Олон улсын Мотоциклын холбоо болон Европын Мотоциклын холбооны дэд ерөнхийлөгч Мишел Турк тэргүүтэй төлөөлөгчид эдгээр өдрүүдэд Монгол Улсад хүрэлцэн ирээд байна. Тэд дэлхийд чансаа өндөртэй “Мотокросс гран при” буюу мотоциклын дэлхийн аварга шалгаруулах тэмцээнийг ирэх жилийн хавар Монголд зохион байгуулах сонирхолтой байгаа аж.
Энэ ажлын хүрээнд өнөөдөр Мишел Турк тэргүүтэй төлөөлөгчид өнөөдөр Монголын Автомашин Мотоциклын Спортын холбооны ерөнхийлөгч, УИХ-ын гишүүн Г.Батхүүтэй уулзав. Уулзалтын үеэр Ази тивийн хэмжээний хоёр томоохон тэмцээнийг эх орондоо зохион байгуулсны хувьд Монгол Улс Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн зохион байгуулахад бүрэн боломжтой, мөн тамирчдад өндөр хэмжээний туршлага, дасгалжуулагч бэлтгэх том боломж бололцоо олгож буй гэдгийг талууд ярилцав.
Мотоциклын Спортын холбооны ерөнхийлөгч, УИХ-ын гишүүн Г.Батхүү, “Миний хувьд 14 дэх жилдээ холбоог тэргүүлэн ажиллаж байна. Манай холбооны үйл ажиллагаа тасралтгүй явагддаг. Олон улсын нэр хүндтэй хэд хэдэн тэмцээнийг эх орондоо зохион байгуулж, тамирчдынхаа амжилтыг өсгөх чиглэлээр дэмжлэг үзүүлэн ажиллаж байна. Монголын хувьд энэ спортыг хөгжүүлэх төрийн бодлого бий. Нөгөө талаас энэ спортыг сонирхогч залуу хүмүүс олон болж байна. Хөдөөгийн малчин айлууд 1-3 мотоциклтай байдаг. Гэр бүлээрээ мотоцикл унадаг нь энэ спорт хөгжих боломж байгааг харуулж байна” хэмээв.
Үргэлжлүүлэн төлөөлөгчдийг Монголын Үндэсний Олимпийн хорооны дэд Ерөнхийлөгч Ц.Дамдин хүлээн авч уулзсан бөгөөд мотоспортын томоохон тэмцээнүүдийг зохион байгуулдаг “Youth Stream” группийн дэд ерөнхийлөгч Луйги Зомпетти энэ үеэр, “Бид өчигдөр танай улсын Гадаад харилцааны сайд Л.Болд, ССАЖ-ын сайд Ц.Оюунгэрэл нартай уулзсан. Дэлхийн хэмжээний томоохон тэмцээн зохион байгуулж улс орноо сурталчилна гэдэг тайтай хэрэг болохыг хэлж байсан. Манай компанийн хувьд мотоспорттой холбоотой олон төрлийн үйл ажиллагаа явуулж, томоохон тэмцээнийг зохион байгуулж ирсэн туршлагатай” хэмээв.
Уулзалтын төгсгөлд Монголын Үндэсний Олимпийн хорооны дэд ерөнхийлөгч Ц.Дамдин тэмцээний зохион байгуулалтад амжилт хүсэж, бүх талаар хамтарч ажиллах боломжтой гэдгийг хэлэв.
Дашрамд дурьдахад “Мотокросс гран при” тэмцээнд манай тамирчид 2009 онд хамгийн өндөр амжилт буюу 24 дүгээр байр эзэлж байжээ.
Монголын Автомашин Мотоциклын спортын холбооны ерөнхийлөгч, УИХ-ын гишүүн Г.Батхүү: МОНГОЛ УЛСЫГ ДЭЛХИЙД ТАНИУЛСАН ТЭМЦЭЭН БОЛНО
-Мотоспортын ДАШТ Монголд зохиогдох нь энэ салбарт ямар ач холбогдолтой вэ?
– Монголын Автомашин Мотоциклын Спортын холбоо бол дэлхийн Автомашин, мотоциклын холбооны гишүүн байгууллага. Монголд Автомашин Мотоциклыг хөгжүүлэх чиглэлээр бид маш олон жил ажиллаж байгаа, түүхтэй холбоо. Сүүлийн жилүүдэд олон улсын болон улсын чанартай олон тэмцээн уралдаан зохион байгуулсан. Тухайлбал, “Парис Дакар”, Азийн аварга шалгаруулах тэмцээн, мөн япончуудтай хамтарч Автомашин, мотоциклын холын зайн уралдаан зохион байгууллаа. Харин өнөөдөр Дэлхийн Мотоциклын холбооноос манай улсад Мотоциклын дэлхийн аварга шалгаруулах тэмцээн зохион байгуулах санал тавьж, манай холбоотой хамтран бид ярилцаж байна. Хэрвээ энэ тэмцээнийг Монголд зохион байгуулахаар эцэслэн шийдвэрлэх юм бол энэ нь Монгол улсыг дэлхийд таниулсан, аялал жуулчлалын салбарт хувь нэмэр оруулсан үйл ажиллагаа болно гэдэгт итгэлтэй байна. Тухайлбал, зохион байгуулагч талын оролцоотойгоор энэ тэмцээнд дэлхийн олон орны 200 гаруй сэтгүүлчид хүрэлцэн ирж, дэлхий дахинд мэдээлэл хүргэж гэж байна. Ингэснээр Монголын байгаль, Монголын хөгжлийг харуулсан олон сайхан нэвтрүүлэг гарах байх.
-Зохион байгуулалтын хувьд манай талаас юу хийх шаардлагатай вэ?
-Монголын талаас гэвэл Засгийн газрын дэмжлэг хэрэгтэй. Тодорхой хэмжээний хүн хүч, хөрөнгө мөнгөний зардал, зохион байгуулалтын аюулгүй байдал, хэв журам гээд цөөнгүй зүйл яригдана. Энэ талаар бид Засгийн газарт асуудлаа тавьж танилцуулна.
Олон улсын Мотоциклын дэд ерөнхийлөгч Мишел Турк: ТАНАЙ УЛСЫН ХУВЬД ӨРГӨН УУДАМ НУТАГ ДЭВСГЭРТЭЙ. МОТОСПОРТ ХӨГЖИХӨД ТОХИРОМЖТОЙ ГАЗАР
-Гранпри тэмцээний талаар товч танилцуулна уу?
-Жилд 18 удаа цувралаар зохиогддог, цуврал тэмцээн. Мотоспортын хувьд дэлхийд хамгийн өндөр чансаа, өндөр зардал бүхий уралдаан юм. Оролцох тухайд бол бүх улсад нээлттэй. Тэмцээнд дээд тал нь 40 тамирчин оролцох боломжтой. Мотоциклын хөдөлгүүрээс хамаараад хоёр ангиллаар тэмцээн зохиогддог. Тиймээс 80 тамирчин оролцох боломжтой гэсэн үг. Ерөнхийдөө тунай улсад хийх тэмцээний зохион байгуулалт одоохондоо зөвхөн яриа хэлэлцээрийн түвшинд байгаа учраас, цаашид илүү дэлгэрэнгүй мэдээлэл хийх шаардлагатай болох болов уу.
-Яагаад Монгол Улсад энэ нэр хүндтэй тэмцээнийг зохион байгуулж байна вэ?
-Хөгжиж байгаа оронд зохион байгуулах, тэр тусмаа мотоциклын хэрэглээ чамгүй нэмэгдэж байгаа улс гэж бид үзсэн учир зохион байгуулахаар шийдсэн. Тэмцээн зохиох талаар огт бодолгүй явсан. Харин энэ талаар танай улсын Гадаад харилцааны сайд Л.Болдод бид Люксембург хотод айлчлах үеэр санал тавихад бидэнд тун нааштай хариу өгсөн.
-Манай улсын байгаль цаг уур, газар зүйн онцлог тэмцээнд хэрхэн нөлөөлөх бол?
-Оролцогчдын хувьд монгол оронд зохион байгуулна гэдэг тун сонирхол татах зүйл болов уу гэж бодож байна. Тэмцээнд мэргэжлийн хүмүүсээс гадна сонирхогчид оролцох боломжтой байдаг. Тийм учраас Монголд зохион байгуулагдаж байгааг онцгойлон авч үзэх, оролцох хүмүүсийн тоо нэмэгдэх байх гэж бодож байна. Танай улсын хувьд өргөн уудам нутаг дэвсгэртэй. Мотоспорт хөгжихөд тохиромжтой газар. Цаг агаарын хувьд бид 6-8 сарын үед зохиох болохоор хүндрэлтэй зүйл байхгүй болов уу.
Т.БЭХ