Засгийн газрын ээлжит хуралдаан боллоо

Хуучирсан мэдээ: 2014.09.18-нд нийтлэгдсэн

Засгийн газрын ээлжит хуралдаан боллоо

Засгийн газрын ээлжит хуралдаан боллоо

Засгийн газрын 2014 оны 9 дүгээр сарын 18-ны өдрийн ээлжит хуралдаанаар 40 гаруй асуудал хэлэлцэн шийдвэрлэлээ.

БНХАУ-ын дарга Си Зиньпиний айлчлалын дүнг хэлэлцлээ

БНХАУ-ын дарга Си Зиньпиний 2014 оны 8 дугаар сарын 21-22-ны өдрүүдэд Монгол Улсад хийсэн төрийн айлчлалын дүнг хэлэлцээд Үндэсний аюулгүй байдлын зөвлөлд оруулахыг Гадаад харилцааны сайд Л.Болдод даалгав.

БНХАУ-ын дарга Си Зиньпиний айлчлалын гол зорилго нь хоёр талын харилцан итгэлцэл, ойлголцлыг бататгах, харилцааны найрсаг уур амьсгалыг бэхжүүлэх, Монгол Улс, БНХАУ хоорондын стратегийн түншлэлийн харилцаа тогтоох, эрх тэгш, харилцан ашигтай хамтын ажиллагааг хөгжүүлэхэд чухал түлхэц үзүүлэхэд оршиж байв.

БНХАУ-ын даргын 11 жилийн дараа Монгол Улсад хийсэн төрийн айлчлал нь хоёр улсын хооронд уламжлал болон тогтсон дээд, өндөр түвшний яриа хэлэлцээний үргэлжлэл болсон бөгөөд Монгол, Хятадын стратегийн түншлэлийн харилцааны өнөөгийн байдалд үнэлэлт дүгнэлт өгч, цаашидын хамтын ажиллагааны хэтийн төлвийг тодорхойлоход чухал ач холбогдолтой түүхэн айлчлал болсон гэж үзлээ.

Айлчлалын үеэр хоёр талын өндөр, дээд түвшний харилцан айлчлал, бүхий л салбарын харилцааг гүнзгийрүүлэн хөгжүүлэх, хамтын ажиллагааны томоохон төслүүдийн явцыг урагшлуулж бодит ажил хэрэг болгох, олон улс, бүс нутгийн хүрээн дэх харилцан сонирхсон асуудлаар санал солилцсоны зэрэгцээ Монгол Улс, БНХАУ-ын хооронд иж бүрэн стратегийн түншлэлийн харилцаа хөгжүүлэх тухай хамтарсан тунхаглал болон хоёр талын хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэхэд чиглэсэн Засгийн газар, байгууллага хоорондын 26, аж ахуйн нэгж хоорондын хамтын ажиллагааны 11 баримт бичигт гарын үсэг зурав.

Монгол Улс, БНХАУ хоорондын харилцааны түвшинг дээшлүүлж, улс төрийн харилцан итгэлцлийг гүнзгийрүүлж, хоёр талын эдийн засаг, зам тээвэр, дэд бүтэц, санхүү, хилийн боомт, соёл, хүмүүнлэг зэрэг салбарын хамтын ажиллагаанд бодит ахиц гарч өндөр, дээд түвшинд олон чухал асуудлаар тохиролцоонд хүрсэн нь энэ удаагийн айлчлалын гол үр дүн болов.

Хятадын нутгаар дамжин тээвэрлэгдэх Монгол Улсын транзит ачаанд 40 хувиас доошгүй тарифын хөнгөлөлт үзүүлэх, төмөр замын 4 боомт шинээр нээх (Гашуун сухайт-Ганц мод, Шивээ хүрэн-Сэхээ, Бичигт-Зүүн хатавч, Сүмбэр-Рашаан), далайн гарцтай боомтыг нэмэгдүүлж, Азиас Европ руу чиглэсэн дамжин өнгөрөх ачааны гуравны нэгээс доошгүйг Монголын нутгаар тээвэрлэх талаар зарчмын тохиролцоонд хүрэв.

Айлчлалын үеэр хятадын тал Монгол Улсын хөгжил цэцэглэлд зориулан ирэх 3 жилийн хугацаанд 1.3 тэрбум юанийн буцалтгүй тусламж, 1 тэрбум ам.долларын хөнгөлөлттэй зээл олгохоор шийдвэрлэснээ мэдэгдэв.

Мөн хоёр орны ард түмний харилцан ойлголцлыг бэхжүүлэх, соёл, хүмүүнлэгийн салбарын хамтын ажиллагааг идэвхжүүлэх зорилгоор Хятадын тал ирэх 5 жилийн хугацаанд тус улсын Засгийн газрын тэтгэлгийн квотыг 1000-аар нэмэгдүүлж, богино хугацааны сургалтад 1000 хүн хамруулах, цэргийн 500 албан хаагчийг сургах, хэвлэл мэдээллийн салбарын 250 ажилтан, Монгол Улсын 500 залууг Хятад улсад хүлээн авч айлчлуулах, Монголын тал ирэх 5 жилийн хугацаанд Хятад улсын 250 залууг манай улсад айлчлуулахаар тохиролцов. Эдгээр арга хэмжээ нь Монгол, Хятадын найрсаг харилцаа, хамтын ажиллагааг гүнзгийрүүлэх, ард түмний харилцан ойлголцлыг бэхжүүлэх, түүний дотор хүүхэд, залуучуудын харилцан солилцоог тогтмолжуулахад хувь нэмэр оруулах юм.

Монгол-Хятадын дипломат харилцааны түүхэнд байгуулсан гэрээнүүдийн үйлчлэлийг тодорхой болголоо

Монгол Улс, БНХАУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосон 1949 оноос хойш хоёр орны хооронд байгуулсан бүх гэрээний үйлчлэлийг цэгцлэх талаар 2008 онд Монгол Улсад айлчилсан БНХАУ-ын дэд дарга Си Зиньпины айлчлалын үеэр тохиролцсон байдаг.

1949-2012 онд хоёр орны хооронд 425 гэрээ байгуулснаас 152 гэрээ нь хүчин төгөлдөр мөрдөгдөж, 273 гэрээний үйлчлэл дуусгавар болсныг Гадаад харилцааны дэд сайд Д.Ганхуягаар ахлуулсан ажлын хэсэг тогтоожээ.

Үүнтэй холбогдуулан Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар Монгол Улс, БНХАУ-ын хооронд байгуулсан хоёр талт гэрээний үйлчлэлийн талаарх Засгийн газар хоорондын протоколыг баталлаа. Өнөөг хүртэл байгуулсан гэрээнүүдийн үйлчлэлийг тодорхой болгож, хоёр улсын стратегийн түншлэлийн харилцаанд эрх зүйн талаас хувь нэмэр оруулах энэ протоколд БНХАУ-ын дарга Си Зиньпины өнгөрөгч 8 дугаар сард Монголд хийсэн төрийн айлчлалын үеэр хоёр улсын Гадаад харилцааны сайд нар гарын үсэг зурсан юм.

ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путины ажлын айлчлалын дүнг хэлэлцэв

Оросын Холбооны Улсын Ерөнхийлөгч В.В.Путин Халх голын байлдааны ялалтын 75 жилийн ойг тохиолдуулан 2014 оны 9 дүгээр сарын 3-ны өдөр Монгол Улсад ажлын айлчлал хийсэн дүнг хэлэлцээд Үндэсний аюулгүй байдлын зөвлөлд оруулахыг Гадаад харилцааны сайд Л.Болдод даалгалаа.

Айлчлалын үеэр Монгол Улс, ОХУ-ын хоорондын харилцаа, хамтын ажиллагааг гүнзгийрүүлэн хөгжүүлэх нь манай хоёр улсын гадаад бодлогын тэргүүлэх чиглэлийн нэг болохыг дахин нотолж, цаашид Монгол, Оросын стратегийн түншлэлийн харилцааг гүнзгийрүүлэх, хоёр талын харилцааны тулгамдсан асуудлуудыг түргэвчлэн шийдвэрлүүлэхийг Засгийн газарт даалгаж хэрэгжүүлэхээр болсон нь энэ удаагийн айлчлалын гол үр дүн боллоо.

Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, В.В.Путин нар хоёр улсын цэрэг-техникийн хамтын ажиллагааны хүрээнд Монгол Улсын Зэвсэгт хүчний зэвсэглэл, техникийг шинэчлэх, цэргийн боловсон хүчин бэлтгэх зэрэг уламжлалт хамтын ажиллагаа үр бүтээлтэй өрнөж байгааг сайшааж, 2015 онд тохиох Эх орны дайны ялалтын 70 жилийн ойн үеэр Москва хотноо Улаан талбайд болох цэргийн жагсаалд Монголын зэвсэгт хүчний төлөөллийг оролцуулахаар тохиролцов.

Хоёр орны худалдааг эрчимжүүлэх, тэнцвэртэй хөгжүүлэх нөхцлийг бүрдүүлэх зорилтын хүрээнд хэд хэдэн асуудлыг дэвшүүлэн тохиролцоонд хүрлээ. Монголын хөдөө аж ахуйн бүтээгдэхүүн, үүний дотор мах, махан бүтээгдэхүүн, ноос, ноолуур, арьс шир, нэхий эдлэл, монгол гэр зэргийг ОХУ-ын зах зээлд хөнгөлөлттэй нөхцлөөр нийлүүлэх зорилгоор хэлэлцээ хийж, эрх зүйн үндсийг боловсруулахаар болов. Мөн худалдааг үндэсний мөнгөн тэмдэгтээр хийх, үүний тулд холбогдох баримт бичгийг байгуулах, Монголд рублийн хэрэгцээт нөөцийг бий болгох үүднээс 50-100 тэрбум рублийн хөнгөлөлттэй зээл авах асуудлаар хоёр улсын Сангийн сайд нар ойрын үед хэлэлцээ хийхээр боллоо.

Дэд бүтцийн чиглэлээр “Улаанбаатар төмөр зам”-ыг далайцтай шинэчлэхээр тохиролцож, үүний тулд хос төмөр зам барих, төмөр замыг цахилгаанжуулах ажлыг яаралтай эхлүүлэн, 2020 он гэхэд дуусгахаар тохиролцов. Монгол Улсын төмөр замын дамжин өнгөрүүлэх боломжийг бүрэн ашиглаж, ОХУ, БНХАУ-ын хооронд дамжин өнгөрүүлэх тээвэрлэлтийн хэмжээг дорвитой нэмэгдүүлэхэд шаардлагатай хэлэлцээрийг энэ ондоо багтаан байгуулах чиглэлээр ажиллахаар болов. ОХУ-ын Ерөнхийлөгчийн айлчлалын үеэр хамтын ажиллагааны хэд хэдэн баримт бичигт гарын үсэг зурсан. Эдгээрээс “Иргэд харилцан зорчих нөхцлийн тухай Монгол Улсын Засгийн газар, Оросын Холбооны Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээр”-т гарын үсэг зурсан нь хоёр орны ард түмний түүхэн уламжлалт найрсаг харилцааг харилцааг бэхжүүлэхэд чухал нөлөө үзүүлэх юм.

Иргэд харилцан визгүй зорчих Монгол-ОХУ-ын Засгийн газар хоорондын хэлэлцээрийг баталлаа

Монгол-ОХУ-ын иргэд харилцан зорчих нөхцөл, хууль бусаар оршин сууж буй иргэдийг буцаан шилжүүлэх тухай Засгийн газар хоорондын хэлэлцээрүүдийг баталлаа.

Хоёр орны иргэд харилцан зорчих нөхцөлийн тухай болон хууль бусаар оршин сууж байгаа иргэдийг буцаан шилжүүлэх тухай Засгийн газар хоорондын хэлэлцээр, хэлэлцээрийг хэрэгжүүлэх журмын тухай протоколыг Засгийн газрын 2014 оны 8 дугаар сарын 28-ны өдрийн хуралдаанаар хэлэлцэн дэмжээд, ОХУ-ын төрийн тэргүүний манай улсад хийсэн ажлын айлчлалын үеэр үсэг зурсан билээ.

Хэлэлцээрийн дагуу хоёр орны иргэд 30 хүртэлх хоног, ингэхдээ 180 хоногт 90 хоногоос дээшгүй хугацаагаар харилцан визгүй зорчих боломжтой. Харин хууль бусаар оршин сууж байгаа иргэдийг буцаан шилжүүлэх тухай хэлэлцээр нь нэг талын улсын хууль тогтоомжийг зөрчиж нутаг дэвсгэрт нь зорчсон нөгөө улсын иргэнийг шилжүүлэн өгөх, хүлээн авахтай холбоотой харилцааг зохицуулсан юм.

Шаардлагатай дотоодын журмаа биелүүлсэн тухайгаа талууд харилцан мэдэгдсэнээс хойш 30 хоногийн дараа хэлэлцээр тус бүр хүчин төгөлдөр болно.

Улаанбаатар төмөр замын цахилгаанжсан хос замын зураг төсөл боловсруулна

Ази-Европыг, Орос-Хятадыг холбосон хамгийн дөт зам тул бүс нутгийн сүлжээнд Монгол Улсын дамжин өнгөрөх тээврийн зам өндөр ач холбогдолтой тул Улаанбаатар төмөр замын одоо байгаа гол шугамыг далайцтай шинэчлэх, цахилгаанжсан хос замтай болгох шаардлагатай.

ОХУ-ын Ерөнхийлөгчийн саяхан Монголд хийсэн ажлын айлчлалын үеэр Улаанбаатар төмөр замын шинэчлэл, хөгжлийн стратегийн хамтын ажиллагааны тухай хэлэлцээр байгуулж, эхний ээлжинд Сүхбаатар-Сайншанд-Замын-Үүдээр жилд 100 сая тонн хүртэл ачаа нэвтрүүлэх чадамжтай цахилгаанжсан хос зам барих талаар тохиролцсон.

Өмнө нь 2006-2007 онд Улаанбаатар төмөр замын хоёр дахь шугамын техник-эдийн засгийн үндэслэл, зураг төсөл хийсэн байдаг. БНХАУ-ын Төмөр замын судалгаа, зураг төслийн I хүрээлэнгийн "Төмөр замын хоёр дахь шугам барих төсөл"-ийн боловсруулсан дээрх ТЭЗҮ-ийн талаар Зам, тээврийн сайд А.Гансүх Засгийн газрын гишүүдэд танилцуулж, энэ нь тээвэр логистикийн сүлжээний хөгжлийн өнөөгийн нөхцөл хандлагатай төдийлөн сайн нийцэхгүй байгаа тул шинэчлэх шаардлагатай гэлээ. Үүнтэй холбогдуулан УБТЗ-ын хос шугамын ТЭЗҮ-г шинэчлэх ажлыг нэн даруй эхлүүлэхээр тогтлоо.

Монгол, Турк улс батлан хамгаалах салбарт хамтран ажиллана 

2013 оны 11 дүгээр сарын 30-нд Улаанбаатар хотод, 2013 оны 12 дугаар сарын 12-ны өдөр Бүгд Найрамдах Турк улсын Анкара хотноо гарын үсэг зурсан Цэргийн салбарын санхүүгийн хамтын ажиллагааны тухай Монгол, Туркийн Засгийн газар хоорондын хэлэлцээр болон уг хэлэлцээрийн хүрээнд байгуулсан “Санхүүгийн тусламжийг хэрэгжүүлэх протокол”-ыг тус тус баталлаа.

Энэ хэлэлцээрийг баталснаар БНТУ-ын Засгийн газраас Монгол Улсын батлан хамгаалах салбарт 2 сая гаруй турк лирийн хэмжээтэй буцалтгүй тусламж авах эрх зүйн үндэс бүрдэх бөгөөд Батлан хамгаалах яам дээрх төсөвт тааруулан БНТУ-ын цэргийн үйлдвэрт үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнийг худалдан авах боломжтой болох юм.

Газрын тосны бүтээгдэхүүний нөөцийн хэмжээг шинэчлэн тогтоолоо

Газрын тосны бүтээгдэхүүний импорт, бөөний болон жижиглэнгийн худалдаа эрхэлж буй компаниудын 2015 онд бүрдүүлэх нөөцийн хэмжээ, бүтээгдэхүүний нэр төрлийг баталлаа.

Газрын тосны бүтээгдэхүүний компанийн нөөцийг ирэх онд 88900 тонн буюу 30 хоногийн хэрэглээтэй тэнцэх хэмжээнд хүргэж бүрдүүлэх ажлыг 2015 оны 3 дугаар сарын 1-ний дотор зохион байгуулахыг Уул уурхайн сайд Д.Ганхуягт даалгалаа. Түүнчлэн, шаардагдах хөрөнгийн эх үүсвэрийг судалж танилцуулахыг Шадар сайд Д.Тэрбишдагва, Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаяр, Сангийн сайд Ч.Улаан, Уул уурхайн сайд Д.Ганхуяг нарт үүрэг болголоо.

Сүүлийн хоёр жилд газрын тосны бүтээгдэхүүний нөөцийг 80480 тонноос доошгүй хэмжээнд барьж байна. Засгийн газартай байгуулсан гэрээний дагуу 13 аж ахуйн нэгж А-80 автобензин 7570 тонн, АИ-92 автобензин 21820 тонн, дизелийн түлш 46730 тонн, ТС-1 онгоцны түлш 4360 тонн нөөцтэй байх үүрэг хүлээж, шатахууны хомсдол үүсгэлгүй ажиллаж байна. Газрын тосны бүтээгдэхүүний хэрэглээнд гарсан өөрчлөлттэй уялдуулан ирэх онд компанийн бүрдүүлэх нөөцийн хэмжээг ийнхүү шинэчилж байгаа юм.

Улсын нөөц нэмж бүрдүүлэхээс гадна хадгалах агуулах нэмж барих шаардлагатай. Улсын нөөц хадгалах 90 мянган тоннын багтаамжтай агуулахыг хамгийн ашигтай байрлалууд буюу төмөр зам дагуу Улаанбаатар, Дархан, Говьсүмбэр, Замын-Үүдэд барихаар телөвлөснөөс одоогийн байдлаар 5000 метр куб багтаамжтай 9 ширхэг савны суурийн ажил, төмөр замын далангийн хөрс хуулалт, газар шорооны ажил дуусч, зам төмөр, дэр модыг татан аваад байна.

9 дүгээр сарын 19-нээс хойш гэрээ байгуулсан

бараа, ажил, үйлчилгээний санхүүжилтийг энэ онд олгохгүй

Оны эхний 8 сарын байдлаар улсын төсвийн орлого төлөвлөсөн дүнгээс 623.4 тэрбум төгрөгөөр тасраад байгаа тул яаралтай биш зарим бараа, ажил үйлчилгээний зардлыг хумихаар шийдвэрлэлээ.

Төсвийн хөрөнгөөр худалдан авахаар 9 дүгээр сарын 19-нээс хойш гэрээ байгуулсан бараа, ажил, үйлчилгээний санхүүжилтийг энэ онд олгохгүй байх, төсөвт байгууллагуудын санхүүжилтийн болон зарцуулалтын мөнгөн хөрөнгийг бууруулж олгох, шинээр өр төлбөр үүсгэхгүй байхыг Сангийн сайд, Төсвийн бүх шатны эрх захирагч нарт даалгалаа.

6 дугаар сарын 15-ны дотор хөрөнгө оруулалтын ажлын гүйцэтгэгч сонгон шалгаруулах тендерийг дүгнэж, ажлыг нь эхлүүлэхийг төсвийн ерөнхийлөн захирагч нарт Засгийн газраас даалгасан. Гэвч 9 дүгээр сарын 16-ны байдлаар 85.6 тэрбум төгрөгийн дүнтэй хөрөнгө оруулалтын 75 төсөл, арга хэмжээ, барилга байгууламжийн тендер зарлагдаагүй, гэрээ байгуулагдаагүй, ажил нь эхлээгүй байна.

Хэдий гэрээ байгуулж ажлыг нь эхлүүлсэн ч барилга угсралтын технологийн горим, стандартын шаардлагын дагуу гүйцэтгэх хугацаа хязгаарлагдмал болсон учир ийнхүү тендер зарлах, гэрээ байгуулах хугацааг тасалбар болголоо. Өнгөрсөн онд төсвийн худалдан авах ажиллагааг 8 дугаар сарын 23-ны өдрөөр дуусгавар болгож байсан юм.

Музейн сан хөмрөгийн тооллогын мөрөөр дорвитой шинэчлэл хийнэ

1994 онд батлагдсан Соёлын өвийг хамгаалах тухай хуулийн дагуу музейн сан хөмрөгийн улсын тооллогыг 4 жил тутамд явуулдаг. Хамгийн сүүлд буюу 2012-2013 онд явуулсан улс, орон нутгийн музейн сан хөмрөгийн улсын тооллогод улсын 9, байгууллагын 7, аймгийн 23, хувийн өмчлөлийн 1 музей, сүм хийд 2, нийт 42 байгууллагыг хамруулжээ. 2011 онд байгуулагдсан Хархорум, Хөшөө цайдам, Төрийн түүхийн музейгээс гадна Монголбанкны Эрдэнэсийн сан, Монголын Бурханы Шашинтны Төв Гандантэгчэнлэн хийд, Шанхын баруун хүрээ хийд, Төвхөн хийдэд хадгалагдаж байгаа түүх, соёлын дурсгалт зүйлсийг анх удаа тооллогод хамруулсан байна. Үзмэр ихтэй, бүртгэлтэй холбоотой хуримтлагдсан асуудлаас шалтгаалан Гандантэгчэнлэн хийд болон Монголын үндэсний музейд ашиглагдаж байгаа түүх, соёлын дурсгалт зүйлийн тооллого хараахан дуусаагүй байна. Одоогийн байдлаар 41 байгууллагын 80324 дэсийн 172106 ширхэг 570133 иж бүрдэл үзмэрийг тоолж улсын бүртгэлд аваад байна гэж Соёл, спорт, аялал жуулчлалын яамнаас Засгийн газрын хуралдаанд танилцууллаа.

Энэ удаагийн тооллогод анх удаа цахим бүртгэл ашиглаж, үр дүнг мэдээллийн цахим санд нэгтгэсэн байна. Ингэснээр үзмэрийн дугаарын давхардал, тооллогын гар бичмэл бүртгэлд байсан механик алдаануудыг илрүүлж залруулах, хамгийн гол үр дүн нь үзмэрийн дэс, ширхэг, иж бүрдлийн бүрэлдэхүүн хэсгийн тоо гэсэн гурван хэлбэрээр нарийвчлалтай гаргажээ. Бүртгэлийг ингэж цахим хэлбэрт шилжүүлсэн нь музейн ажилд томоохон дэвшил боллоо гэж мэргэжлийн байгууллагууд дүгнэлээ.

Музейн сан хөмрөгийн улсын тооллогын дүн, дүгнэлтэд үндэслэн энэ салбарын эрх зүйн орчныг боловсронгуй болгох, зориулалтын барилга байгууламжаар үе шаттай хангах, зарим музей, сүм хийдийг Төрийн тусгай хамгаалалтын жагсаалтад оруулах, музейн мэргэжлийн боловсон хүчнийг бэлтгэх, давтан сургах чиглэлээр Засгийн газрын тогтоол гаргаж хэрэгжүүлэхээр шийдвэрлэлээ.

Гаалийн тарифын зөвлөлийн дүрэм, бүрэлдэхүүнийг шинэчлэн баталлаа

Гаалийн тарифтай холбоотой бодлогын асуудлаар санал, дүгнэлт гаргах чиг үүрэгтэй тус зөвлөлийн дүрмийг шинэчлэхийг Засгийн газрын 2014 оны 3 дугаар сарын 21-ний хуралдаанаар Сангийн яам, Эдийн засгийн хөгжлийн яаманд даалгасан юм. Энэ дагуу дээрх яамдаас боловсруулсан төслөө Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар хэлэлцүүлэн батлууллаа.

Гаалийн тарифын зөвлөл нь гаалийн татварын хувь, хэмжээг оновчтой тогтоох санал дүгнэлт гаргах, хөнгөлөлттэй тариф хэрэглэх хэлэлцээр байгуулсан орнуудын бараа бүтээгдэхүүнд тарифын тааламжтай нөхцөл олгох, хөгжингүй орнуудаас үзүүлдэг тарифын хөнгөлөлт ашиглах хэлэлцээрийн санал боловсруулах ажлыг хариуцна.

Зөвлөл 15 гишүүнтэй, төсөв, худалдаа, гадаад харилцаа, гааль, татвар, эрчим хүч, уул уурхай, зам, тээвэр, үйлдвэр, хөдөө аж ахуйн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага, эрдэм шинжилгээ, судалгааны болон төрийн бус байгууллагын төлөөллөөс бүрдэнэ.

Хог хаягдлын менежментийг сайжруулах үндэсний хөтөлбөр баталлаа

Хэрэглээ огцом өссөнөөс үүдэн Монголд сүүлийн 4 жилийн дотор хог хаягдлын хэмжээ 3 дахин буюу жилд 500 мянган тонноор нэмэгдэн 2013 оны байдлаар улсын хэмжээнд жилд үүсч байгаа хог хаягдал 2.4 сая тонн хүрчээ. Гэтэл хот суурин газрын хог хаягдлыг уламжлалт хэлбэрээр олон мянган га талбайд дарж булдаг хэвээр байгаа юм.

Экологид халтай үйлдвэрлэл, үйлчилгээ, бараа бүтээгдэхүүний импорт, хэрэглээг багасгах, хог хаягдлыг эргүүлэн ашиглах, эрчим хүч гарган авах зэрэг замаар байгальд булж устгах хаягдлыг багасгахад чиглэсэн ажлуудыг энэ хөтөлбөрийн хүрээнд хэрэгжүүлнэ.

Хог хаягдлын менежментийг сайжруулах үндэсний хөтөлбөрт төрийн байгууллагууд, бүх шатны Засаг дарга, хувийн хэвшил, шинжилгээ судалгаа, иргэний нийгмийн байгууллагын үүрэг оролцоо, удирдлага зохион байгуулалтыг тодорхой тусгажээ. Хөтөлбөр хэрэгжсэнээр төв суурин газарт эрүүл ахуйн шаардлага хангасан төвлөрсөн хогийн цэгийн үйл ажиллагаа жигдэрч, нийт хог хаягдлын 20-оос доошгүй хувийг эргүүлэн ашиглах, нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэх замаар дахин боловсруулдаг болно.

Баруун бүсийн отрын бэлчээрийн хилийн цэсийг тогтоолоо

Ховд аймгийн Дарви сумын нутагт 105.2 мянган га газрыг Баруун бүсийн аймаг дундын отрын бэлчээрийн зориулалтаар улсын тусгай хэрэгцээнд авч, тус отрын бэлчээр нутгийг “Баян нуруу” гэж нэрлэн хилийн цэсийг тогтоолоо.

Уур амьсгалын өөрчлөлт, хүний үйл ажиллагааны хүчин зүйлийн нөлөөллөөр цөлжилт ихсэн, ган, зудын давтамж ойртож, бэлчээрийн доройтол нийт нутаг дэвсгэрийн 70 гаруй хувийг эзэлж буй өнөөгийн нөхцөлд мал сүргийг байгалийн гэнэтийн гамшгаас хамгаалах, цаг үеийн байдал хүндэрсэн үед малын тоо толгойн хорогдолгүй давах, Монгол малын генетик нөөцийг хадгалах зорилгоор тодорхой хэмжээний нутаг дэвсгэрийг улсын тусгай хэрэгцээнд авч хамгаалах шаардлагатай байдаг. Дээрх шаардлагад үндэслэн салбарын яамд, агентлаг, эрдэм шинжилгээний хүрээлэнгийн судлаачдыг оролцуулсан ажлын хэсэг Ховд аймгийн Дарви сумын 110 мянган га бэлчээрт судалгаа хийж, аймаг дундын отрын бэлчээрийг шинээр тодорхойлжээ.

Дээрх отрын бүс нутгийн бэлчээрийн ургац зундаа 1 га-д 2 центнер, өвөлдөө 1 га-д 1.36 центнер байх бөгөөд 11 дүгээр сарын 15-наас дараа жилийн 4 дүгээр сарын 15-ныг хүртэл адуу 1780, тэмээ 1000, үхэр 1700, хонь 30 000, ямаа 25 000 толгой буюу хонин толгойд шилжүүлбэл 68.1 мянган толгой мал бэлчээрлүүлэн өвөлжүүлж, хаваржуулах боломжтой.

Эрдэс баялгийн салбарын ил тод байдлын тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ

Монгол Улсын эрдэс баялгийн салбар ил тод байх эрх зүйн орчин бүрдсэнээр урт хугацаанд нийгэм, эдийн засагт дараах эерэг үр дүн гарна гэж тооцож байна.

1.    Олон улсын дэвшилтэт хандлагад нийцсэн хамтын удирдлага, хамтын хяналтын бүтэц, зохион байгуулалт бий болно.

2.    Энэ салбарын аж ахуйн нэгжүүд үргүй зардал гаргадаг, авлига, хууль бус төлбөр өгч авдаг зэрэг зохисгүй хандлагыг халах эрх зүйн зохицуулалт  болно.

3.    Эрдэс баялгийн салбар дахь төр, хувийн хэвшил, иргэний нийгмийн зохистой түншлэлийн хэлбэр бий болно.

4.    Олборлогч компаниуд, төр, олон нийтийн байгууллага хоорондын харилцаа, үйл ажиллагааны үндсэн үзүүлэлтүүд ил тод болж олон нийт хяналт тавих боломжтой болно.

5.    Олборлогч компаниудын зардал буурснаар ашигт ажиллагаа нэмэгдэж улс, орон нутгийн төсөвт төлдөг татвар, хураамж, орлого нэмэгдэнэ.

6.  Эрдэс баялгийн салбараас төрийн байгууллагад төлсөн татвар, хураамжийн зарцуулалт, хуваарилалт, ил тод болсноор баялгийн илүү зохистой удирдлагыг хэрэгжүүлэх хандлагыг бэхжүүлнэ.

Ойгоос хэрэглээний мод, түлээ  бэлтгэж ашигласны төлбөрийн хэмжээг шинэчлэн тогтоолоо

Мод, модон материалын зах зээлийн одоогийн үнэ ханшийг 2005 оныхтой харьцуулахад бүх төрлийн банз 5.6 дахин, дүнз 5.3 дахин, түлээний мод 1.7 дахин нэмэгдсэн боловч хэрэглээний мод, түлээ бэлтгэж ашигласны төлбөрийн хэмжээ 2005 оноос хойш өөрчлөгдөөгүй байна. Иймд ойгоос хэрэглээний мод, түлээ бэлтгэж ашигласны төлбөрийн хэмжээг үйлдвэрлэлийн зориулалтаар сайн чанарын мод бэлтгэж зах зээлд нийлүүлэн ашиг олох тохиолдолд харьцангуй өндөр, арчилгаа, цэвэрлэгээний огтлолт хийж, ойн чанарыг сайжруулах ажлын үед бага байхаар шинэчлэн тогтоолоо.

Ойгоос хэрэглээний мод, түлээ бэлтгэж ашигласны төлбөрийн хэмжээг  шинэчлэн тогтоосноор ойн нөөцийн экологийн болон нийгэм, эдийн засгийн ач холбогдол, үнэ цэнийг бодит байдалд ойртуулж, ой хамгаалах, нөхөн сэргээх ажлын зардалд зарцуулагддаг улсын татаасыг багасгах зэрэг олон талын ач холбогдолтой.

Товч мэдээ:

– Ирэх сарын 9-нд Улаанбаатар хотод болох Эдийн засаг, шинжлэх ухаан, техникийн хамтын ажиллагааны Монгол, Финландын Засгийн газар хоорондын комиссын XII хуралдаанд оролцох Монголын талын төлөөлөгчдийн баримтлах удирдамжийг баталлаа. Засгийн газар хоорондын хамтарсан комиссын Монголын хэсгийг Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайд С.Эрдэнэ, Финландын хэсгийг Гадаад хэргийн яамны Төрийн нарийн бичгийн даргын Гадаад эдийн засгийн харилцаа хариуцсан орлогч Матти Анттонен нар тэргүүлнэ. Сайншандын аж үйлдвэрийн цогцолборын бүтээн байгуулалтад Финланд улсаас техник, технологи, санхүүгийн дэмжлэг авах, ойн аж ахуйн салбар дахь хамтын ажиллагааг эрчимжүүлэх, цаа бугын цус сэлбэх, тоо толгойг нэмэгдүүлэх чиглэлээр хамтран ажиллахад энэ хуралдааны зорилго чиглэнэ. Мөн Монгол Улс Хойт туйлын зөвлөлд (Arctic Council) ажиглагч гишүүнээр элсэх асуудалд Финландын зүгээс дэмжлэг үзүүлэхийг хүсэх юм.

– Энэ сарын 22-23-ны өдрүүдэд Минск хотод болох Худалдаа, эдийн засаг, шинжлэх ухаан, техникийн хамтын ажиллагааны Монгол, Беларусийн Засгийн газар хоорондын комиссын II хуралдаанд оролцох Монголын талын төлөөлөгчдийн баримтлах удирдамжийг баталлаа. Засгийн газар хоорондын комиссын Монголын хэсгийг Барилга, хот байгуулалтын дэд сайд Г.Байгалмаа, Беларусийн хэсгийг Аж үйлдвэрийн дэд сайд А.С.Огородников нар тэргүүлнэ. Хуралдаанаар Бүгд Найрамдах Беларусь улсын Ерөнхий сайд М.В.Мясниковичийн 2013 оны 9 дүгээр сарын 3-5-ны өдрүүдэд Монгол Улсад хийсэн албан ёсны айлчлал, 2013 оны 8 дугаар сарын 21-ний өдөр Улаанбаатар хотноо болсон Худалдаа, эдийн засаг, шинжлэх ухаан, техникийн хамтын ажиллагааны Монгол, Беларусийн Засгийн газар хоорондын комиссын анхдугаар хуралдааны мөрөөр хэрэгжүүлсэн ажлын биелэлтийг хэлэлцэнэ. Хоёр талын хамтарсан үйлдвэр байгуулах тухай Беларусийн талаас тавьсан саналыг ажил хэрэг болгох, Беларусь улсын нутаг дэвсгэрээр дамжин өнгөрч буй монгол иргэдийн ачаа тээвэртэй холбоотой бэрхшээлийг арилгах, хоёр орны бизнесийн байгууллага, хувийн хэвшил хоорондын харилцааг өргөжүүлэхэд энэ хуралдаан чухал ач холбогдолтой.

– Монгол Улсаас Зүүн өмнөд Азийн орнуудын нийгэмлэгийн дэргэд суух Байнгын төлөөлөгчөөр Шагдарын Батцэцэгийг томиллоо. Тэрбээр Монгол Улсаас Бүгд Найрамдах Индонези улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар ажиллаж байсан юм. Энэ бүс нутгийн улс орнуудыг эгнээндээ нэгтгэсэн Зүүн өмнөд Азийн орнуудын нийгэмлэг /Association of Southeast Asian Nations/ буюу АСЕАН-ы бүсийн чуулганд манай улс 1998 онд оролцож, 2005 онд Найрамдал, хамтын ажиллагааны гэрээнд нэгдэн орсон ба цаашид АСЕАН-тай яриа хэлэлцээний түнш болох зорилт тавьж байна. АСЕАН-ы дэргэд сууж байсан Байнгын төлөөлөгч Ц.Жамбалдоржийг өнгөрөгч 4 дүгээр сард эгүүлэн татсан юм.

– “Барилгын материалын чанарт тавих лабориторийн хяналтыг өргөжүүлэх хөтөлбөр” баталлаа. Хөтөлбөр хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөө баталж, явц, үр дүнг жил бүрийн II улиралд багтаан Засгийн газарт танилцуулахыг Барилга, хот байгуулалтын сайд болон аймаг, нийслэлийн Засаг дарга нарт даалгалаа.

– Эрчим хүчний салбарын зарим үйлдвэр, компанид 2015 онд шаардлагатай байгаа эрчим хүчний алдагдлын татаасын санхүүжилтийн тооцоог хянаж, Монгол Улсын 2015 оны төсвийн тухай хуульд тусган санхүүжүүлэх арга хэмжээ авахыг Сангийн сайд Ч.Улаан, Эрчим хүчний сайд М.Сономпил нарт даалгалаа.

– Дээд боловсролын сургалтын байгууллагад суралцагчийн тэтгэлэгт 2014 онд батлагдсан зардлаас дэлхийн шилдэг 100 их сургуульд суралцахаар шалгарсан суралцагчдын сургалтын төлбөрийн зээлийн санхүүжилтэд Боловсрол, шинжлэх ухааны төсвийн ерөнхийлөн захирагчийн төсвийн багцын “Төрөөс иргэдэд олгох тэтгэмж, урамшуулал” эдийн засгийн ангиллаас “Эргэж төлөгдөх зээл”-ийн ангилал хооронд шилжүүлэхийг Сангийн сайд Ч. Улаанд зөвшөөрлөө.

– НҮБ-ын "Эмэгтэйчүүдийг ялгаварлан гадуурхах бүх хэлбэрийг устгах тухай" конвенцийн хэрэгжилтийн талаарх Засгийн газрын ээлжит 8, 9 дүгээр тайлан илтгэлийг хэлэлцээд, НҮБ-ын конвенцийн хороонд хүргүүлэхээр тогтлоо. Монгол Улсын улс төр, эдийн засаг, нийгмийн байдлын талаарх товч танилцуулга, эмэгтэйчүүдийн ялгаварлан гадуурхах аливаа үйлдлийг хориглосон хууль, тогтоомж, түүний дагуу авсан арга хэмжээнүүд, улс төр, нийгмийн амьдралд эмэгтэй, эрэгтэй хүмүүсийн тэгш оролцох боломжийг хангасан байдал, боловсролын салбар дахь жендэрийн тэгш байдлын хэрэгжилт, эмэггэйчүүд, эрэгтэйчүүдийн иргэний харилцаан дахь адил тэгш байх эрхийн хэрэгжилт зэрэг мэдээллийг илтгэлд багтаажээ гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албанаас мэдээллээ.

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж