УИХ дахь Ардчилсан намын бүлгийн дарга Д.Эрдэнэбатын орон нутаг дахь ажлын томилолт үргэлжилж байна. Дорноговь аймгийн Замын-Үүд сум нь БНХАУ-ын Эрээн хоттой хиллэдэг учраас Монгол Улсын эдийн засгийн гол тулгуур төв болж хөгжиж буй ч Чөлөөт бүс байгуулах асуудлыг эрх зүйн хүрээнд яаралтай шийдвэрлэхгүй бол хөрөнгө оруулах асуудал хүлээгдсээр байна гэдгийг бизнес эрхлэгчид тодотголоо. Мөн уг хууль нь олон салаа утгагүй, ойлгомжтой тодорхой байх ёстой гэдгийг онцолж байна. Нөгөө талдаа урд хөрш рүү өдөрт 2-3 удаа гарах болоход тэр бүрт 7 төрлийн бичиг баримт бүрдүүлж хил гаалиар нэвтрэх эрх үүсдэг нь хүнд суртлыг бий болгож байна, мөн чөлөөт бүс дэх газрыг дуудлага худалдаагаар ашиглуулах юм уу, яг ямар хэлбэрээр ашиглуулах вэ гэдгийг тодорхой болгох шаардлагатай гэсэн саналуудыг хэлсэн юм.
УИХ дахь Ардчилсан намын бүлгийн дарга Д.Эрдэнэбат Эдийн засгийн чөлөөт бүс байгуулах тухай хуулийн төслийг санаачлан боловсруулсан байна. Уг хуулийн төсөлд тусгаснаар тухайн чөлөөт бүсэд үндэсний аюулгүй байдалд нөлөөлөхгүй л бол ямар ч худалдааг хүлээн зөвшөөрнө. Мөн гурван сая хүртэлх төгрөгтэй тэнцэхүйц барааг татвараас чөлөөлнө, чөлөөт бүсэд үйлдвэрлэж буй бараанд НӨАТ ногдуулахгүй, хувийн хэвшлийнхэн хөрөнгө оруулах боломж нээлттэй зэрэг өнөөдөр хүчин төгөлдөр үйлчилж байгаа Чөлөөт бүсийн хуультай харьцуулахад илүү уян хатан зохицуулалтыг тусгаж өгчээ. Өнгөрсөн хугацаанд чөлөөт бүс байгуулах ажил урагштай яваагүй нь, зөвхөн төсвийн хөрөнгө оруулалтыг харж суухаас аргагүй хатуу нөхцөлтэйгээр хуулийг баталсантай холбоотой аж.
Уг нь хууль 10 гаруй жилийн өмнө батлагдсан байдаг. Ингэснээр Алтанбулагийн чөлөөт бүс байгуулах тухай, Замын-Үүдийн чөлөөт бүс байгуулах ажлууд эхэлсэн ч амжилт дагуулаагүй. Харин өнгөрсөн хавраас Алтанбулагийн чөлөөт бүс байгуулах ажилд төр онцгой анхаарснаар ямарч байсан туршилтаар зарим ажлууд эхэлсэн. Тэгвэл Замын-Үүдэд чөлөөт бүс байгуулах асуудал өнөөдөр түүхийгээрээ байна. Нийт 900 га газрыг хамруулан чөлөөт бүс байгуулах шийдвэр гарсан атал хашаа ч баригдаагүй. Харин бизнес эрхлэгчид 2004 оноос эхлэн Замын-Үүдэд чөлөөт бүс байгуулагдахыг харж суусаар өдийг хүргэжээ. Харин одоо цаг алдалгүй асуудлыг шийдвэрлэхийг хүсч байна.
УИХ дахь Ардчилсан намын бүлгийн дарга мөн өдөр Замын-Үүд дэх хилийн боомтын үйл ажиллагаатай танилцлаа. УИХ-аас өнгөрсөн өвөл Хилийн боомтын тухай хуулийн төслийг баталсан юм. Уг хууль газар дээрээ хэрхэн хэрэгжиж байна вэ гэдгийг мөн давхар шалгалаа. УИХ-аас баталсан дээрх хуулийн хүрээнд Боомтын захиргаа байгуулагдсан юм. Уг захиргаа дөрөө олсон байна.
Г.НАРАН