Уламжлалт “Номын баяр” болно

Хуучирсан мэдээ: 2014.09.17-нд нийтлэгдсэн

Уламжлалт “Номын баяр” болно

Соёл, спорт аялал жуулчлалын яам, “Номын соёлт ертөнц” төрийн бус байгууллагаас зохион байгуулж буй “Номын баяр” ирэх бямба гаригт буюу есдүгээр сарын 20-ны өдөр Чингисийн талбай дээр болно.

Уламжлал ёсоороо 16 дахь баярын хүндэт зочид нь ахмад зохиолчид байх бөгөөд хүндэтгэлийн улаан хивсний ёслол болох аж. Мөн харааны бэрхшээлтэй иргэдийн номын сангийн эрх зүйн орчин, номын сангийн шинэлэг үйлчилгээ, номын зах зээл сэдвээр илтгэл тавигдана.

“Номын баяр” өдрөөр тэргүүний уншигч хүүхдүүдэд шагнал гардуулах, үнэт ховор номын үзэсгэлэн, хамгийн их уншлагад гарсан, уншлагад гараагүй номын үзэсгэлэн, Ардын уран зохиолчдын бүтээлийн үзэсгэлэн, хамгийн их уншигддаг уран зохиолын номын рейтингийг тогтоох юм. Мөн номын сангийн шинэлэг үйлчилгээг танилцуулах, ахмад зохиолчид хүндэтгэлийн дэвтэрт дурсгалын үг бичих, зураг авахуулах, номын хандив, зохиолчдын гарын үсэгтэй худалдаа, шинэ номын нээлт, зохиолчидтой хийх уулзалт зэрэг ном тойрсон олон олон үйл явдал болно.

Уламжлал ёсоороо ахмад зохиолчид өрсдийн ном бүтээлээ сурталчлан оролцож, гарын үсэгтэй худалдаалах юм. Мөн ном эрхлэн гаргагч байгууллагууд номоо 5-50% хямдруулан худалдаална. Зохион байгуулагчдын зүгээс төрийн болон бизнесийн байгууллагуудад хандан номын салбарын хөгжилд хувь нэмрээ оруулж, ном худалдан авч, тархи оюунаа цэнэглэн оюундаа хөрөнгө оруулахыг уриалж байгааг дуулгалаа.

“Номын баяр” ирэх амралтын өдөр буюу есдүгээр сарын 20-ны 11.00-19.00 цагийн хооронд болно. Нээлтийн ажиллагаа 11.10 цагт болох бөгөөд түүний дараа улаан хивсний ёслол болох аж.

Ч.БОРГИЛ

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж