“Хилийн боомтын тухай&#34 хуулийн хэрэгжилттэй танилцав

Хуучирсан мэдээ: 2014.09.18-нд нийтлэгдсэн

“Хилийн боомтын тухай&#34 хуулийн хэрэгжилттэй танилцав

УИХ-ын гишүүн, Хууль зүйн байнгын хорооны дарга Д.Ганбат, УИХ-ын гишүүн, Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны дарга Г.Баярсайхан, УИХ-ын гишүүн, Хууль зүйн сайд Х.Тэмүүжин, УИХ-ын гишүүн О.Баасанхүү болон УИХ-ын Хууль зүйн болон Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо, Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны ажлын албаны ажилтнууд өнөөдөр /2014.09.18/ Иргэний харьяалал шилжилт хөдөлгөөний Ерөнхий газар, Хил хамгаалах Ерөнхий газарт ажиллав.

Энэ үеэр 2014 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс хэрэгжиж эхэлсэн “Хилийн боомтын тухай" хуулийн хэрэгжилтийн байдал болон  тус байгууллагуудын үйл ажиллагаатай танилцсан юм.

Иргэний харьяалал, шилжилт хөдөлгөөний Ерөнхий газрын дарга Б.Пүрэвдорж байгууллагынхаа үйл ажиллагааны талаар мэдээлэл хийлээ. Тэрээр, Монгол Улсад 2014 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн байдлаар 116 орны 44716 гадаадын иргэн, аж ахуйн нэгжүүд холбогдох төрийн байгууллагуудын зөвшөөрлөөр хөдөлмөр эрхлэх, хөрөнгө оруулагч, суралцах, гэр бүлийн шалтгаанаар оршин сууж байна. Эдгээрийн дийлэх хувийг улирлын чанартай зам, гүүр, барилгын салбарт хөдөлмөр эрхлэхээр түр хугацаанд оршин суух зөвшөөрөл авсан иргэд эзэлж буйг танилцууллаа.

Иргэний харьяалал, шилжилт хөдөлгөөний Ерөнхий газар нь ухаалаг хууль, журам, Монгол иргэдийн эрх, эрх чөлөө зөрчигдөхөөс сэргийлэх, ухаалаг үйлчилгээ, ухаалаг төсөв,  хилийн орц гарц, боомттой болохоор ажиллаж байгааг УИХ-ын гишүүдэд дуулгалаа. Тус байгууллага үйл ажиллагаагаа явуулахдаа 86 дүрэм журам баримталдаг байсан. Энэ нь иргэдэд хүндрэлтэй, бүх асуудлыг төв рүү чиглүүлж шийдвэрлэдэг зэрэг нь чирэгдэл ихтэй байсан учраас 44 журмыг хүчингүй болгосон байна.

Хил хамгаалах Ерөнхий газрын дарга Бригадын генерал Ш.Лхачинжав, шинэчлэлийн бодлогын хүрээнд Хууль зүйн сайдын тушаалын дагуу шалган нэвтрүүлэх албаны зарим орон тоо, албан хаагчид, төсөв, мэдээллийн сүлжээ, автомашин, хяналт шалгалтын техник хэрэгсэл, тоног төхөөрөмж, тавилга, эд хөрөнгийг Иргэний харьяалал, шилжилт хөдөлгөөний Ерөнхий газарт шилжүүлж, хилийн боомтуудыг газар дээр нь хүлээлцсэн зэргийг танилцууллаа.

УИХ-ын гишүүн, Хууль зүйн байнгын хорооны дарга Д.Ганбат хэлэхдээ, Монгол Улсын Их Хурлын гишүүд хоёр агентлагийн үйл ажиллагаатай танилцлаа. Бидний энэ ажил намрын чуулганы өмнө болж байгаа нь онцлогтой. Удахгүй УИХ-ын чуулганаар “Төсвийн тухай" хууль хэлэлцэнэ. Энэ хуулинд оруулах олон санаа хэлж байна. Мөн “Хууль сахиулагчийн эрх байдлын тухай" хуулийг яаралтай батлах хэрэгтэй юм байна. Хөрөнгө мөнгөний тал дээр ч анхаарах зүйл их байгаа тухай онцлон хэлсэн юм.

Улсын Хил хамгаалалтын шуурхай удирдлагын төвийн

үйл ажиллагааг УИХ-ын гишүүдэд танилцуулав

2014 оны эхний есөн сарын байдлаар Монгол Улсын хилээр нийт 107 удаагийн хилийн дэглэмийн зөрчил гарснаас 77.5 хувь нь Монгол-Оросын хилд, 22.5 хувь нь Монгол-Хятадын хилд ногдож өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад хилийн зөрчил 12.2 хувиар, хил зөрчигчийн тоо 9.0 хувиар тус тус буурсан үзүүлэлттэй байна. Энэ үеэр Улсын Хил хамгаалалтын шуурхай удирдлагын төвийн үйл ажиллагааг УИХ-ын гишүүдэд танилцуулсан юм. хэмээн УИХ-ын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээлэв.

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж