Тэнгэрт сүүдэр байдаггүй
Тэнд гагцхүү оюун санаа л хаанчилж
Харагдах баригдахуйгаас алс ангид
Хаяа хязгааргүйн орон зайг эзэгнэж оршном
Тэндхийн
Сүр жавхлант ихэс дээдэс
Сүүдэргүй
Тэндхийн
Сүндэр гоо хатад эмс
Сүүдэргүй
Тэндхийн
Элбэг баян идээ зоог
Сүүдэргүй
Тэндхийн
Эрхэмсэг нандин өргөө харш
Сүүдэргүй
Тэндхийн
Тэнхээ ихт хүлэг морьд
Сүүдэргүй
Тэндхийн
Тэвхгэр тэвхгэр дайчин эрс
Сүүдэргүй
Тэндхийн
Урсах гол, ургах модод
Сүүдэргүй
Тэндхийн
Уран чамин цэцэг хуарс
Сүүдэргүй
Орчлонгийн дайд
Хөх мөнх тэнгэрийн буй бүхэн сүүдэргүй
Оюун санааны болор тунгалаг ертөнц
Тэр чигээрээ сүүдэргүй
ТЭНГЭРТ СҮҮДЭР БАЙДАГГҮЙ.
Яруу найрагч Цээнзэнгийн ГАЛБАДРАХ