
1989 онд Дэлхийн өрсөлдөх чадварын төвийг үүсгэн байгуулахаасаа өмнө тэрбээр Дэлхийн эдийн засгийн форум буюу бидний хэлж заншсанаар Давосын чуулга уулзалтын удирдлагын багт олон жил ажиллаж, хувийн секторын өрсөлдөх чадварын талаар зэгсэн туршлага хуримтлуулжээ.
Тэрбээр Швейцарийн Луизанна хотын Их Сургууль, түүнчлэн Луизанна дахь Удирдлагын хөгжлийн хүрээлэнд тус тус профессорын ажлыг давхар эрхэлдэг бөгөөд олон улсын тавцанд улс үндэстнийхээ өрсөлдөх чадварыг сайжруулахын тулд аливаа орны төр засаг, хувийн хэвшлийн зүгээс юу хийвэл зохих вэ гэсэн сэдэвт олон арван эрдэм шинжилгээний бүтээл, нийтлэлийн эзэн юм.
Түүний тэргүүлдэг Дэлхийн өрсөлдөх чадварын төв нь 22 дахь жилдээ улс орнуудын өрсөлдөх чадварын тайланг нийтлүүлээд байна. Тус тайланд, хөгжингүй 58 орныг шигшин багтааж, нийт 350 орчим үзүүлэлтээр хөгжлийн түвшинг нь харьцуулан эрэмбэлдэг. Тухайлбал, аливаа орны эдийн засгийн тамир тэнхээ, төрийн бодлогын хэрэгжилт, чадавхи, хүн амын боловсрол, хувийн хэвшлийн овсгоо самбаа, гадаадын хөрөнгө оруулалтын орчин, эрхзүйн дэд бүтэц гэх зэрэг хүчин зүйлүүдийг цэвэр ажил хэрэгч өнцгөөс харгалзан үздэг тул тус тайлан нь дэлхийн олон орны бодлого боловсруулагчид, ажил хэрэгч иргэд болон эрдэмтэн судлаачдын ширээний ном болж чадсан байдаг. Ирээдүйд мандан бадрах эсвэл уруудан доройтож болох хөгжлийн эгзэгтэй үе дээрээ буй Монгол Улсыг тухайн тайланд багтаах тухай санамж бичигт энэхүү айлчлалын үеэр гарын үсэг зурах юм байна. Тус төвийн үйл ажиллагаанд нэгдэн орсноор Монгол Улс анх удаа дэлхий дахинд өргөн хэрэглэгддэг хэмжүүр, аргачлалаар өрсөлдөх чадвараа тодорхойлуулж, улмаар бие даасан бүхэл бүтэн тайлантай болох боломжтой болох юм. Монголд саатах ганцхан хоногийн хугацаандаа тэрээр “Өрсөлдөх чадвар ба түүний 10 алтан зарчим” сэдвээр лекц уншиж, Монгол Улсын Ерөнхий сайдтай уулзах юм. Дашрамд дурьдахад, ноён Гарелли Монголд айлчилсны дараа БНСУ-ын Ерөнхийлөгчийн урилгаар тус улсад зочлон илтгэл тавьж, зөвлөлдөх уулзалтанд оролцоно.