхой хугацаанд гүйцэтгүүлэхийг Засгийн газарт даалгахаар тусгасныг байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонхи дэмжсэн юм.
Одоо эл асуудлыг УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэх гэж байна.
Г.Дарь