Шөнө нь авлига авч гаргаад байна гэв

Хуучирсан мэдээ: 2014.09.15-нд нийтлэгдсэн

Шөнө нь авлига авч гаргаад байна гэв

Засгийн газрын харьяа 11-11 төвд өнөөдөр 60 гаруй иргэн хандсанаас Замын-Үүд дэх гаальтай холбоотой асуудал хөндөгджээ. Энэ тухай тус төвд хандсан №1409157528 дугаарын зочин “Замын-Үүдэд пүүн дээр байцаагч нар нь их тн-той машин явуулахгүй хэмжээ заачаад ,шөнө нь авлига аваад гаргаад байна. Мөнгөтэй хүмүүс гараад, мөнгөгүй жолооч нар гарч чадахгүй үлдээд байна. Адил тэгш эрхтэй баймаар байна” гэжээ. Мөн улсдаа ганц байх Түлэнхийн төвийн байрыг шинээр барихад Засгийн газар анхаарахгүй бол түрээсийн байранд оршин тогтнох боломжгүй болсныг анхааруулжээ. 11-11 төвд хандсан №1409150552 зочин “Түлэнхийн төвийн байрны асуудлыг Засгийн газраас арга хэмжээ авч шийдэж өгөх хэрэгтэй байна. Монгол Улсад байдаг ганц эмнэлэг нь байргүй байхад яагаад арга хэмжээ авахгүй байна вэ гэжээ. Энэ өдөр ирсэн санал хүсэлтүүдээс дараах байдлаар түүвэрлэлээ.

№1409155748 Батүүл даргын автобусны санаа зөв гэж бодож байна. Мөн нийтийн тээвэрт үйлчлүүлэхээр суухад архи уусан оюутан үнэмлэхээ үзүүлээд үнэгүй явж байна. 4,5-р ангийн хүүхэд чимхүүлээд явж байна. Оюутануудад 70-н мянга өгөх нь зөв зүйтэй юу. Оюутнууд мөнгөө төлж явж болдоггүй юм уу. Тэрний оронд хүүхдүүдийг үнэгүй явуулж болохгүй юу.

№1409151007 Хан-Уул дүүрэг, 15-р хороо Цэнгэлдэх хүрээлэнгийн дэргэдэх задгай саравчинд өнгөрсөн хавраас хойш асарч хандах хүнгүй ганц бие эмээ амьдарч байна. Өндөр настай энэ хүнийг холбогдох газарт нь хандаж, өвлийн хүйтнээс өмнө амьдарч болох газарт байршуулах талаар арга хэмжээ авна уу?

№1409152357 Машин ачилттай холбоотой гомдол гаргаж байна. Дугуйг түгжих үйлчилгээ нэвтрээгүй юм уу, дугуй түгжихгүйгээр машин шууд ачиж байна. Энэ талаар маш гомдолтой байна. Зөрчил гаргасан тохиолдолд эхний ээлжинд торгуулийн арга хэмжээ авч байж машин ачдаг болох хэрэгтэй. Цаашид энэ асуудалд анхаарч арга хэмжээ авна уу.

№1409150685 Чингэлтэй дүүргийн Халамжийн төв иргэдэд их хүндрэл чирэгдэл учруулж байна. Жишээ нь, тэргэнцэр хүүхэддээ захиалах гэсэн баахан ажил болгоод хөөцөлдөөд ирэхэд дахиад бичиг баримт бүрдүүл гэлээ,  их чирэгдэл учруулж байна.

№1409155475 Завхан аймгийн Сонгино сумын ерөнхий боловсролын сургууль сурагчиддаа загвар муутай, томдсон хувцас шахаад маш өндөр үнэ  нэхэж байна. Олон сурагчидтай, оюутантай айлууд үнэтэй, загваргүй хувцас авах хүндрэлтэй байна. Хувцасны загварт анхаарах, үнийг бууруулах хэрэгтэй байна.

№1409156774 Сэлэнгэ аймгийн Алтанбулаг сумын хил гааль 24 цаг ажилладаг болсноос хүнд суртал улам газар авч байна. Боомтын дотоод журам гарснаас үүдэн зэрэг олон машин гаргахгүй, нэг нэг машинаар нь оруулна гэж байна. Урьд нь цаг алдахгүй хилээр орж гардаг байсан энэ асуудлаа хэвийн үйл ажиллагаанд оруулж өгнө үү.

№1409154533 57-р сургуулийн 40-н жилийн ой болох гэж өнгөрсөн хавар /5сард/ хүүхэд бүрээс 20 000 төгрөг, үзвэр үзсэний 10 000 нийт 30 000 төгрөг хурааж авсан. Энэ мөнгөөр вакум цонх, хаалга 2 хийнэ гэж хэлсэн. Намар хичээл ороход мөнгө чинь хүрсэнгүй гээд хаалга байхгүй цонхоо дөнгөж суулгаад орхисон гэнэ. Энэ асуудалд анхаарна уу гэжээ.

Г.БОЛОР

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж