-Азийн наадамд оролцож буй Иракийн хөлбөмбөгчид хэсэгтээ Непаль, Японы багуудыг хожиж, хэсгээ тэргүүлж байна. –
“Инчон-2014” Азийн наадмын хөлбөмбөгийн тэмцээний хэсгийн хоёр дахь тоглолтууд болж, шөвгийн 16-д өрсөлдөх багууд эхнээсээ тодорч байна.
Лхагва гаригт (09.17) болсон “А” хэсгийн хоёр дахь тоглолтод тэмцээнийг зохион байгуулагч орны баг Малайзын багийг 3-0-ийн харьцаагаар хожсон бол “С” хэсэгт Палестин, “Е” хэсэгт Индонезийн багууд хоёр дахь хожлоо авч, шөвгийн 16-д тоглох болзлоо хангаад байна.
Мөн энэ өдөр Иракийн хөлбөмбөгчид шилдэг тоглолтыг үзүүлж, Японы багийг хожсоноор хэсгээ тэргүүлж эхэллээ. “D” хэсгийн хоёр тоглолт өчигдөр болсон бөгөөд Японы шигшээ баг Иракт 1-3-ын харьцаагаар хожигдлоо. Ийнхүү энэ хэсгийг Ирак хоёр хожилтой 6 оноогоор тэргүүлж байгаа бол Кувейт, Япон улсын шигшээ багууд удаалж байна.
Өнөөдөр буюу есдүгээр сарын 18-нд “В”, “Е”, “F”, “G” хэсгийн хоёр дахь тоглолтууд болно. Хөлбөмбөгийн тэмцээний хуваарийн дагуу маргааш буюу Азийн наадмын нээлтийн өдөр тоглолтгүй бөгөөд ирэх ням гаригт (09.21) хэсгийн сүүлийн тоглолтууд болж, шөвгийн 16-д өрсөлдөх багууд бүрэн тодрох юм.
Эрэгтэй 29 баг өрсөлдөж байгаагаас "А", "С", "D" хэсгийн багууд хоёр тоглолтоо хийгээд байна. Харин "В", "E", "F", "G", "H" хэсгийн хоёр дахь тоглолт өнөөдөр болж байна.