
Эрээн уурхайн нөхөн сэргээлтийн төслийг амжилттай хийж дуусгалаа гэж
“Newswire” агентлаг мэдээллээ. Уг төслөөр нийт 16 га газрыг малын бэлчээр болгон өөрчилж, байгалийн унаган төрхөнд нь оруулсан бөгөөд орон нутгийн иргэд малчдад зориулж, худаг ухаж, цөөрөм гаргасан байна.
“Peabody” компани монголчуудтай хамтран уурхайн үйл ажиллагаа явуулсан газрыг эргүүлээд унаган төрхөнд нь амжилттайгаар оруулсан бөгөөд энэ нь загвар болон үлдэх болно хэмээн үзэж байна” гэж “Peabody” компанийн дарга, гүйцэтгэх захирал Грегори Бойс ярьсан байна. “Манай компани 126 жил уул уурхайн үйл ажиллагаа явуулсан баялаг туршлага, түүхтэй. Бид дэлхийн төвшинд аюулгүй байдал, бүтээмж, газрын нөхөн сэргээлт хийдэг. Бид цаашдаа монголчуудтай хамтран ажиллаж, эрчим хүчний шинэ нөөцүүдийг нээж, тэднийг байгаль, соёлд ээлтэй байдлаар ашиглахад нь туслах болно ” гэж ярьжээ.
Төслийг амжилттай дуусгасныг “Peabody” компани болон орон нутгийн Сайхан сумын засаг дарга, Булган аймгийн удирдлагууд, Эрдэс баялаг, эрчим хүчний яамны ажилтнууд хамтран тэмдэглэсэн байна. Монголын Засгийн газартай хэлэлцэн олон улсын баг энэ төслийн төлөвлөгөөний ажлыг гүйцэтгэсэн бөгөөд уг багт “Peabody” компанийн байгаль орчны эрдэмтэд, инженерүүд, “Peabody” компанийн Монгол дахь салбарын монгол инженерүүд, Хөдөө аж ахуйн их сургууль болон Монголын Ойн үр үйлдвэрлэгчдийн холбооны Доктор Д.Түмэнжаргал нар оролцсон байна. Нөхөн сэргээх ажлыг орон нутгийн Монгол иргэдийг ажилд аван гүйцэтгүүлжээ.
Энэ төсөл монголчуудад чухал ач холбогдолтой “Булган аймаг анхдагчуудаараа ямагт алдартай. Монголын анхны Олимпын иедальтан мөн тус аймгаас төрсөн. Түүн шиг Монголын анхны нүүрсний уурхайн нөхөн сэргээлтийг тус аймагт гүйцэтгэлээ. Энэ төсөл хариуцлагатай уул уурхайн шалгуур болж байна. Монголчууд энэ төсөлд их ач холбогдол өгч байна” гэж Монголын Эрдэс, баялаг, эрчим хүчний яамны төлөөлөгч Б.Алтансүх ярьсан байна.
“Peabody” компанийн төлөөлөгчийн оффис Улаанбаатар хотод байдаг бөгөөд ТаванТолгойн ордод хамтран ажиллах боломжийн талаар Засгийн газартай ярилцаж байгаа юм. Монгол Улс байрлалын хувьд Хятад болон Азийн эрэлт ихтэй зах зээлд ойрхон байрладаг бөгөөд ирэх 20 жилд дэлхийн нүүрсний эрэлтийн 90 хувь нь тус бүсээс бий болно гэж мэргэжилтнүүд тооцоолж байна.
“Peabody” компани уул уурхайн үйл ажиллагаагаа явуулсны дараа байгалийн нөхөн сэргээлт хийж байгалийг анхны буюу анхныхаас нь илүү сайн төвшинд нөхөн сэргээх зорилттой ажилладаг гэнэ. Өнгөрсөн гурван жилийн дотор тус компани хэдэн мянган га газар нөхөн сэргээлт хийж нэг сая орчим мод тарьсан бөгөөд байгалийн нөхөн сэргээлт сайн хийсэн хэмээн үнэлүүлж дэлхийн улс орнуудаас олон арван өргөмжлөл, шагнал хүртсэн. “Peabody Energy” нь дэлхийн хамгийн том хувийн хэвшлийн нүүрсний компани бөгөөд нүүрс цэвэр аргаар олборлох, боловсруулдгаараа дэлхийд тэргүүлдэг. 2009 онд тус компани 244 сая тонн нүүрс олборлосон бөгөөд 6 тэрбум ам.долларын орлоготой ажилласан байна. “Peabody” АНУ-ын эрчим хүчний нүүрсний 10 хувийг, дэлхийн эрчим хүчний нүүрсний 2 хувийг нийлүүлдэг бөгөөд дэлхийн 6 тив дээр үйл ажиллагаа явуулж байна гэж АНУ-ын Сейнт Льюс хотоос “Newswire” агентлаг мэдээллээ.
Т.Бадрах