Шинэ санаа, залуусын оролцоо уриа бүхий “Улс төрд шинэ манлайлагч” төслийн эхний шатанд 1700 гаруй оролцогч бүртгүүлж, эсээ бичлэгээ ирүүлснээс дараагийн шатанд 400 гаруй оролцогч шалгарчээ. II шатны шалгаруулалт 9 дүгээр сарын 19, 20, 21-ний өдрүүдэд улс орон даяар нэгдсэн журмаар зохион байгуулагдах юм байна. Үйл ажиллагаатай холбогдуулан төслийн ажлын албаны дарга М.Эвийн-Энхээс дараах тодруулгыг авлаа.
-“Улс төрд шинэ манлайлагч” төслийн ii шатанд хэдэн оролцогч орох эрхтэй болов?
-Төслийн эхний шатанд Монгол орны дөрвөн зүг найман зовхис, хилийн чанадад ажиллаж амьдарч буй Монгол улсын иргэн 1700 гаруй оролцогч бүртгүүлсэн юм. Ингээд удирдамжийн дагуу мэргэжлийн экспертүүдээс бүрдсэн баг эсээ бүрийг шүүн тунгааж дараагийн шатанд 443 оролцогч орох эрхийг авсан.
-443 оролцогч хаана, хэзээ шалгуулахаа хэрхэн мэдэх вэ?
-Бид шалгарсан оролцогчидтойгоо утсаар холбогдож мэдээлэл өгөхөөс гадна хэвлэл, мэдээллийн хэрэгслээр мэдээллийг тасралтгүй өгч байна. Тэгэхээр оролцогчид маань тодорхой мэдээлэлтэй болсон болов уу. II шатны шалгаруулалтыг Ховд аймаг, Орхон аймаг, Улаанбаатар хотын таван дүүрэгт зохион байгуулна. Өөрөөр хэлбэл, хаанаас хэдэн оролцогч тэнцсэнээс шалтгаалан байршлаа сонгосон. Ховд аймагт л гэхэд энэ сарын 19, 20-ны өдрүүдэд Ховд, Увс, Баян-Өлгий, Говь-Алтай, Завхан аймгаас тэнцсэн оролцогчид ирж шалгаруулалтандаа оролцоно. Харин Орхон аймагт энэ сарын 20, 21-ний өдрүүдэд Орхон, Сэлэнгэ, Булган, Хөвсгөл, Дархан-Уул аймгаас тэнцсэн оролцогчид ирж, шалгаруулалтандаа оролцоно. Бусад аймгаас тэнцсэн оролцогчдыг нийслэлийн Хан-Уул, Сонгинохайрхан, Баянгол, Баянзүрх, Сүхбаатар дүүрэгт хуваарилаад байна.Энэ тухай дэлгэрэнгүй мэдээллийг www.manlailagch.mn албан ёсны сайтаас авч болно.
-Шүүлт хэрхэн явагдах вэ?
-Шалгаруулалтын хэсэг бүрт гурван шүүгч ажиллана. Шүүгчдийн хувьд нийгмийн салбар бүрийн түүчээ болсон олны танил хүмүүс, төслийн онцлог, зорилго, ач холбогдолд нийцсэн мэргэжилтнүүд бидний урилгаар ажиллана. Оролцогчид төслийн гэрийн даалгавраа танилцуулж шүүгчид маань шалгууруудын дагуу үнэлгээгээ өгнө. Манай оролцогчид тэнцсэн, тэнцээгүйгээ шууд мэдэх боломжтой юу гэж асууж байна. Энэ тухайд бол бүх шүүгчдийнхээ үнэлгээний дүнг нэгтгэсний дараа онооныхоо дарааллаар шилдэг 90 оролцогч тодрох юм. Үүний дараа III шатанд оролцох эрхтэй оролцогчдын нэрийгзарлана.
-II шатны шалгаруулалтанд оролцох залуус юу анхаарах вэ?
-II шатны шалгаруулалтанд оролцогчид маань нэлээд нухацтай хандаж, бэлтгэл сайтай байх хэрэгтэй. Учир нь оролцогчид маань эхний шатанд бичсэн “Надад шийдэл байна” эсээгээ богино хугацаанд танилцуулна, шүүгчдийн асуултад хариулна. Өөрөөр хэлбэл өөрийгөө илэрхийлэх ур чадвараа харуулж, эсээндээ тусгасан санаагаа хэрэгжүүлэх шийдлийг тодорхой танилцуулах юм. Мөн анхаарах нэг зүйл бол өөрийн хуваарлигдсан хэсэгтээ цахим үнэмлэх, нэг хувь цээж зураг, гэрийн даалгавраа гурван хувь хэвлэн авч ирээрэй. 9 дүгээр сарын 19-ний Баасан гарагт 09.00 цагаас Ховд аймагт, 20-ны Бямба гарагт 09.00 цагаас Орхон аймаг, нийслэлийн 5 дүүргийн Иргэний танхимд 09.00 цагаас тус тус техникийн зөвлөгөөнтэй тул оролцогчид цагаа баримталж, хэрхэн шалгаруулалтад оролцох талаар мэдээллээ аваарай. Оролцогч залуустаа амжилт хүсье.
-Баярлалаа.