Нийгэм, эдийн засаг, улс төр, соёл боловсрол гээд бүхий л салбарт залуусын шинэ санаа, шилдэг шийдлийг гаргаж ирэх төслийн нэгдүгээр шатанд нийтдээ 1700 гаруй эсээ бичлэг иржээ. Үүнээс эрдэмтэн, судлаачдын өгсөн үнэлгээ дүгнэлтээр дараагийн шатны оролцогчид шалгарах учиртай. Бүртгүүлж, эсээгээ ирүүлсэн оролцогчдын хувьд энэ мэдээллийг анир тавин хүлээж байсан нь төслийн ажлын албанд эргэн холбогдож байгаа хандалтаас харагдаж байна. Эхний шатны шалгаруулалт удирдамжийн дагуу мэргэжлийн экспертүүд ирсэн эсээ бүрийг уншиж шүүсэн. Энэхүү баг бүрэлдэхүүнд нийгэм, улс төр, эдийн засаг, сурган хүмүүжүүлэх гээд хөгжлийн төлөө бүхий л салбарт өөрийн оюун ухаан, хувь нэмрээ оруулж байгаа эрдэмтэн, судлаач, багш докторууд ажиллаж байна.
Тус экспертүүдийг сонгосон нь төслийн хүрээнд зохион байгуулагдах сургалт, семинар, оролцогчдын даалгаварт санал бодлыг нь тусгах чухал ач холбогдолтой. Өөрийн шинэ санааг шингээсэн эсээгээр төслийн нэгдүгээр шатанд шалгарсан нийт оролцогчдын материалтай эрдэмтэн судлаачид уншиж танилцан, үнэлэлт дүгнэлтээ өглөө. Мөн дараа дараагийн шатанд зохион байгуулагч, ажлын хэсгээс юун дээр илүү анхаарч ажиллах, манлайлагч залуусаа хэрхэн сургаж, бэлтгэх талаар үнэтэй санаа зөвлөгөө өгсөн юм. Төслийн шат шатны шалгаруулалтад өөрийн зохион байгуулалт, идэвх чармайлтаар манлайлан оролцогчид нийгэмд ёс зүйтэй, нээлттэй шударга өрсөлдөөнийг жишиг болгон тогтооно. Энэ ч утгаараа нэгдүгээр шатны шалгаруулалтад тэнцсэн оролцогчдыг 9 сарын 19, 20, 21-ний өдрүүдэд нэгдсэн журмаар улс орон даяар өрсөлдүүлэн дараагийн шатны шалгаруулалт хийгдэх болно. Шалгаруулалт дараах хуваариар явагдана.
Баруун бүс буюу Ховд, Увс, Баян-Өлгий, Говь-Алтай, Завхан аймгаас нэгдүгээр шатны шалгаруулалтад тэнцсэн оролцогчид 9 дүгээр сарын 19, 20-ны өдрүүдэд Ховд аймгийн Жаргалант сумын Иргэний танхимд цугларан хоёрдугаар шатны шалгаруулалтдаа оролцоно.
Хойд бүс буюу Орхон, Сэлэнгэ, Булган, Хөвсгөл, Дархан-Уул аймгаас шалгарсан оролцогчдын хоёрдугаар шатны шалгаруулалтыг 9 сарын 20, 21-ний өдрүүдэд Орхон аймгийн Иргэний танхимд зохион байгуулна.
Төвийн бүс буюу Хэнтий, Сүхбаатар аймаг, нийслэлийн Баянзүрх, Налайх, Багануур дүүргээс төслийн нэгдүгээр шатанд шалгарсан оролцогчид 9 сарын 20, 21-ний өдрүүдэд Баянзүрх дүүргийн Иргэний танхимд хоёрдугаар шатны шалгаруулалтад оролцоно. Хан-Уул дүүргийн Иргэний танхимд 9 дүгээр сарын 20-21-ний өдрүүдэд Дундговь, Өмнөговь, Төв, Говьсүмбэр, Дорноговь аймаг, мөн Хан-Уул дүүргийн оролцогчид дараагийн шатны шалгаруулалтдаа хамрагдана. Сүхбаатар дүүргийн Иргэний танхимд 9 дүгээр сарын 20, 21-ний өдрүүдэд Дорнод аймаг, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн оролцогчид хоёрдугаар шатны шалгаруулалтад оролцох бол Сонгинохайрхан дүүргийн Иргэний танхимд 9 дүгээр сарын 20, 21-ний өдрүүдэд Архангай, Өвөрхангай, Баянхонгор аймаг, Сонгинохайрхан дүүргээс төслийн нэгдүгээр шатны шалгаруулалтад шалгарсан оролцогчид дараагийн шатанд өрсөлдөнө. Баянгол дүүргийн Иргэний танхимд 9 дүгээр сарын 20, 21-ний өдрүүдэд Баянгол дүүргийн оролцогчид тус тус хоёрдугаар шатны шалгаруулалтад оролцоно. Харин “Улс төрд шинэ манлайлагч” төслийн онлайн шалгаруулалтыг 9 дүгээр сарын 21-ний 22.00 цагаас зохион байгуулна.