
САППОРО БУЮУ I ХОРООЛОЛ Энхтайваны өргөн чөлөөнд I хорооллын урдуур баруун чиглэлдээ бага оврын автобусны хөдөлгөөнийг хязгаарласан. Иймд бага оврын автобуснууд зүүн талаас ирэхдээ I хорооллын арын замаар явж, Москва хорооллын зүүн талаар уруудан үндсэн маршрутаараа тус тусын чиглэлдээ үйлчилнэ. Харин зүүн чиглэлд явахдаа хуучин маршрутаар буюу 32 дугаар байр, Хархорин, Цамбагарав, Саппорогийн буудалд зогсож явна. Харин Толгойтын хөтөл, Баганаран, Орбит Баянгол зэрэг бага оврын автобусны чиглэлүүд нь баруун талаас ирэхдээ Энхтайвны өргөн чөлөөгөөр яваад Саппорогийн тойргоор буцаж I хорооллын арын замаар явна.
Иргэд зорчигчдод хандаж хэлэхэд Саппоро, Цамбагарав, Хархорин болон 32 дугаар байрны автобусны буудлаас микро автобус баруун чиглэлдээ үйлчлэхгүй зөвхөн том оврын автобус явж байна. Бага оврын автобуснууд баруун тал руугаа I хорооллын арын замаар явж байгаа болохыг анхаарна уу. Баруун чиглэлд захын хороолол руу бага оврын автобусаар зорчдог бол I хорооллын замын урд талаас, эсвэл нэгдсэн III эмнэлгийн баруун талын буудлаас суух боломжтой.
III,IV ХОРООЛОЛ Хотын баруун болон баруун хойд талаас орж ирдэг бага оврын автобуснууд нь I хорооллын замаар явж Саппорогийн аюулгүйн тойргоор өгсөж III,IV хорооллын голын замаар явдаг байсан бол хөдөлгөөний нягтралыг багасгах зорилгоор хязгаарлалт тогтоосон. Иймд дээрх чиглэлийн бага оврын автобуснууд баруун талаас ирэхдээ Саппорогоор өгсөөд Гэмтлийн эмнэлгийн урдуур баруун гар тийшээ эргэж Дилав хутагт, Жалханз хутагтын гудамжаар зүүн тийш чигээрээ явж модны хоёрын замаар Гандангийн араар Баянбүрдийн тойргоор үндсэн чиглэлдээ орж явна.
БӨМБӨГӨР Баруун 4 замаас Баянбүрдийн тойрог хүртэл мөн хязгаарлалт хийсэн учир Бөмбөгөр худалдааны төвөөр бага оврын автобус явахгүй болсон. Харин Баянхошуу-Вокзал, Дэнжийн мянга-Вокзал гэсэн чиглэлд их багтаамжийн автобуснууд Бөмбөгөр худалдааны төвийн буудалд зогсож үйлчилж байна. Туслах чиглэлийн ТШ:24 “Согоотын гудамж-Зам гүүрийн авто бааз-Гандан-Вокзал”, ТШ:3 “Баянхошуу—Гандан-Вокзал”, ТШ:13 “Цагаан даваа-Гандан-Вокзал” зэрэг чиглэлд үйлчилдэг бага оврын автобуснууд нь Вокзалаас Төмөр замын дээд сургуулиар өгсөж “ТБД Андууд”-ын буудалд зогсоод Амарсанаагийн гудамжаар явж Гандан хүрч, Баянбүрдийн тойрог руу явна. Зүүнээс чиглэлээс ирэхдээ Баянбүрдийн тойргоос Тасганы замаар Эх нялхасын урдуур өнгөрөн, Ахуйн үйлчилгээний ордоноор өгсөж, VI бичил хорооллын зам буюу Хасбаатарын гудамжаар явж хорооллын эцэс хүрч Гэмтлийн эмнэлгийн замаар уруудна.
Нийслэлийн нийт иргэдийн эрх ашгийн үүднээс бага оврын автобусны хөдөлгөөнийг чиглэл маршрутыг өөрчлөн үйлчилгээний дэг журам сахилга, аюулгүй байдлыг хангах арга хэмжээг Замын цагдаагийн газар хамтран хэрэгжүүлж байгаа талаар Нийслэлийн нийтийн тээврийн газраас мэдээллээ.