“Монгол ньюс” мэдээллийн төвд өнөөдөр (09.15) иргэн Н.Даваадорж мэдээлэл хийлээ. Тэрээр улс орны эрх ашигт нөлөөлөх хэмжээний асуудал биш ч гэлээ өөртэй минь адил амьжиргаагаа таслуулж буй иргэд олон байгаа учраас энэхүү хэвлэлийн хурлыг зарлалаа гэв.
Иргэн Н.Даваадорж хэлэхдээ “Чингэлтэй дүүргийн 10-р хороонд дугуй засварын газар эрхлээд арваад жил болж байна. Татвар, газрын түрээсээ цаг тухайд өгч байсан. Газар эзэмших, ашиглах хүсэлтээ холбогдох эрх бүхий байгууллагад хүсч удаа дараа хүсэлт гаргаж байсан. Харин Дүүргийн газрын албанаас “Танай дугуй засварын газар Хайлааст фидерийн 10кв-ын цахилгаан дамжуулах агаарын шугамын хамгаалалтын зурваст орсон. Тиймээс газрынхаа хэмжээг багасга гэсний дагуу 2005 оны нэгдүгээр сарын 17-ны өдөр 12 метр квадрат газрыг 1 жилийг хугацаатай газар эзэмшүүлэх 014/005 гэрээ байгуулсан юм. Миний бие газрын албаны нөхдийн тавьсан шаардлагыг цаг тухайд нь биелүүлсэн. Ингээд 12 метр газартаа дугуй засвар ажиллуулж ам бүлээ тэжээж байлаа. Гэтэл 2012 оноос эхлэн газрын албаны нөхдүүд миний дугуй засварын газрыг нураах дээрээ тулсан. Гэтэл “Сод Монгол” группт тэр хавийн газрыг өгчихсөн байж. “Сод Монгол” группын ерөнхийлөгч Ц.Анандбазар бид хоёр үндсэн хуулиар олгогдсон адил тэнцүү эрхтэй. Гэтэл газрын албаны нөхдүүд олон жилийн турш үйл ажиллагаа явуулсан дугуй засварын газрыг маань хөрөнгө чинээтэй Ц.Анандбазарт олгохдоо олон хууль зөрчсөн. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын ажилтнууд миний амбаарыг нураах гэж илт хуурамч материалтай (газрын гэрчилгээн дээрх талбайн хэмжээ кластрын зурган дээрх хэмжээ зөрүүтэй) ирж байна. Газрын албаныхан өдөр шөнөгүй намайг дарамталж байна” гэв.
Иргэн Н.Даваадорж Шударга, өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газарт хандсан бөгөөд тус газрын Хэрэглэгчийн эрхийг хамгаалах хэлтсээс Чингэлтэй дүүргийн өмч, газрын харилцааны албанд иргэний гомдол шийдвэрлүүлэх тухай хүсэлт илгээжээ. Энэхүү хүсэлтэд Төрийн албаны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-т заасан Монгол Улсын Үндсэн хуулийн нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасанчлан ардчилсан ёс, шударга ёс, эрх чөлөө, тэгш байдал, үндэсний эв нэгдлийг хангах, хууль дээдлэх төрийн албаны үндсэн зарчмыг зөрчсөн үйлдэл байна. Иймд дээрх иргэний гаргасан гомдлын дагуу холбогдох арга хэмжээг авч манай байгууллагад энэ сарын 19-ний өдрийн дотор хариу ирүүлэхийг хүсчээ.
Ч.БОЛОР
Иргэний гомдол шийдвэрлүүлэх тухай хүсэлтийн бүрэн эхийг хүргэж байна.