Азийн наадмыг 9300 гаруй сэтгүүлч сурвалжилж байна

Хуучирсан мэдээ: 2014.09.19-нд нийтлэгдсэн

Азийн наадмыг 9300 гаруй сэтгүүлч сурвалжилж байна

Азийн зуны спортын XVII их наадмын нээлт хэдхэн цагийн дараа болох гэж байна. Инчон хот дахь Тамирчдын тосгонд төвхнөөд байгаа Монголын баг тамирчид нээлтийн ёслолд оролцоход бэлэн болжээ.

Энэ удаагийн Азийн наадмыг сурвалжлахаар 9300 гаруй сэтгүүлч, гэрэл зурагчид Инчон хотноо ирсэн байна. Тэдний хамгийн өргөн бүрэлдэхүүнтэй нь зохион байгуулагч БНСУ-ын хэвлэлийнхэн бөгөөд 1084 сэтгүүлч, сурвалжлагч нутагтаа болж буй Азийн спортын наадмыг сурвалжилж байгаа гэх мэдээлэл байна.

Монголын баг тамирчид өмнө нь Азийн наадамд ямар амжилт үзүүлж байсан тухай мэдээллийг хүргэе. Азийн зуны спортын наадамд Монгол Улс өмнө нь есөн удаа оролцохдоо буудлага, чөлөөт болон сонгомол бөх, жүдо бөх, үшү, хөнгөн атлетик, дугуй, боксын төрөлд 15 алт, 33 мөнгө, 68 хүрэл, нийт 116 медаль хүртэж байсан юм.

Анх 1974 онд Ираны Тегеран хотод болсон Азийн зуны спортын наадамд хоёр алт, таван мөнгө, найман хүрэл медаль авсан байна. Шар тивийн хамгийн том наадмын анхны алтан медалийг Хөдөлмөрийн баатар, Гавьяат тамирчин Д.Цэрэнтогтох, З.Ойдов нар хүртэж байв. Түүнээс хойш Монголын төрийн дуулал Азийн наадмын тэнгэрт 15 удаа эгшиглэжээ. Хамгийн сүүлд 2010 оны Гуанжоугийн Азийн наадмын чөлөөт бөхийн төрөлд эрэгтэйчүүдийн 60 кг-ын жинд Гавьяат тамирчин Г.Мандахнаран, эмэгтэйчүүдийн 72 кг-д олон улсын хэмжээний мастер Г.Наранчимэг нар алтан медаль хүртэж, нийт хоёр алт, таван мөнгө, есөн хүрэл медаль хүртэж байсан юм.

Б.ЭНХ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж