Сайншандын аж үйлдвэрийг хаана байгуулах вэ?

Хуучирсан мэдээ: 2014.09.19-нд нийтлэгдсэн

Сайншандын аж үйлдвэрийг хаана байгуулах вэ?

УИХ дахь АН-ын бүлгийн дарга Д.Эрдэнэбат өчигдөр Сайншанд хотод ажиллалаа. Сайншанд хотод сүүлийн жилүүдэд бүтээн байгуулалтын ажил эрчимтэй хийгдэж байгаа ажээ. 1000 айлын орон сууц, зам талбайн өргөтгөл, шинэчлэл, сургууль, цэцэрлэг, цахилгаан станц гэх мэт олон ажил хийгдэж байгаа юм байна. Тиймээс бүлгийн дарга Сайншанд хотод хийгдэж буй бүтээн байгуулалтын ажилтай танилцсан юм. Бүлгийн даргын хамгийн түрүүнд танилцсан газар бол “Нарлаг шанд хороолол”. Тус хорооллын бүтээн байгуулалтын ажлыг “Эвийн гэрээ” ХХК хийж байгаа бөгөөд нэг м3-ыг нь 980 мянган төгрөгөөр борлуулж буй юм байна. Тус компанийн хувьд энэ жил өөрийн хөрөнгөөр бетон зуурмаг болон тоосгоны үйлдвэрийг байгуулж, барилгын материалыг өөрийн нутагтаа үйлдвэрлэж эхэлжээ. Тийм ч учраас дараа дараагийн барилга баригдахад материалын асуудалд толгой өвдөхгүй болжээ. Үүний дараа аймаг бүрт 1000 айлын орон сууц барих хөтөлбөрийн хүрээнд хийгдэж байгаа орон сууцны ажлын үйл явцтай танилцлаа. Энэ жилийн хувьд 1000 айлын орон сууцны барилгын ажил эхлээгүй байна. Учир нь орон сууц барихаас өмнө дэд бүтэц болон зам, цахилгаан станцын асуудлыг бүрэн шийдэж буй ажээ. Яг одоогоор барилга баригдах талбайд хүрэх замын асуудлыг шийдэж, цахилгаан станц баригдаж байгаа аж. Засгийн газрын хөтөлбөрийн хүрээнд баригдаж буй энэ барилгын ажил ирэх жил эхэлж, нэг м3-ыг нь сая төгрөгөөс хэтрүүлэхгүй байхаар ярилцаж байгааг аймгийн Засаг дарга танилцууллаа. Бүлгийн дарга энэхүү ажилтай танилцсаны дараа цэвэр ус бохирын шугамын шинэчлэлийн ажилтай танилцлаа. Уг ажлыг  Азийн хөгжлийн сангийн санхүүжилтээр хийж буй юм байна. Энэ мэт бүтээн байгуулалтын ажил өрнөж байгаа ч хүндрэлтэй асуудал ч үүсч байгаа гэнэ.

Сайншанд аж үйлдвэрийн цогцолбор цаасан дээр байна

Дорноговьчууд төдийгүй олны дунд хүлээлт үүсгэсэн бүтээн байгуулалт бол Сайншандын аж үйлдвэрийн цогцолбор. Хоёр засгийн газар дамжин яригдаж байгаа ч бодит ажил болохгүй байсаар өдийг хүрчээ. Уг цогцолборын талаар иргэд төдийгүй албаны хүмүүсийн дунд зөрүүтэй ойлголт үүссээр ирсэн. Тэгвэл Д.Эрдэнэбат  гишүүнийг Сайншанд хотод ажиллах үеэр ҮХААЯ-ны Хүнд үйлдвэрийн газрын  дарга н.Ганболд төслийн явцын талаар нэгдсэн мэдээлэл өглөө. Сайншандын аж үйлдвэрийн цогцолборын төслийн удирдагчаар Амеркийн FLOUR компани ажиллаж буй юм байна. Цогцолборын гол ноён нуруу нь Гангийн үйлдвэр барих асуудал ажээ.  2030 он гэхэд дэлхийн гангийн хэрэглээ 2.4 тэрбумд хүрэх тооцоог гаргасан байна. Өөрөөр хэлбэл, өдөр ирэх бүр гангийн хэрэглээ өсөх юм байна. Хотжилтын маш том төлөвлөлт хийгдэж буй учир гангийн хэрэглээ өсөхөд нөлөөлж байгаа аж. Тиймээс Сайншандын аж үйлдвэрийн цогцолборыг түшиглэн гангийн үйлдвэр байгуулж, Тавантолгойн нүүрсийг ашиглаж сайн чанарын ган үйлдвэрлэх томоохон саналыг дэвшүүлжээ. Жилдээ таван сая тонн ган үйлдвэрлэх хүчин чадалтай үйлдвэрийг 3.5 тэрбум ам.доллар өртөгөөр барих юм байна. Харин Сайншандын цогцолборын дэд бүтцийн бүтээн байгуулалтад хоёр тэрбум ам.доллар шаардлагатай.

БНХАУ-ын даргын айлчлалын үеэр тус цогцолборын дэд бүтцийн бүтээн байгуулалтад хятадын тал хөрөнгө оруулах саналыг хэлсэн гэнэ. Энэ мэт хөрөнгө мөнгө босгох хүндрэлтэй асуудал бийг н.Ганболд дарга дуулгаж байлаа. Хүлээлт үүсгээд байгаа цогцолборыг барих газрыг сонгож, судалгаа хийсэн ч тус газарт барилгажилт хийх ямар боломжгүй гэсэн дүгнэлт гарсан байна. Тиймээс цогцолбор барих газрыг сольж магадгүй болжээ. Харин одоо Дорноговь аймгийн Алтанширээ суманд тандалт судалгаа, өрмийн хэсэгчилсэн судалгаа хийж буй юм байна. Тиймээс Сайншандын аж үйлдвэрийг хаана байгуулах вэ гэдэг асуудал сөхөгдөх бололтой.

В.ТУЯА

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж