Гурван бөх башёг тэргүүлж байна

Хуучирсан мэдээ: 2014.09.18-нд нийтлэгдсэн

Гурван бөх башёг тэргүүлж байна

-Аки башёг Хакүхо, Какүрюү болон Ичиножёо нар таван даваатай тэргүүлж байна.-

Мэргэжлийн сүмогийн Аки башёгийн тав дахь өдрийн барилдаан боллоо. Энэ өдөр ёкозүна Хакүхо, Какүрюү нар тав дахь даваага авсан. Дээд зиндаанд дэвшин барилдаж буй Ичиножёо А.Ичинноров Чиёоториг дэвжээнээс түлхэн гаргаж, ээлжит даваагаа авлаа. Ийнхүү тэрээр ёкозүна Хакүхо, Какүрюү нарын хамтаар таван даваатай башёг тэргүүлж байна.

Тэмцээний эхний дөрвөн өдөр ялалт байгуулаад байсан 40 настай Кёкүтэнхо Н.Цэвэгням Чиёомарүд ялагдлаа. Мөн энэ өдөр Токитэнкү, Кёкүшюүхо, Тамаваши нар ээлжит даваагаа авлаа.

Аки башёг Хакүхо, Какүрюү болон Ичиножёо нар таван даваатай тэргүүлж байгаа бол озэки Кисэносато, маэгашира Ёшиказэ, Точиозан, Кёкүтэнхо нарын бөхчүүд дөрвөн даваатай нэхэж явна.

Тэмцээний дөрөв дэх өдөр буюу өчигдөр ёкозүна Харүмафүжи маэгашира Ёшиказэг өвдөг шороодуулсан ч магэ үснээс нь татаж, ялагдал хүлээсэн. Тэрээр барилдах явцдаа нүдэндээ мөргүүлэн гэмтэл авснаас башёг орхиж байна. Түүнтэй өнөөдөр барилдах байсан Египетийн Оосүнаараши ялалтыг шууд авснаар гурван даваа, хоёр унаатай боллоо.

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж