УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны гишүүд өнөөдөр Иргэний харьяалал, шилжилт хөдөлгөөний ерөнхий газрын үйл ажиллагаатай танилцлаа.
Энэ үеэр Иргэний харьяалал, шилжилт хөдөлгөөний ерөнхий газрын дарга Б.Пүрэвдорж байнгын хорооны гишүүдэд хууль эрх зүйн шинэчлэл болон орчин үеийн техник технологийн шийдлийг ашиглан иргэдэд хүргэх үйлчилгээг хэрхэн хялбаршуулж байгаа талаар мэдээлэл өглөө.
Тус байгууллага нь Иргэний харьяалал, шилжилт хөдөлгөөний бүртгэл, хяналтын мэдээллийн нэгдсэн систем байгуулах, иргэдэд шуурхай үйлчлэх зорилгоор БНСУ-ын олон улсын хамтын ажиллагааны “Койка” байгууллагын буцалтгүй тусламжаар “Э-иммигрэйшн” төслийг 2016 он гэхэд бүрэн хэрэгжүүлж дуусахаар ажиллаж байгаа аж.
Төслийн хүрээнд Буянт-Ухаа боомт дахь Чингис хаан олон улсын нисэх буудлаар ирэх аравдугаар сараас монгол зорчигчдыг Шалгагчгүй шалган нэвтрүүлэх цахим гарцаар хил нэвтрүүлж эхлэх гэнэ. Дэлхийн жишигт нийцсэн энэхүү үйлчилгээг нэвтрүүлснээр хуурамч баримт бичгийн зөрчил буурахаас гадна зорчигчдыг шалган нэвтрүүлэх хурд нэмэгдэх юм.
Энэхүү гарцаар үйлчлүүлэх иргэн эхний ээлжинд өөрийн хурууны хээний /биометрик өгөгдөхүүн/ болон бусад мэдээллээ урьдчилж бүртгүүлснээр уг гарцаар хил нэвтрэх эрхтэй болох ажээ.
Г.НАРАН