Д.Нацагдоржийн Түүхийн шүлэг

Хуучирсан мэдээ: 2014.09.17-нд нийтлэгдсэн

Д.Нацагдоржийн Түүхийн шүлэг

Их зохиолч Д.Нацагдоржийн "Монголын түүх" өгүүллийн төгсгөлийн шүлгийг хүргэж байна.

“ТҮҮХИЙН ШҮЛЭГ”

Манай Монгол улс маш эртний улс аа,
Монголын яруу түүх, магад их гэрэлтэй,
Гэгээн наран мандсаар, хангай говийг гийгүүлсэн,
Хэдэн мянган жилээс, бид энд оршсоор,

Хэдийнээ балар цаг, таван мянган жилийн өмнө,
Хойд газар оршиж, хол ойрыг хувьсгасан
Хүннүгийн үе хүрээд, хүчирхэг улсыг мандуулсан
Хянган уулын тэндээс, Тэнгэр уулыг тулсан,

Энэхүү Хүннүгийн улс, хоёр мянган жилийн тэртээ,
Өмнө нанхиадыг сүрдүүлж, урт хэрэмийг цогцлуулсан
Ромын улсыг хүрч, Европ дахиныг сандруулсан,
Өөрийн дурсгалт зүйлээ, Монгол орондоо хоцоргосон,

Сяньби, Тобагийн монгол, шаштир түүхийг залгамжилсан
Түрэг, Уйгуртай нийлж, төрөлх орноо сахисан
Харь хязгаар газарт, Хитан улсыг байгуулсан,
Гадаадын дайсан алинд, хэзээд эрэлхэг явсан,

Хаан Чингисийн үед, хамаг улсын тэргүүнд,
Хөх Монголын үрс, хуяг дуулгаа засацгаасан
Хоромсог саадгаа агсаж, хүлэг морио ташуурдсан,
Холхи ойрхыг нэгтгэж, хүний түүхэнд манлайлсан

Мянган голыг гаталсан морин туурайн гавьяа,
Найман зүгт мандсан эцэг өвгийн гавьяа,
Нармай төрийг байгуулсан, дэлхий дахинд гавьяа
Манай өнгөрүүлсөн түүх хүн төрөлхтөнд гавьяа

Монгол хэмээх нэгэн нэр, ертөнцийн чихнээ дуурсгалтай,
Монголын тул хэмээх сэтгэл, манай зүрхэнд холбоотой
Өсөхөөс сурсан үндсэн хэл, орхиж болшгүй соёл мөн.
Үхтлээ орших төрөлх нутаг, салж болшгүй орон мөн өө,

Хангай дэлхий хэвээрээ атал, хүний явдал их хувирсан,
Хойших мөрийг харж, урагшлах замыг давшилтай,
Харийн хөнөөл хэтрэхэд, үндэсний хувьсгал гарсан шүү
Түмэн оны энхийг ийнхүү тэмцэн бүтээнэ.

1936 он

Дашрамд дурдахад, Д.Нацагдоржийн музей МЗЭ-ийн байрны III давхарт байрлаж байгаа бөгөөд Даваа, Лхагва, Баасанд 11.00-15.00 цагт ажиллаж байна. Эл музейд 20 гаруй жил ажилласан Жавзандолгор гуай эрхлэн хариуцаж буй.

Билгийн тооллын 17-р жарны "Ялгуусан" хэмээх Хөх модон морин жилийн морь сарын шинийн аравнаа морь цагт Монголын зохиолчдын эвлэл их зохиолч Д.Нацагдоржийн музейг дахин сэргээжээ.

Ч.БОРГИЛ

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж