Айлчлал зам, тээврийн салбарт юу үлдээв

Хуучирсан мэдээ: 2014.09.17-нд нийтлэгдсэн

Айлчлал зам, тээврийн салбарт юу үлдээв

Хоёр хөршийн тэргүүний айлчлал зам, тээврийн салбарт юу үлдээв

 

БНХАУ-ын дарга Си Жиньпин, ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин нар хэдхэн хоногийн зайтай Монгол Улсад албан ёсны, ажлын айлчлал хийгээд буцлаа. Энэхүү айлчлалын үеэр Монгол Улсын Засгийн газар БНХАУ-тай 26 гэрээ хэлэлцээр, протокол, санамж бичиг байгуулсан бол ОХУ-тай 14 баримт бичиг, хэлэлцээр, санамж бичиг байгуулсан юм. Эдгээр гэрээ хэлцлүүдээс Зам, тээврийн яам БНХАУ-ын талтай 4, ОХУ-ын талтай 3 чухал хэлэлцээрт гарын үсэг зурж, санамж бичиг, протокол байгууллаа. Энэхүү гэрээ хэлцлүүд нь Монгол Улсын нийгэм, эдийн засагт чухал ач холбогдол бүхий стратегийн баримт бичгүүд юм.

Монгол Улс, БНХАУ хооронд зам, тээврийн салбарын харилцаа, хамтын ажиллагааны асуудлаар байгуулсан баримт бичиг

•    Монгол Улс Хятад улсын нутаг дэвсгэрээр далайд гарах болон буцах, дамжин өнгөрөх тээвэр хийх тухай Засгийн газар хоорондын хэлэлцээр
•    Төмөр замын дамжин өнгөрөх тээврийн хамтын ажиллагааны тухай Засгийн газар хоорондын хэлэлцээр
•    Төмөр замын хамтын ажиллагааг хөгжүүлэх тухай Засгийн газар хоорондын харилцан ойлголцлын санамж бичиг
•    Монгол-Хятадын хилийн төмөр замын хэлэлцээрийг шинэчлэн байгуулах тухай Монгол Улсын Зам, тээврийн яам, БНХАУ-ын Улсын Төмөр замын газар хоорондын харилцан ойлголцлын санамж бичиг

ҮР ДҮН:

БНХАУ:

Монгол Улс Хятад улсын нутаг дэвсгэрээр далайд гарах болон буцах, дамжин өнгөрөх тээвэр хийх тухай Засгийн газар хоорондын хэлэлцээрт Зам, тээврийн сайд А.Гансүх, БНХАУ-ын Гадаад хэргийн сайд Ван И нар гарын үсэг зурав.

Хэлэлцээрийн үр дүнд:
–    Монгол Улсын ашиглах нэр заасан далайн боомтыг тоог нэмэгдүүлж Хойд Хятадын бүс нутаг болон Зүүн Хойд Хятадын бүс нутгийн гадаад худалдаанд нээлттэй Дандонг, Далиен, Жиньжоу, Ингкоу, Цинь Хуангдао, Хуанг Хуа, Тяньжин зэрэг нийт 7 боомтыг ашиглахаар болов. Өмнө нь Монгол Улс зөвхөн Тяньжин хотын олон улсын Синьган боомтыг ашиглах гэрээтэй байв.
–    Далайн боомтод хүрсэн Монгол Улсын ачааг гуравдагч улсын хөлөг онгоцоор тээвэрлэх боломжийг бүрэн нээсэн.Өмнө нь зөвхөн Монгол Улс, БНХАУ-ын төрийн далбааг мандуулсан хөлөг онгоцоор тээвэрлэх гэрээтэй байсан. Гааль, НӨАТ-ын татвар төлөхгүй

Төмөр замын дамжин өнгөрөх тээврийн хамтын ажиллагааны тухай Засгийн газар хоорондын хэлэлцээрт Зам, тээврийн сайд А.Гансүх, БНХАУ-ын Тээврийн орлогч сайд бөгөөд Улсын төмөр замын агентлагийн дарга Лу Дунфу нар гарын үсэг зурав.

Хэлэлцээрийн үр дүнд:
–    Монгол Улсын бараа бүтээгдэхүүнийг БНХАУ-ын нутаг дэвсгэрээр төмөр замаар дамжуулан тээвэрлэх чиглэл, тоо хэмжээ, тарифын хөнгөлөлт, татвар хураамжийн нөхцөлүүд, тэдгээрийн үйлчлэх хугацаа зэргийг Монгол Улсад маш ашигтай байдлаар тохиролцсон. Монгол Улсын бараа бүтээгдэхүүн БНХАУ-ын нутаг дэвсгэрээр дамжин нэр дурьдсан далайн долоон боомтоор дамжин бусад улсад экспортлоход өрсөлдөх чадвартай байхуйц худалдааны нөхцөл, эрх зүйн орчин бүрдсэн.

Төмөр замын хамтын ажиллагааг хөгжүүлэх тухай Засгийн газар хоорондын харилцан ойлголцлын санамж бичигт Монгол Улсын Зам, тээврийн сайд А.Гансүх, БНХАУ-ын Тээврийн орлогч сайд бөгөөд Улсын төмөр замын агентлагийн дарга Лу Дунфу нар гарын үсэг зурав.

Санамж бичиг байгуулсны үр дүнд:
–     Хоёр улсын хооронд хилийн төмөр замын шинэ боомтууд байгуулахаар тохиролцов,
–    Ази-Европын хооронд хоёр улсын нутаг дэвсгэрээр дамжин өнгөрөх төмөр замын тээврийг идэвхтэй хөгжүүлж, дамжин өнгөрөх тээврийн хэмжээг үлэмж нэмэгдүүлэхэд хамтран ажиллахаар тохиролцов,
–     Төмөр замын тээврийн салбарын боловсрол, судалгаа шинжилгээний чиглэлээр хамтын ажиллагааг хөгжүүлэх, мэргэжилтэн бэлтгэх, мэргэжил дээшлүүлэх, түүнчлэн Монгол Улсад зам, харилцааны их сургуль байгуулах чиглэлээр хамтран ажиллахаар тохиролцов.

Монгол-Хятадын хилийн төмөр замын хэлэлцээрийг шинэчлэн байгуулах тухай Монгол Улсын Зам, тээврийн яам, БНХАУ-ын Улсын төмөр замын агентлаг хоорондын харилцан ойлголцлын санамж бичиг байгуулсан

Санамж бичиг байгуулсны үр дүнд:
–     Хоёр улсын хооронд хилийн төмөр замын 4 шинэ гарц байгуулахаар тохиролцож үүнтэй холбоотойгоор 1955 онд хоёр улсын хооронд байгулсан “Монгол-Хятадын хилийн төмөр замын хэлэлцээр”-ийг шинэчлэн байгуулахаар тохиролцов.

Монгол Улс, ОХУ хооронд зам, тээврийн салбарын харилцаа, хамтын ажиллагааны асуудлаар байгуулсан баримт бичиг

•    Иргэний нисэхийн салбарт хамтран ажиллах тухай Монгол Улсын Зам, тээврийн яам, ОХУ-ын Тээврийн яам хоорондын протокол
•    УБТЗ-ын шинэчлэл, хөгжлийн стратегийн түншлэлийн тухай Монгол Улсын Зам, тээврийн яам, ОХУ-ын “Оросын төмөр зам” НХН хоорондын хэлэлцээр
•    Хамтран ажиллах тухай МИАТ ХК болон “Аэрофлот” компани хоорондын санамж бичиг

 

ҮР ДҮН:


ОХУ:

“УБТЗ” ХНН-ийн Монголын талын хувь нийлүүлэгчийн бүрэн эрхийг хэрэгжүүлэгч Монгол Улсын Зам, тээврийн сайдА.Гансүх, нийгэмлэг дэх ОХУ-ын эзэмшлийн хувьцааг итгэмжлэн захирагч В.И.Якунин нар Улаанбаатар төмөр замын шинэчлэл, хөгжлийн стратегийн хамтын ажиллагааны тухай хэлэлцээрт гарын үсэг зурлаа.

Энэхүү хэлэлцээрийн үр дүнд:
–    УБТЗ-ын одоо байгаа коридорыг жилд 100 сая тн хүртэл ачаа тээвэрлэх хүчин чадалтай болгох, ингэхдээ УБТЗ-ыг цахилгаанжуулах, хос болгох,
–    Салхит-Эрдэнэтийн салбар төмөр замын шугамыг баруун хойд чиглэлд үргэлжлүүлэн Монгол Улс, ОХУ-ын хилд хүргэж, ОХУ руу төмөр замын шинэ гарц нээх, улмаар ОХУ-ын Тува улсын Кызылтэй холбосноор ОХУ-ын уул уурхайн бүтээгдэхүүнийг Монголын нутгаар дамжуулан БНХАУ-д гаргах шинэ замнал бий болгох,
–    Монгол Улсын нутаг дэвсгэрээр дамжин өнгөрөх төмөр замын тээвэрлэлтийг нэмэгдүүлэх “Богдхан” төмөр замыг барих, Монгол Улсын баруун бүс нутгаар дайран өнгөрөх босоо чиглэлийн шинэ коридор байгуулах талаар хамтран ажиллахаар тохиролцов.

Түүнчлэн ОХУ-ын Ерөнхийлөгчийн Монгол Улсад хийсэн ажлын айлчлалын үеэр болж өнгөрсөн хоёр талын уулзалт, хэлэлцээн дээр Монгол Улсын эдийн засагт өндөр ач холбогдолтой дараа тохиролцоонд хүрсэн. Үүнд:

–    Монгол Улс БНАСАУ дахь ОХУ-ын хөрөнгө оруулалттай Ражин боомтод хувь эзэмшиж, хамтран ашиглах тохиролцоонд хүрэв. Ингэснээр Монгол Улс анх удаа өөрийн далай боомттой болно.
–    Орос, Монгол, Хятад гурван улсыг дамнасан төмөр замын дамжин өнгөрөх тээврийг хөгжүүлэхэд идэвхтэй хамтран ажиллах, Монгол Улсын нутгаар дамжин өнгөрөх ОХУ-аас БНХАУ-ыг чиглэсэн ачаа тээврийн хэмжээг 2015 он гэхэд 6 сая тонн, 2020 он гэхэд 20 сая тоннд хүргэж ажиллахаар тохиролцов.

Монгол Улсын Зам, тээврийн сайд А.Гансүх, ОХУ-ын Тээврийн сайд М.Ю.Соколов нар Иргэний агаарын тээврийн салбарын хамтын ажиллагааны тухай протоколд гарын үсэг зурав.

Протоколын үр дүнд:
–    Монгол Улсын иргэний нисэхийн салбарын боловсон хүчнийг ОХУ-д бэлтгэх, мэргэжил дээшлүүлэх боломж бүрдээд зогсохгүй нисэхийн эрэн хайх, авран туслах салбарын хамтын ажиллагааг хөгжүүлэх, Монгол Улсын нутаг дэвсгэрт агаарын хөлгийн босоо зайчлалын системийг нэвтрүүлэх

ОХУ-ын “Аэрофлот” компанийн Ерөнхий захирал В.Савельев, МИАТ ХК-ийн Гүйцэтгэх захирал Г.Жаргалсайхан нар хамтын ажиллагааны тухай санамж бичигт гарын үсэг зурав.

Санамж бичиг байгуулсны үр дүнд:
–    Москва-Улаанбаатар чиглэлийн нислэгийн цагийн хуваарийг зорчигчдын эрэлт хэрэгцээнд нийцүүлэн илүү боловсронгуй болгон зохицуулах боломжийг бүрдүүлэх
–    Нислэгийн сүлжээг өргөжүүлэх
–    Ачаа тээврийн тусгай тариф байгуулах, саатлын үед зорчигч харилцан солилцох
–    “Sky Team”-т нэгдэн ороход дэмжлэг үзүүлэх зэргээр эрэлтэд тулгуурласан зах зээлийн өсөлтийг хангахад чухал ач холбогдолтой цаашдын хамтын ажиллагааны чиглэлүүдийг тодорхойллоо.

Монгол Улс аравхан хоногийн зайд хойд, урд хоёр хөршийнхөө төрийн тэргүүнийг хүлээж авлаа. Хоёр хөршийн төрийн тэргүүнүүдийн айлчлалаар зам тээвэр, дэд бүтэцтэй холбоотой хэд хэдэн чухал хэлэлцээрүүд хийгдэж, санамж бичиг байгуулсан. Хятад улстай транзит тээврийн хэлэлцээрийг эцэслэн шийдвэрлэсэн бол ОХУ-тай УБТЗ-ыг шинэчлэх, хөгжүүлэх, стратегийн түншлэлийн гэрээ байгууллаа.  Энэхүү ойрхон болж өнгөрсөн хоёр хөршийн төрийн тэргүүнүүдийн айлчлалын үр дүнд хийгдсэн гэрээ хэлцэл, санамж бичгийн талаар манай нэртэй эдийн засагчид, олны танил хүмүүс санал бодлоо илэрхийлж байна.

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж:

-УБТЗ-ын шинэчлэл, хөгжлийн стратегийн түншлэлийн хэлэлцээр байгуулагдаж, төмөр замын салбарын шинэчлэл, бүтээн байгуулалт, тээвэр­лэл­тийг нэмэгдүүлэх зэрэг хамтын ажил­лагааны гол зарчмуудаа тохирч чадлаа. Монголын төмөр замыг цахилгаанжуулах, хос болгох ажлыг цаг алдалгүй эхлүүлж, энэ ажлыг 2020 он гэхэд дуусгахаар тохиролцлоо. Мөн төмөр замаар ачаа дамжуулан тээвэрлэх нөхцөлийн тухай Монгол Улс, ОХУ-ын Засгийн газар хоорондын болон Монгол Улс, ОХУ, БНХАУ-ын Засгийн газрын хооронд төмөр замын дамжин өнгөрөх тээврийн хэлэлцээрийг ойрын үед байгуулах талаар ярилцлаа. 

/Эх сурвалж: news.mn/


БНХАУ-ын дарга Си Жиньпин:

-Монголын тал удаан хугацаанд анхаарал тавьж ирсэн дамжин өнгөрөх тээвэр, далайн гарцын асуудал тодорхой шийдэлд хүрлээ. Хоёр тал уул, уурхай, эрчим хүч, дэд бүтцээр холбогдох хамтын ажиллагааны комисс байгуулж, Хятад, Монголын  худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааны дунд хугацааны хөгжлийн хөтөлбөрт гарын үсэг зурлаа.  2020 он гэхэд хоёр талын хоорондын худалдааны эргэлтийг 10 тэрбум ам.долларт хүргэх зорилтыг тодорхойлсон. Хоёр талын хилийн боомтын төмөр замын хамтын ажиллагааны талаар гүн гүнзгий санал солилцож, тохиролцоонд хүрлээ.   

/Эх сурвалж: gogo.mn/


ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин:

-Монгол Улсын тээврийн дэд бүтцийг хөгжүүлэх чиглэлд хамтын ажиллагаагаа идэвхжүүлэхээр  бид тохиролцлоо. Төмөр замын сүлжээг өргөтгөснөөр баялаг ихтэй ч хүрэхэд бэрхшээлтэй уул уурхайн орд газруудыг ашиглах тээврийн хүчин чадлыг нэмэх болно. Агаарын тээврийн хүрээнд хамтын ажиллагааг бэхжүүлэхээр тохиролцлоо. Үүнд тус дөхөм болох ёстой хоёр баримт бичиг бол Иргэний нисэхийн салбарт хамтран ажиллах тухай протокол, нислэгийн маршрутын сүлжээг өргөтгөх тухай яам хоорондын санамж бичиг юм.

/Эх сурвалж: ikon.mn/

 

Монгол Улсын Ерөнхий сайд асан Д.Бямбасүрэн:

-Монгол Улс хоёр хөршөөсөө найрсаг, алс ирээдүйг харсан хамтын ажиллагааны илүү таатай орчинтой боллоо. Хятад улсын дарга ирэхдээ Монгол Улсыг далайд гарцтай болгохоо мэдэгдлээ. ОХУ-ын Ерөнхийлөгчийн хувьд Монгол Улстай харилцах эдийн засгийн харилцаандаа нэн таатай нөхцөлийг сэргээж хэрэглэнэ гэдгээ хэллээ. Оросын хувьд транзит тээврээс эхлээд олон чухал асуудлыг шийдвэрлэлээ. В.Путины айлчлалаар гарын үсэг зурсан хэлэлцээрүүдээс хамгийн чухал нь УБТЗ-ыг 2020 он гэхэд цахилгаанжуулж, хос замтай болгох тухай хэлэлцээр.

Манай төмөр зам ганц замаар ачаа, зорчигчоо тээвэрлэж зөрлөг дээрээ очно. Тэндээ дараагийн галт тэрэгтэйгээ зөрөх гэж баахан хүлээж цаг хугацаа, маш их боломж алддаг. Хэрвээ хоёр замтай болох юм бол нэвтрүүлэх чадвар маш ихээр нэмэгдэнэ. Энэ нь Монголын эдийн засагт том дэмжлэг болно.

Транзит тээвэр бол Монголд үлдээгээд явдаг маш ашигтай бизнес. УБТЗ-ыг хос болгож цахилгаанжуулахад асар их хөрөнгө оруулалт хэрэгтэй. Нэг тэрбум гаруй доллар гэж ярьж байгаа ч түүнээс хол давна. Тэгэхдээ ашигтай хөрөнгө оруулалт учраас хаанаас ч зээл олдоно.

/Эх сурвалж: Үндэсний шуудан сонин/

 

Ерөнхийлөгчийн АБГБ-ын зөвлөх Л.Пүрэвсүрэн:

-Хятадын даргын айлчлалын эдийн засгийн үр дүнг хэлбэл, эхний ээлжинд БНХАУ-ын нутгаар дамжиж, гурав дахь зах зээлд гарах боомт, дамжин өнгөрөх тээврийн асуудлыг хэлмээр байна. Энэ жилд л гэхэд 20-иод удаа хэлэлцээ хийж, айлчлалын сүүлчийн мөч хүртэл хэлэлцсэний эцэст БНХАУ-ын нутгаар дамжин далайд гарах дамжин өнгөрөх тээврийн хэлэлцээрт гарын үсэг зурлаа. Саяын айлчлалын дүнд гарын үсэг зурсан гэрээ хэлэлцээрээр манайх Замын-Үүдээс гадна гурван боомтыг олон улсын статустай болгоно гэсэн тохиролцоонд хүрсэн:

Мөн Хятадын зүүн хойд муж улсуудын далайн найман боомтыг Монгол Улс ашиглах эрх олж авсан. Хятад руу гаргаж байгаа манай экспортын гуравны нэгтэй тэнцэхүйц хэмжээний ачаа тээврийг Хятадын нутгаар дамжуулж, хөнгөлөлттэй тарифаар далайн боомтод хүргэх тохиролцоо хийсэн.

Энэ хэлэлцээр 25 жилийн хугацаанд хүчин төгөлдөр үйлчилнэ. Ерөнхийдөө дамжин өнгөрөх тээврийн талаар тавьж байсан манай зорилго амжилттай биелсэн гэж хэлж болно. Айлчлалын үеэр Зам, тээврийн яам, ОХУ-ын “Оросын төмөр зам” нийгэмлэгийн хооронд байгуулсан стратегийн түншлэлийн тухай хэлэлцээр “УБТЗ”-ын дараагийн 30-50 жилийн ирээдүйг хангах, бүх зүйлийг тодорхойлсон том гэрээ хэлэлцээр болсон. 

/Эх сурвалж: Өнөөдөр сонин/


Гадаад хэргийн сайд асан Л.Эрдэнэчулуун:

-В.Путины айлчлалаар байгуулсан чухал хэлэлцээрийн нэг нь УБТЗ-ын шинэчлэлтэй холбоотой баримт бичиг. 1950-иад оны үед байгуулсан гэрээ өнөөдрийг хүртэл мөрдөгдөж байна. Аль 60, 70 жилийн өмнө байгуулсан гэрээг шинэчлэх хэрэгтэй.

Ямарваа хэлэлцээр он цаг өнгөрөх тусам хуучрах нь ойлгомжтой. Гэхдээ бид Монголынхоо эрх ашгийг бодох хэрэгтэй.

Ингэж байна гээд хэрүүлтэй, маргаантай сууж болохгүй л дээ. Энэ удаагийн хэлэлцээр асуудлын зөв шийдлийг нь хайхад түлхэц өгнө гэж найдаж байна. Чухамдаа хэлэлцээрт ямар заалтууд тусгагдсаныг нарийн мэдэхгүй ч УБТЗ-ын асуудлыг шийдэхэд ахиц гарах байх.

/Эх сурвалж: Өдрийн сонин/


Гадаад хэргийн сайд асан Ц.Гомбосүрэн:

-Төмөр замын тухайд том тохиролцоо хийгдсэн гэж болно. Олон жилийн өмнө ярьсаар ирсэн. Хос шугамтай болгоё, цахилгаанжуулъя гэж. Асуудал дээр 2020 он гэсэн тоо хэлэх шиг боллоо. Өнөөдрөөс харахад хол мэт санагдах ч жижиг горхин дээр банзан гүүр барих ажил биш шүү дээ.

Ингэж том үйлсийг хийе гэж тохиролцлоо. Манай өөрийн бүтээгдэхүүний экспорт тэгтэл нэмэгдэхгүй юмаа гэхэд дамжих буюу транзит тээврээс ашиг харж болно. Оросоос урагшаа хэмжээ хязгааргүй бараа ачигдах нь юу юм. Гэхдээ урд хөршөөс Орос руу, Оросоос цаашаа дамжих ачаа бараа бишгүй байх үндэстэй. Ямартай ч зөөдөг бараа нь байхад бид зөөх чадвартай байх ёстой.

Тэр зөөх чадвар маань эрс нэмэгдэх нь. Энэ мэтээр тодорхой хэрэгжүүлээд эхэлбэл бүгд ач холбогдолтой баримт бичгүүд батлагдах шиг болно лээ.

 

Монгол Улсаас БНХАУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Ц.Сүхбаатар:

-Хамгийн чухал нь төмөр замын дамжин өнгөрөх тээврийн хамтын ажлыг өргөжүүлэх тухай Засгийн газар хоорондын ерөнхий хэлэлцээрийг байгуулсан байгаа. Транзит тээврийн маань нөхцөл чиглэлийг тогтоосон гол хэлэлцээр энэ юм.

Үүнийг байгуулахын тулд маш олон гэрээ хэлэлцээр явагдсан. 2014 оны эхнээс Зам, тээвриийн яамны төлөөлөгчид Бээжинд нийт 20 гаруй удаагийн хэлэлцээ хийж байж тохирсон. Эцсийн байдлаар айлчлал болохын өмнөх өдөрт тохирч байх жишээтэй. Маш удаан хугацаанд үр дүнтэй хийсний эцэст төмөр замаар дамжин далайн боомтуудад хүрэх чиглэл, тээвэрлэх ачааны хэмжээ, тн/км-ийн тарифын хөнгөлөлт зэргийг тохирч чадлаа.

Энэ дөрвөн хэлэлцээрийн дотор мөн Монгол Улс Хятадын нутаг дэвсгэрээр далайд гарах болон буцах, дамжин өнгөрөх тухай гэсэн 1991 оны хэлэлцээрийг өөрчилсөн заалт оруулсан байгаа. Хуучин БНХАУ-ын Тэньжин боомтоор Монгол Улсын дамжин өнгөрөх тээвэр хийгддэг байсан бол одоо бүх нээлттэй боомтууд руу дамжин өнгөрөх тээвэр хийж болно гэсэн зарчмыг нээж өгч байгаа юм. Дээрээс нь  1955  оны хилийн төмөр замын тухай Засгийн газар хоорондын хэлэлцээрийг шинэчилсэн санамж бичиг байгууллаа.

Үүгээр Замын-Үүдээс гадна төмөр замын дөрвөн гарцыг Шивээхүрэн, Бичигт, Гашуунсухайт, Нөмрөгт гэсэн боомтуудаар нээхээр хоёр тал тохирлоо. Монгол Улсын далайд гарах боломжийг ингэж шийдсэн цогц гэрээ хэлэлцээрүүд байгуулагдсан.  Энэ бүгдэд Зам, тээврийн яам маш сайн ажилласан гэдгийг зориуд цохон хэлмээр байна.

/Эх сурвалж: Өдрийн сонин/

 

УИХ-ын гишүүн Ж.Батсуурь:

-ОХУ-ын Ерөнхийлөгч ойрын хугацаанд манай улсыг хос төмөр замтай болгож, цахилгаанжуулна гэдгээ зарлалаа. Ингэснээр цаг хугацаа хэмнэж, бараа эргэлтийг сайжруулах ач холбогдолтой. Үүнийг би маш том үр дүн гэж харж байгаа.

Олон иргэн төмөр замаар хойноос урагш хүртэл явж байна. Хамгийн хямд төсөр тээвэр. Улаанбаатар төмөр замыг цахилгаанжуулах, хос болгоход олон хүнийг боломжийн цалинтай ажлын байраар хангаж байна гэсэн үг.

/Эх сурвалж: Монголын үнэн сонин/

Эдийн засагч, нийтлэлч Д.Жаргалсайхан:

-Далайд гарцгүй орон бүрийн хамгийн их санаа зовдог, хөршүүдийн нутгаар дамжин далайн боомтод хүрч, бусад улс оронтой худалдаа хийх асуудлаар Монгол, Хятадын холбогдох талууд маш сайн, хурдан ажиллаж тодорхой гэрээнүүд байгуулсан нь айлчлалын үеэр эдийн засгийн хамтын ажиллагааны тухайд хийсэн хамгийн өндөр ач холбогдолтой үйл явдал болов.

Монгол Улс Хятадын Тяньжинаас гадна зүүн хойд хэсгийн зургаан шинэ боомтыг ашиглах боллоо. Ингэхийн тулд Хятад улсын нутаг дэвсгэр дээгүүр дамжин өнгөрөх төдийгүй буцах төмөр замын гэрээ байгуулагдав.

Мөн хоёр орны хилийн боомтыг нэмэгдүүлж, заримыг нь 24 цагийн ажиллагаатай болгох аж. Энэ нь Монгол Улсын экспортын бараа, түүний дотор коксжих нүүрсний үнийг далайн хөлөг онгоцонд ачуулах нөхц өлөөр тогтоож, Монголын өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх юм.

/Эх сурвалж: baabar.mn/


Нийтлэлч Г.Отгонбаяр:

-Хэрвээ иргэдийн амьдрал, улсын хөгжилд улстөрөөс эдийн засаг илүү жин дардаг нь үнэн юм бол  айлчлалын түүхэн гэрээг зам тээвэр, дэд бүтцийн салбарт зурлаа. Хамгийн нэгдүгээрт, Хятадын нутгаар далайд гарах, буцах, дамжин өнгөрөх транзит тээвэр баталгаатай боллоо.

Урьд нь манай улс Хятадын нутгаар тээвэр хийх албан ёсны зөвшөөрөлгүй, баталгаагүй байв. Ийм нөхцөлд төмөр замын цариг нарийн байгаад ч нэмэргүй, манай бараа урьдын адил Эрээн, Ганцмодны боомтоос цааш явдаггүй байлаа. Одоо бол 1990-ээд онд худалдаа хийх эрх олж авсан Тяньжинаас гадна Даялан, Бандон, Жинжоу зэрэг зургаан боомтод Монгол Улс худалдаа арилжаа эрхлэх зөвшөөрөлтэй болж, эдгээр боомт хүртэл Хятадын нутгаар  татвар, тарифын онцгой хөнгөлөлттэй нөхцөлөөр төмөр замын транзит тээвэр хийх эрхтэй болжээ. Энэ нь урьд өмнө нь байгаагүй, анх удаа цаасан дээр бууж байгаа хоёр улсын төрийн хамтын  шийдвэр юм.

Уг шийдвэрийн ач холбогдол зөвхөн Хятад, Монголоор хязгаарлагдахгүй. Далайн боомтоос худалдан авалт хийдэг, бидний хувьд гуравдагч зах зээл хэмээн тунхаг төдий явсан  Япон, Солонгос улс ч Монголын нүүрсийг авах эрхзүйн бодит орчин, боломжит зах зээлтэй боллоо. Ингэж Монгол Улс дэлхийн зах зээлд гарцтай болоход төмөр замын салбар нь төрийн бодлоготой болсон, энэ салбарт төрийн залгамж чанар сүүлийн хоёр сонгуульд хадгалагдсан, сайд А. Гансүх нь олон улсын эрхзүйн чиглэлээр мэргэшсэн, уул уурхай, төмөр замын салбарт хоёр улсын хамтрах сонирхол зэрэг нь эерэгээр нөлөөлсөн нь гарцаагүй юм.  Үүнээс гадна манай улс урд хөрштэйгөө 4700 гаруй км урт газраар хиллэдэг атлаа Замын-Үүд-Эрээн гэх төмөр замын ганц л гарцтай. Одоо нэмээд Дорнодын Сүмбэр, Сүхбаатарын Бичигт, Өмнөговийн Ганцмод, Шивээхүрэнгээр төмөр замын боомт нээхээр тохирчээ. Угаасаа ачааллаа дийлэхгүй байгааг бодолцон зөвхөн хоёр улсыг төдийгүй Ази-Европыг холбох хамгийн ойр, боломжит коридоруудыг нээх нь манай улсын эдийн засгийн тэлэлт, бүс нутгийн хөгжилд онцгой хувь нэмэртэй.

/Эх сурвалж: baabar.mn/

Эх сурвалж: www.mminfo.mn

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж