Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Э.Бат-Үүл, Засаг даргын Зам, тээвэр, дэд бүтцийн асуудал хариуцсан орлогч дарга Н.Гантөмөр, Хот байгуулалт, хөрөнгө оруулалтын асуудал хариуцсан орлогч дарга С.Очирбат нар өнөөдөр “Нийслэлийн Иргэний танхим”-д 152 хорооны үүрийн даргатай уулзлаа. Уулзалтын үеэр хотын удирдлагууд өнгөрсөн хугацаанд хотод хийгдсэн бүтээн байгуулалтын ажил болон цаашид хийж хэрэгжүүлэх ажил, хөтөлбөрүүдийн талаар мэдээлэл өгсөн юм. Хотын даргын орлогч нар хариуцсан асуудлынхаа хүрээнд өнгөрсөн хугацаанд хийсэн ажлуудаа танилцуулав. Засаг даргын Зам, тээвэр, дэд бүтцийн асуудал хариуцсан орлогч дарга Н.Гантөмөр “Нийслэлийн төвлөрсөн суурьшлын бүсүүдэд шинээр авто зам барих, томоохон гол болон туслах замуудыг шинэчлэх ажлыг зохион байгуулж ажиллалаа. 2012-2013 онд шинээр 29,1 км авто зам барьж, 106,5 км авто замыг өргөтгөж шинэчлэн ашиглалтад оруулсан. Энэ онд шинээр 40,94 км авто зам барих, 72 км авто замыг өргөтгөн шинэчлэх ажлыг хэрэгжүүлж байна. Өмнөх таван жилийн хугацаанд шинээр 41,8 км авто зам, 62,8 км авто замыг өргөтгөн шинэчилсэн байдаг. Үүнтэй харьцуулахад өнгөрсөн хоёр жилд их бүтээн байгуулалтын ажил өрнөсөн нь тодорхой байна” гээд хаана, ямар замыг шинэчилж, өргөтгөж, шинээр барьсныг нэг бүрчлэн танилцууллаа. Түүнчлэн “Гудамж” төслийн хүрээнд Улаанбаатар хотын замын 33 уулзварыг өргөтгөж янзлахаас 23-ыг нь ашиглалтад оруулсныг онцолж байв.
Хот байгуулалт, хөрөнгө оруулалтын асуудал хариуцсан орлогч дарга С.Очирбат Орон сууцны хөтөлбөр, Гэр хорооллын дахин төлөвлөлтийн талаар мэдээлэл өгснөөс түрээсийн орон сууцтай холбоотой асуудал анхаарал татаж байв. Нийслэл хотод 2013 оны байдлаар 40 мянган иргэн орон сууцаа түрээслэн амьдарч байгаа гэсэн судалгаа гарчээ. Өнөөдрийн байдлаар тухайн орон сууцны байршил, зэрэглэлээс хамаарч нэг өрөө байрыг 300-550 мянган төгрөгөөр, хоёр өрөө байрыг 500-750 мянган төгрөгөөр түрээслэж байна. Манай улсад түрээсийн зах зээлийг зохицуулах бодлого, стандарт, хууль эрх зүйн орчин байхгүй. Түрээсийн бизнесийг гол төлөв хувь хүмүүс эрхэлж орлогын ямар нэгэн татвар төлдөггүй. Түрээсийн зах зээлд гол түрээслүүлэгч нь орон сууц өмчлөгчид байгаа. Тиймээс цаашид төр түрээсийн зах зээлийг хөгжүүлэх боломжтой гэв.
Нийслэлийн Засаг дарга Э.Бат-Үүл Улаанбаатар хотыг Монгол тулгатны соёлын аялал жуулчлалын төв болгох, Зүүн хойд Азийн бизнес жуулчлалын нэг төв болгох зорилготой 214-2020 онд хэрэгжүүлэх “Найрсаг Улаанбаатар” хөтөлбөрийн талаар мэдээлэл өглөө. Түүнчлэн Нийслэлийн Ардчилсан намаас цаашид хийх ажлуудынхаа талаар намын үүрийн дарга нарт танилцуулга хийсэн юм. Тус намын хувьд ирэх сард гишүүдийнхээ хоёрдугаар чуулганыг хийхээр төлөвлөж буй аж.
Г.БОЛОР