Хүнд тус болсныхоо төлөө хоёр жил гаруй гэмт хэрэгтэн шиг шалгагдаж, буруутан болох дөхсөн иргэн Л.Сэргэлэн бидэнд хандлаа. Тэрээр гэм буруугүйг нь тогтоож, нэр төрийг нь цагаатгаж өгсөн “Шүүхэд баярлалаа” гэж хэлэхийг хүссэн юм.
-Шүүх таны хэргийг цагаатгасан юм байна. Ямар хэргийн улмаас та шүүхэд дуудагдсан юм бэ?
-Миний нэг таньдаг эгч найзаасаа мөнгө зээлж авчихаад өгч чадахгүй байна тус болооч гээд гуйгаад байхаар нь би тус болоод өмнөөс нь өрийг нь төлчихсөн юм. Нөхөр нь нас барсан, ажилгүй хэцүү амьдралтай гэдгийг нь мэддэг болохоор хүнд тус болсон юм л даа. Гэтэл хэдэн сарын дараа нөгөө найз нь таньдаг эгчээс маань дахиад мөнгө нэхээд байна гэхээр нь гайхаад “Би энэ эгчийн өмнөөс өрийг нь төлсөн биз дээ” гэтэл намайг төлөөгүй гээд гүтгэсэн. Тэгээд л цагдаад хандаж, адгийн зарга арав хоног гэгчээр цагдаад дуудагдаж, хоёр жил шахуу шалгагдсан. Эцэст нь Монгол Улсын шүүх үнэн зөвийг дэнсэлж, намайг гэм буруугүйг тогтоож цагаатгасан. Үнэн ялдаг л юм байна. Би шүүхийн байгууллагыг бол их үнэн зөв шүүдэг болсон байна гэжбүрэн итгэсэн. Эрүүгийн хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн Г.Алтанцэцэг шүүгчээр ахлуулсан Л.Баатар, Б.Батболор нарын бүрэлдэхүүнтэй шүүгч нар миний хэргийг үнэн зөвөөр шийдвэрлэж, намайг гэм буруугүй гэдгийг тогтоож цагаатгаж өгсөнд баярлалаа гэж хэлмээр байна. Хоёр жил гаруйн хугацаанд гэм буруугүй байж цагдаагийн байгууллагад дуудагдаж, шалгагдаж маш их цаг хугацаа, нэр төрөөрөө ч хохирсон. Гэхдээ эцэст нь үнэн ялж, миний гэм буруугүй болохыг тогтоож өгсөнд би шүүхэд баярлахаас өөр яахав. Дахин дахин л баярлалаа гэж хэлмээр байна даа.
-Шүүхээр үйлчилгээ танд ямар санагдав, хүнд суртал чирэгдэл байна уу?
-Ер нь шүүгчийн туслах, шүүгч нарын зан харьцаа бол сайжирчээ. Ямар нэгэн хүнд суртал алга, хүнтэй их зөв боловсон харьцдаг болсныг өөрийн биеэр мэдэрлээ. Гэхдээ намайг гэм буруугүйг үнэн зөвөөр тогтоосон учраас ингэж хэлж байгаа юм биш шүү. Шүүхээр үйлчлүүлэхэд өөрийн эрхгүй л тийм сэтгэгдэл төрж байсан. Шүүхээр яваад ороход иргэдэд зориулсан “Нээлттэй танхим” гэж ажилладаг болсон байна. Тэнд иргэд үйлчлүүлээд, өөртөө ч юмуу ойр дотны хүндээ холбоотой шүүх хуралдааныг шууд үзэх боломжтой байдаг юм байна. Шүүх хуралдааны явц, шүүгч нарын бүрэлдэхүүн хэргийн оролцогчид хэн юу ярьж байгаа нь бүгд нээлттэй, хэргийг хэрхэн шийдвэрлэж байгаа нь ч иргэдийн хяналтан дор шууд үзэх боломжтой болгосон нь бас их зүгээр юм. Иргэд ч үүнд их ам сайтай байх нь ажиглагдаж байсан. Шүүх хуралдааныг хүлээгээд сууж байхад олон ч хүнтэй тааралдаж, ярьж хөөрч байлаа, хүмүүсийн ярилцаж байхыг ч зөндөө сонслоо. Ерөнхийдөө иргэд шүүхэд итгэдэг болж, шүүх л үнэн зөвийг тогтооно гэж хүндэтгэлтэй ч ханддаг юм байна. Шүүхийн үйлчилгээ иргэдэд их ойртсон байна. Үнэний төлөө ажиллаж байна гэдэг нь анзаарагдсан.
Б.БУЯН