-Жиргээчдийн зөв-
Цахим ертөнц дэх идэвхитэй жиргээчдийн нэг Б.Цогтгэрэл нар өчигдөр “Хууль зүйн салбарт гэрэл асаая” нэртэй суулт хийж, шаардлага тавьсан нь улстөрийн хүрээнийхний дунд өнөөдрийн үдийн цайных нь гол хачир болж байна. Цайны цагаа ашиглан хийсэн твиттерчдийн үйлдлийг олон нийт дэмжиж эхэлсэн нь цахим ертөнц дэх бичвэрүүдээс харагдаж байна.
Жиргээчид, “Хуульчид ёс зүйтэй, хүний эрх, эрх чөлөөг дээдлэн бусдыг уучилдаг нинжин сэтгэлтэй байя. Гадаад, дотоодын хөрөнгө оруулагчид, бизнесмэнүүдийг олноор нь хорьж, цагдаж шалгаж байгааг зогсооё. Мөн он удаан жилээр хорьж цагдахгүй байх, хуулийн хугацаанд хэргийг зохих газарт нь шилжүүлдэг байх. Төр нийгмийн зүтгэлтнүүдээ улстөрийн хилс хэрэгт гүтгэж шийтгэдэггүй байя” зэрэг асуудлыг хөндөн, суулт хийсэн юм.
Жиргээчидтэй санал нэг байна. “Хуулийн салбарт гэрэл асаая” хэмээн уриалсныг нь ч 100 хувь гар өргөн дэмжинэ. Яагаад гэвэл, хуулийн салбарт асуудал байгаа нь үнэн. Монголд хэдэн тэрбум ам.доллараар хэмжигдэх хөрөнгө оруулалт хийж байсан компаниуд яагаад хаалгаа барьсан бэ. Яагаад Монголоос явсан бэ. Хөрөнгө оруулалт татарсан шалтгааныг УИХ дахь цөөнхийн бүлгээс Засгийн газрын ажил урагшгүйгээс болсон гэдэг ч бизнесийнхнийг хорьж, цагдсан нь гадаадынхныг үргээх гол шалтгаан болсныг нуух аргагүй болов уу.
Зарим статистик мэдээллээр өнгөрсөн жил гаруйн хугацаанд хуулийнхан 2000 гаруй бизнесмэнээс мэдүүлэг авч, байцаасан гэх нь бий. Бизнес эрхлэгчид ч айдас дунд арай ядан үйл ажиллагаа явуулж байгаагаа нуудаггүй. Төрийнхөө ачаанаас үүрэлцэж, олон мянган иргэнийг ажилтай, орлоготой байлгаж, амьдралтай залгуулж явсан захирал нэг л өглөө шоронгийн хаалга татна чинээ ирээдүйгээ төсөөлөөгүй нь лавтай. Үүний уршгаар хань нь, хүүхэд нь эр нөхрөө, аавыгаа хүлээсэн урт өдрүүд өнөөдөр ч үргэлжилж байна. Эцэг нь хоригдож байгаа болохоор хүүхэд нь сургууль, цэцэрлэгт явах эрхгүй. Гэмт хэрэг үйлдсэн байж болзошгүй учраас эмчлүүлэх эрх ч олгодоггүй хуулийнхны харгис шийдвэрээр өнгөрсөн хавар Газрын тосны газрын дарга асан С.Амарсайхан хуулийнхны хамгаалалтад байхдаа харамсалтайгаар амиа алдсан билээ.
Хорих газарт хүн амиа алдаж байна. Хорихоос хоригдлууд оргож босон, нийгмийг айдаст автуулж байна.
Саяхан, хэдхэн хоногийн өмнө ээж, аавдаа үнсүүлэн сургуулийнхааа зүг дэгдсэн охин зам гарч яваад цагдаагийн машинд мөргүүлж, амь насаа алдлаа. Машиныг Сэлэнгэ аймгийн Замын цагдаагийн тасгийн ахлах ахлагч Н.Ууганбаяр жолоодож явсан бөгөөд ажлаар Улаанбаатарт ирсэн байсан гэх тайлбар хэлж суух. Ийм цагдаа, ийм хуулийн байгууллагатай иргэд хэнд итгэх болж байна вэ?
Ийм л учраас хууль зүйн салбарт шинэчлэл хэрэгтэй, тэр шинэчлэлийг эхлүүлэх гэрэл асааж өгөх хэрэгтэй байгаа юм.
Хууль зүйн салбарт гэрэл асаах цаг болсон. Жиргээч Б.Цогтгэрэлтэй санал нэг байна.
Г.НАРАН