Авто тээврийн салбарын асуудлаар санал солилцов

Хуучирсан мэдээ: 2014.09.10-нд нийтлэгдсэн

Авто тээврийн салбарын асуудлаар санал солилцов

УИХ-ын гишүүн, Монголын авто тээвэрчдийн нэгдсэн холбооны Ерөнхийлөгч Г.Батхүү Монголын автомашины дистрибьюторуудын ассоциацийн Удирдах зөвлөлийн гишүүдийн хүсэлтээр хүлээн авч уулзлаа.

Уулзалтын эхэнд тэрбээр Монголын авто тээврийн салбарын хөгжил, тулгамдсан асуудлын талаар товч дурдаад, Монголын авто тээвэрчдийн нэгдсэн холбоо авто тээврийн салбарт төрийн оролцоог багасгах, хүнд суртлыг арилгах, зарим төрийн үйлчилгээг төрийн бус байгууллагад шилжүүлэх боломжийг бүрдүүлэхээр ажиллаж байгааг дуулгав.

Монголын автомашины дистрибьюторуудын ассоциацийн Удирдах зөвлөлийн гишүүдийн зүгээс тээврийн хэрэгслийн оношлогоо хийх ажлыг төрийн бус байгууллагаар гүйцэтгүүлэх, шинэ, хуучин автомашины гаалийн болон онцгой албан татвар адилхан байгааг өөрчлөх, буруу талдаа жолооны хүрдтэй машиныг хэрхэн цэгцлэх чиглэлээр төрөөс ямар бодлого баримталж буй талаар асууж сонирхсон.

УИХ-ын гишүүн, Монголын авто тээвэрчдийн нэгдсэн холбооны Ерөнхийлөгч Г.Батхүү “Тээврийн хэрэгслийн оношлогоог анх Монголд Дэлхийн банктай хамтран нэвтрүүлэхдээ цаашид оношлогоо хийх эрхийг хувийн хэвшилд шилжүүлэх үүрэг хүлээсэн. Миний бие энэ төслийг гардан хэрэгжүүлж байлаа. Тэгэхээр энэ үүргийг биелүүлэх ёстой. Татвар, жолооны хүрдийн тухайд олон нийтийн хандлагыг өөрчлөх нь чухал. Монгол Улс Венийн конвенцид нэгдсэн орон. Зөв талдаа жолооны хүрдтэй автомашиныг замын хөдөлгөөнд оролцуулна гэдэг үүргийг энэ конвенциор хүлээж, хуульдаа тусгаж хуульчилсан. Тэгэхээр буруу талдаа хүрдтэй автомашиныг оруулж ирж байгаа нь хуульч зөрчиж байна гэсэн үг. Хуулиа хэрэгжүүлэх ёстой. Нэгэнт ороод ирсэн машиныг хориглох боломжгүй. Тиймээс хугацаа зааж өгөөд түүнээс хойш буруу талдаа хүрдтэй машин оруулахгүй гэх байдлаар асуудлыг шийдэх гарц бий.

 

Ер нь тухайн үйлдвэрлэгч оронд хэрэгцээнээс хасагдсан, насжилт өндөр, устгахад өндөр зардалтай хуучин автомашиныг монголчууд зөөж байгааг өөрчлөх цаг болсон. Бид өөрсдөө дотооддоо хямд, чанартай автомашин үйлдвэрлэж угсрах бүрэн бололцоо, хүч нөөцтэй. Тэгэхээр цаашдаа шинэ автомашиныг татварын бодлогоор дэмжиж, дотооддоо машин үйлдвэрлэлийг хөгжүүлэх нь маш чухал” гэснийг Монголын автомашины дистрибьюторуудын ассоциацийн Удирдах зөвлөлийн гишүүд дэмжиж буйгаа илэрхийлсэн юм.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж