Энэ оны эхээр Монгол Улсын Ерөнхийлөгчөөс Баялгийн сан буюу ирээдүй өв сангийн тухай хуулийн төслийг санаачилан боловсруулсан юм. Уг хуулийн төслийг өнгөрсөн долоо хоногт Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэн дэмжиж, зарим саналыг ирүүлжээ. Мөн дээрх хуулийн төслийг удахгүй УИХ-д өргөн мэдүүлэх болсонтой холбоотойгоор Ерөнхийлөгчийн дэргэдэх Иргэний танхимд өнөөдөр хэлэлцүүлэг зохион байгууллаа. Хуулийн төсөл нь долоон бүлэг 37 зүйлтэй, зорилго нь, байгалийн баялгаас олж буй орлогыг одоо хэрэглээд дуусах биш сан үүсгэн хуримтлуулж, санхүүгийн эх үүсвэр болгон хойч үедээ тэгш хүртээхэд чиглэж байна.
Иймд Баялгийн сан буюу ирээдүй өв сангийн тухай хууль хэрэгжсэнээр бий болох үр дүнгийн талаар болон бусад асуудлаар Монгол Улсын Ерөнхийлөгчийн эдийн засгийн бодлогын зөвлөх Л.Дашдоржоос дараах тодруулгыг хийлээ.
-Хуулийн төслийн үндсэн концепцийнх нь талаар тайлбарлахгүй юу. Мөн Баялгийн санг байгуулснаар ямар эерэг үр дүн гарна гэж хүлээж байна вэ?
-Гол санаа нь уул уурхайн баялгаас төсөвт орж ирж байгаа орлогын зарим хэсгийг тусгайлан хуримтлал болгож хадгалан сан үүсгээд Монголбанкинд байршуулж, түүгээр валют худалдан авч гадагш хөрөнгө оруурлах, байршуулах байдлаар арвижуулах бодлого юм. Монгол Улсад эрдэс баялгаас бий болсон орлогыг ирээдүй хойч үеийнхэндээ үлдээх, урт хугацаанд баялгийг хуримтлуулах, арвижуулах бодлого, тогтолцоо үгүйлэгдэж ирсэн. Тэрхүү тогтолцоо нь хууль батлагдсанаар бүрдэх юм.
Мөн Баялгийн сангийн тогтолцоо бүрдсэнээр 2015 оны нэгдүгээр сарын 1-нээс эхэлж хуримтлалын сангийн хуулийн тогтолцоо үйлчлээд эхэлнэ. Эх үүсвэр нь 2018 оны нэгдүгээр сарын 1-нээс эхэлж орж ирнэ. Түүнд Хүний хөгжил сангийн эх үүсвэрүүдийг төвлөрүүлнэ, уул уурхайн салбараас нэмэлт орлого олбол түүний тодорхой хэсгийг Баялгийн санд төвлөрүүлж явах зохицуулалттайгаар төслийг боловсруулсан.
Үр дүнгийн тухайд, өнөөдөр манай макро эдийн засаг ямар байдалтай байна вэ гэхээр мөнгөний хэт тэлсэн бодлого хэрэгжиж байна. Төсвийн орлого өсөх хэрээр зарлага дагаж нэмэгдэж байгаа. Мөнгөний тэлсэн бодлого, төсвийн зарлага өсөх нь импортын эрэлт хэрэгцээг эрс нэмэгдүүлдэг. Түүнийг дагаад валютын ханшид нөлөөлдөг. Тэгэхээр хууль батлагдаад, хэрэгжээд эхлэхээр тухайн жилдээ бид 500 гаад тэрбум төгрөгийг баялгийн сандаа төвлөрүүллээ хэмээн тооцоход, төсвийн зарлагыг тэр хэмжээгээр хэмнэх бололцоо бүрдэнэ. Мөн тэр хэмжээгээр эдийн засагт нийлүүлэгдсэн мөнгийг татаж Монголбанкинд байршуулах бололцоо бүрдэнэ. Үүнийгээ буцаагаад валютаар хадгалаад аривжуулахаар Монгол Улсын валютын цэвэр нөөц нэмэгдэх эерэг нөлөө үзүүлэх шинэ тогтолцоо бүрдэх юм.
-Иргэдэд ямар байдлаар нөлөөгөө үзүүлэх бол. Хүний хөгжил сангаас одоо хүүхэд бүрт сард 21 мянган төгрөг олгодог?
-Бодлогогүй зарцуулсан мөнгө, хөрөнгө болгон, бодлоготой зарцуулсан санхүү, хөрөнгө оруулалтыг үнэгүйдүүлээд байгаа. Энэ тогтолцоог халах ёстой. Эдийн засгийн тогтвортой, тэнцвэртэй бодлогыг зайлшгүй хэрэгжүүлэх шаардлагатай гэж бид үздэг. Энэ агуулгаараа Баялгийн сан, инфляци өсөх аюулаас ард иргэдээ хамгаална. Байгалийн баялаг нөхөн сэргээгддэггүй, байгалийн баялаг зөвхөн өнөөдрийн энэ үеийнхний хүртэх баялаг биш, хойч үедээ залгамжлуулж үлдээх ёстой. Энэ өвлүүлж үлдээж байгаа орлого маань зарцуулах эрхтэйгээ хамт хойч үедээ шилжүүлж байгаа юм. Засгийн газраас хуулийн төсөлд өгсөн саналын дагуу Баялгийн сан руу орсон хөрөнгийг 2030 он хүртэл ямар нэг хэлбэрээр төсвийн зарцуулалтаар ашиглахгүй, хуримтлуулж баяжуулж явна. Тэгэхээр 2030 оноос хойш баялгийн сангийн өөрийнх нь цэвэр орлого, өгөөжийн 20 хүртэл хувийг төсөвт шилжүүлээд яаж зарцуулах вэ гэдгийг тухайн үед нь шийдээд явахаар хуулийн төслийг боловсруулсан.
-Баялгийн санг байгуулж, амжилтад хүрсэн орон хэр олон бэ?
-Баялгийн сан байгуулсан орон болгон амжилтад хүрсэн. Хамгийн наад захын жишээ Норвеги, Чили улсын жишээ байна. Хөрш зэргэлдээ орнууд болох Орос, БНХАУ, Солонгос Баялгийн санг байгуулаад явж байна. Баялгийн сан нь хөрөнгө мөнгө хуримтлуулаад зогсохгүй макро эдийн засгийн ухаалаг тогтолцоог бий болгож байгаа хэлбэр. Энэ агуулгаараа олон улсын нийтлэг сайн засаглалын жишгийг Монголд нэвтрүүлэх анхны арга хэмжээг авч хэрэгжүүлж байна гэж ойлгож болно.
-Хүний хөгжил сангийн орлогыг Баялгийн санд төвлөрүүлнэ гэж байгаа. Хүний хөгжил сан үүргээ гүйцэтгэсэн гэж үзээд ирээдүй рүү илүү анхаарлаа гэж ойлгож болох уу?
-Хүний хөгжил санг байгуулаад иргэдэд бэлнээр их хэмжээний мөнгө тараасан, тухайн үедээ зорилгоо биелүүлсэн. Дараагийн илүү сайн тогтолцоог сонгон хэрэгжүүлэх шаардлага гарч байгаа.
Яагаад гэвэл, 2009 оны нэгдүгээр сарын 1-нд Монгол Улсын эдийн засагт эргэлдэж байсан мөнгө 1.7 их наяд төгрөг байсан бол энэ оны долдугаар сарын 1-ний байдлаар 8.3 их наяд төгрөг болж, таван жилийн дотор тав дахин өссөн. Макро эдийн засгийн агуулгаараа эдийн засагт нийлүүлсэн мөнгөний хэмжээ эдийн засгийн өсөлттэйгээ ойролцоо хурдаар явах ёстой. Гэтэл эдийн засгийн өсөлт таван жилийн хугацаанд тав дахин өсч чадаагүй. Мөнгөний нийлүүлэлт байна, 2012 онд улсын төсвийн орлого 2011 оныхоос хоёр дахин өндөр байсан. Тэгсэн атал орсон орлого бүгд зарлага болж хувирсан. Мөнгөний хэт тэлсэн бодлого, төсөвт орсон орлого бүрийг зарцуулаад явдаг өнөөгийн тогтолцоо маань эргээд валютын ханшийг ямар байдалтай болгож өсгөв. Энэ оны эхэнд ам.доллар 1200 орчим төгрөгтэй тэнцэж байсан бол одоо 1800 давчихлаа. Төсвийн хэт зарлага, мөнгөний хэт нийлүүлэлт эрэлт хэрэгцээг өөгшүүлж, импортыг өдөөгөөд байна. Импорт өдөөхөөр ханшны дарамт нэмэгддэг. Ханшны дарамтыг эдийн засаг өөрөө даахгүй болж байна. Энэ тогтолцоо маань тогтмол цалинтай, халамжаар амьдардаг иргэд, тэтгэврийн ахмадуудад маш хүндээр тусч байгаа.
Өөрөөр хэлбэл, хэрэгцээгүйгээр их хэмжээгээр зарцуулж байгаа хөрөнгө цаад талдаа бодлогын хүрээнд зарцуулж байгаа хөрөнгийг эрсдэлд оруулж үнэгүйдүүлж байна. Эдийн засгийн тогтворгүй байдал нь гадаадын хөрөнгө оруулалт дайжих шалтгаан болж байгаагийн зэрэцгээ нэгэнт хийгдсэн хөрөнгө оруулалтыг эрсдэлд оруулж үнэгүйдүүлэх чиг хандлагад оруулж байгаа. Бизнес эрхлэгчид валютын ханшийн өсөлт бизнест маш их нөлөөлж байна гэж ярих болсон. Тэгэхээр Баялгийн сан байгуулагдсанаар энэ бүгдэд хариу өгөх ухаалаг тогтолцоо хуулийн хүрээнд бий болно гэж ойлгож болох юм.
-Баялгийн сангийн хууль батлагдахаар санд 2030 он хүртэл хэдий хэмжээний хөрөнгө төвлөрөх вэ. Тооцоо судалгаа байна уу?
-Сангийн яамныхан сая илтгэл тавьсан, тэдний тооцоогоор 2030 он гэхэд Баялгийн санд 46 орчим их наяд төгрөг хуримтлагдана. Түүнээс 24 их наяд нь уул уурхайн салбараас төсөвт орж байгаа орлогоос тусгаарлаж авсан хэсэг, үлдсэн 21 их наяд орчим нь, энэ санг эргэлдүүлж хуримтлуулсны үр дүнд бий болох ашиг. Энэ бол оруулсан хөрөнгөө 2030 он гэхэд хоёр дахин өсгөх бололцоотойг харуулж байгаа юм.
Г.ДАРЬ