Та өдөр бүр том саруулхан тасалгааныхаа цонхоор гадагшаа санаашрангуй харж, гадаа байгальд ажиллах тухай мөрөөдсөөр байна уу? Тэгвэл бид танд бичгийн ширээнээс хол, цэвэр агаарт хийж болох дараах хэдэн ажлыг зөвлөе.
Магадгүй та шинэ ажилд ороод удаагүй ч, гадаа ажиллах ажил таны хувьд яг тохирох ажил мөн гэдгийг ойлгосон, аль эсвэл амьдралдаа ямар нэгэн өөрчлөлт хийх тухай бодсоор яваа бол танд дараах ажлыг санал болгоё.
Ландшафтын архитектур
Та хотын цэцэрлэг, ногоон байгууламж, авто зогсоолын зураг төслийг гаргаж, төлөвлөнө. Түүнчлэн та хариуцлагатай олон төсөл төлөвлөгөөг гаргаж, ногоон байгууламжийг хэрхэн гоозүйн талаас сайхан харагдуулах тухай төлөвлөн хариуцан ажиллах болно. Ихэнх төлөвлөлтийн ажлууд албан өрөөнд хийгдэх ч, тухайн тохижуулах талбайтай танилцахаар нэлээдгүй их цагийг та гадаа өнгөрөөх хэрэгтэй болно.
Хөтөч, хот тайлбарлагч
Томоохон хот болон түүхийн дурсгалт газруудаар аялагчдад тухай бүс нутгийн түүх соёл, зан заншлын талаар танилцуулах хүмүүс тун их хэрэг болдог. Гадаад хэлтэй хөтөч тайлбарлагчид гадны зочдод илүү дэлгэрэнгүй, сонирхолтой мэдээллийг авахад гүүр болж өгдөг. Тухайн газар нутгаа сайн мэддэг мэргэжлийн хөтөч тайлбарлагчийг ямар ч номтой зүйрлэшгүй юм.
Гэрэл зурагчин
Та энэ чиглэлээр олон салбарт ажиллаж болно. Сонин сэтгүүл, томоохон байгууллагуудад, хэрвээ өөрөө хүсвэл бие даасан уран бүтээлчээр ажиллах боломжтой.Гэрэл зурагчид ихэнх цагаа албан өрөөнөөс гадуур өнгөрөөдөг. Тэд спортын арга хэмжээ, наадам, фестиваль, хурим, хотын болон байгалын зураг гээд ихэвчлэн гадуур зураг авдаг.
Үл хөдлөх хөрөнгийн зуучлагч
Үл хөдлөх хөрөнгийн зуучлагчид байр байшин, орон сууцны худалдааны шугамаар ихэнхдээ гадуур ажилдаг. Нэг уулзалтаас шуудхан нөгөө рүү явах гээд нэлээн завгүй байдаг ч, өдрийн ихэнх цагийг хүмүүстэй уулзан, гадуур явж өнгөрөөнө.
Цэцэрлэгч
Цэцэг ургамал, байгальд ажиллах дуртай хүнд энэ мэргэжил бол гайхалтай тохирсон мэргэжил юм. Цэцэрлэгчийн мэргэжил хялбарханюм шиг харагддаг хэрнээ дотроо ургамлын суулгалт, арчилгаа, тариалах зэрэг олон нарийн салбартай байдаг.
Ботаникч
Ургамал судлалын шинжлэх ухаанд дур сонирхолтой хүмүүсийн хувьд энэ мэргэжил хамгийн оновчтой сонголт. Юун түрүүн мэргэжлийн онолын мэдлэг, боловсрол эзэмших хэрэгтэй. Бас цөөнгүй өдрүүдийг лаборторид өнгөрөөх шаардлагатай болно. Та маш олон цагийг хүлэмжинд, байгальд өнгөрөөх хэрэгтэй бөгөөд хүрээлэн буй орчин ургамалд хэрхэн нөлөөлж буйг судлан шинжлэх болно.
Барилгын ажлын ахлагч
Та барилгын инженерээр суралцсан байх хэрэгтэй бөгөөд барилгын бүхий л үйл явц, ажилчдыг зохион байгуулан ажиллана. Барилгын ажлын ахлагч нь барилгын явц ном журмын дагуу явагдаж буй эсэхэд хяналт тавих ёстой. Төлбөр, тооцоо хийхээс бусад ажлын цагийг барилгын талбай дээр өнгөрөөх хэрэгтэй болно.
Эх сурвалж: biznetwork.mn