Алдсан итгэлийг эргэн олж авах нь…

Хуучирсан мэдээ: 2014.09.15-нд нийтлэгдсэн

Алдсан итгэлийг эргэн олж авах нь…

ҮСХ-ийн хөндөж буй асуудал:

Монгол Улсын хувьд хөрш хоёр орноос бусад орны хөрөнгө оруулагчид болон санхүүжүүлэгчдийг татах чадвар буурсан. Хөрөнгө оруулагч, зээл олгогчид юун түрүүн дараах хоёр энгийн асуултад хариу авахыг хүсч байна. Үүнд:

·Нэгд, Засгийн газар хувийн хэвшлийг дэмжиж байна уу, аливаа маргаан гарах тохиолдолд асуудлыг нь шийдвэрлэж чадах уу?

·Хоёрт, Эдийн засгийг эрчимжүүлэх хөгжлийн стратеги бий юу?

“Ардчилалд шилжихдээ монголчууд хүний эрхийг дээдлэх, нээлттэй ардчилсан төр байгуулах, түүнчлэн гадаад, дотоодын төрийн өмчит компаниудаас хараат бус,хувийн хэвшилд суурилсан эдийн засгийг цогцлоохгэсэн гурван үндсэн зорилтыг тавьсан. Үүнээс хүний эрхийг хамгаалах, ардчилсан засгийг бүрдүүлэх тал дээр чамгүй амжилт үзүүлсэн ч гурав дахь зорилт буюу төрөөс хараат бус хувийн хэвшлийг төлөвшүүлэх зорилтыг хангахад төдийлөн амжилт гаргаж чадалгүй өнөөг хүрсэн. Бидний дэвшүүлж байгаа зургаан бүлэг зөвлөмж нь ажлын байр нэмэгдүүлэхэд чухал үүрэгтэй өрсөлдөөнт хувийн хэвшлийг Монголд хурдацтай хөгжүүлэхэд нэмэр хандив болох зорилготой. Засгийн газрын тууштайзөв удирдлага бүхий хувийн хэвшлийн хөгжил нь Монголын эдийн засгийн өсөлтийг түргэсгэж ажлын байр бий болгох ач холбогдолтой билээ”.

Дээрх ишлэлийг “МонголУлсын хөгжлийг дэмжих зургаан бүлэг зөвлөмж: Хувийн хэвшлийн дэмжлэгт тулгуурлан эдийн засгийн өсөлт болон ажлын байрыг нэмэгдүүлэх нь” сэдэвтэй тайлангийн дүгнэлтээс авсан бөгөөд уг тайланг миний бие Монголын тэргүүлэх зургаан бизнесмений хамтаар олон улсын нэгэн банк, МэкКинси хүрээлэн, Эдийн засгийн бодлого, өрсөлдөх чадварын судалгааны төвийн дэмжлэгтэйгээр бэлтгэж, Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржид 2012 оны наймдугаар сард танилцуулж байсан юм.

Энэхүү зөвлөмж нь дараах зургаан бүлгээс бүрдэж байв:

1.    Эдийн засгийг тогтворжуулах
2.    Бодлого, хууль эрх зүйн тогтвортой орчин бүрдүүлэх
3.    Засгийн газрын хувийн хэвшил дэх оролцоог багасгаж, хүнд суртлыг бууруулах
4.    Хэрэгцээгээр нь эрэмбэлсэн суурь дэд бүтцийн төлөвлөгөөг боловсруулах
5.    Уул уурхайн салбарыг тогтвортой хөгжүүлэх
6.    Дэд бүтцийн онц ач холбогдолтой төслүүдийг хэрэгжүүлэх

Энэхүү зургаан бүлэг зөвлөмжид хэрвээ Засгийн газрын зүгээс бизнесийн таатай орчин бүрдүүлж, хувийн хэвшлийн салбарт үйл ажиллагаа явуулж буй бизнесүүдийг гадаад, дотоод гэж ялгалгүй дэмжвээс олон улсын санхүүгийн байгууллага хийгээд чанартай төсөлд хөрөнгө оруулах хамтрагчид аяндаа Монголыг зорьж эхлэх ба ингэснээр тогтвортой хөгжлийн таатай орчин бүрдэнэ гэсэн гол санааг тусгасан юм.

Зөвлөмжид уул уурхай болон дэд бүтцийн асуудлыг өнгөц дурьдаад өнгөрөлгүй, эдгээр салбарыг хөгжүүлэх нь амаргүй ч шаардлагатай дэд бүтцийг шинээр байгуулах, сайжруулах зайлшгүй хэрэгцээ байгааг дурдаж, Монголын тогтвортой бас хурдацтай хөгжилд оруулах хувь нэмрийг чухалчлан авч үзсэн билээ.

Мөн бид зөвлөмждөө хөдөө аж ахуй, аялал жуулчлал, дахин боловсруулалт хийж болох аж үйлдвэрийн салбарууд хийгээд уул уурхайн салбарын экспортын хүчин чадал, ирээдүйн төлөв байдал зэргийн стратегийн ач холбогдлыг нь онцлон авч үзсэн.Эдгээр салбарыг онцолсоноор эдийн засгийн бусад салбар стратегийн ач холбогдолгүй гэж үзсэн хэрэг биш бөгөөд Монгол Улс өрсөлдөх чадвараа харьцангүй хурдацтайгаар нэмэгдүүлэхэд дээр дурдсан салбаруудад юуны түрүүнд анхаарал хандуулах нь илүү дөхөм гэсэн санааг агуулж буй юм.

Ингээд олон улсын хөрөнгө оруулагчдын тавьж буй хоёр асуултад хариулахыг оролдъё. Эхлээд 2012 оны наймдугаар сараас хойшхи эдийн засгийн болон улс төрийн үйл явдлуудад хийсэн ажиглалтаа хуваалцсаны дараа одоогийн байдлыг зургаан бүлэг зөвлөмжтэйгөө харьцуулж үзье.

2012 оны наймдугаар сараас өнөөг хүртэл… Өмнөх үеийн зарим мэдээлээс

Энэхүү зөвлөмжийг олон нийтэд өргөн барих үед 2012 оны парламентын сонгууль явагдаад дөнгөж дуусч байсан тул Засгийн газрын бүрэлдэхүүн, яамдуудын удирдах албан тушаалтнууд цөм тодорхойгүй байлаа .2012 оны сүүлээр сонгуулийн дуулиан шуугиан намдахад улс төрийн дөрвөн өөр намхамтарч байгуулсан туршлага багатай шинэхэн Засгийн газраа бүрэлдүүлж, яамдын удирдах албан тушаалтнуудыг бүгдийг нь сольсон. Тун удалгүй 2012 оны хоёрдугаар улиралд Өмнөговь аймагт нүүрс олборлогч нэгэн компанийг Хятадын төрийн өмчит компани өмчилж авахаар тохиролцоо хийсний хариуд УИХ-аас Стратегийн ач холбогдол бүхий аж ахуйн нэгжид гадаадын хөрөнгө оруулалтыг зохицуулах тухай хуулийг яаравчлан баталсан.

2013 оны Ерөнхийлөгчийн сонгууль нь УИХ-ын сонгуулийн адил маш өрсөлдөөнтэй, популист үзэл давамгайлсан сонгууль болж өнгөрсөн ба Оюутолгойн талаарх Рио Тинто, Монголын Засгийн газар хоорондын маргаан энэ үеэр ид гаарч байв. Энэхүү маргаан нь нэг хэсэгтээ олон нийтэд нээлттэй өрнөж байгаад 2013 оны гуравдугаар улиралд Засгийн газар өөрийн талаас хэлэлцээрийг хариуцах шинэ удирдлага томилж хэлэлцээрийг хаалттай байдлаар үргэлжлүүлсэн билээ. Оюутолгойн талаар энэхүү сунжирсан маргаанаас болоод тухайн оны гуравдугаар улиралд эхлэхээр төлөвлөгдөж байсан 5 тэрбум ам.долларын өртөгтэй Оюутолгойн далд уурхайн бүтээн байгуулалт хойшлохоос өөр аргагүй болсон. Үүний улмаас 6 тэрбум ам. долларын санхүүжилтээ амжилттай олсон байсан энэхүү төсөл өнөөг хүртэл зогсонги байдалтай байна.

2012 оны сүүлээр Засгийн газар 1.5 тэрбум ам.долларын “Чингис” бондыг амжилттай босгосон боловч, төд удалгүй бондын үнэ цэнэ нь буурч төгрөгийн ханш унасан нь тухайн үедээ эдийн засагчдын хувьд нэг их гайхаад байх зүйл байгаагүй юм. Ийм нөхцөл байдал үүсэхэд 2013 онд төсвийн орлого буурсан болоод Засгийн газрын эдийн засгийг сэргээж, инфляцийг барих зорилгоор хэрэгжүүлсэн үнэ тогтворжуулах хөтөлбөр, төсвөөс гадуурх зарлага зэрэг хүчин зүйлс нөлөөлсөн.

2013 онд шийдэгдээгүй байсан бизнесийн холбогдолтой бусад маргаанууд, мөн Засгийн газрын зүгээс зарим чухал бодлогын чанартай асуудлууд дээрээ байр сууриа тодорхойлолгүй цаг алдсан зэрэг нь гадны санхүүжүүлэгч, хөрөнгө оруулагчдыг эргэлзэж эхлэхэд хүргэсэн юм.Засгийн газрын зүгээс хөрөнгө оруулалтыг дэмжинэ, хувийн хэвшил давамгайлсан эдийн засгийн бүтцийг мөн дэмжинэ гэх мэтээр байр сууриа сурталчилж байсан ч дээрх шалтгааны улмаас Засгийн газарт итгэх итгэл гадна дотныхон гэлтгүй бизнесийн салбарынхны дунд ерөнхийдөө буурсан байв.

Дотоодын ийм нөхцөл байдлаас гадна Америк, Европын эдийн засгийн хүндрэл, Хятадын эдийн засгийн бодлогын өөрчлөлт гэх зэрэг гадаад хүчин зүйлүүдээс улбаалан Монголын эдийн засагт чухал ач холбогдолтой уул уурхайн салбар доройтож эхлэв.Уул уурхайн салбарт орж ирж байсан олон улсын хөрөнгө оруулалт цөөн хэдэн найдвартай гэгдэх төсөлд төвлөрөх болж хайгуулын болон уул уурхайн эхний шатны төслүүдэд санхүүжилт олдохоо байсан юм.Сүүлийн гурав, дөрвөн жилд хөрөнгө, санхүүгийн  асар их зарлага гаргаж байсан “BHPP”, Рио Тинто зэрэг компани зардлаа танан, капиталаа дахин хуваарилж байгаа бөгөөд эрсдэл өндөртэй төслүүдэд хөрөнгө оруулах нь ховор болоод байна.

2013 онд Ерөнхийлөгч “Том төрөөс ухаалаг төр рүү” санаачилга гаргасан ба Засгийн газарилүү туршлага бүхий олон улсын зөвлөхүүдтэй хамтрах, Дэлхийн эдийн засгийн форумаар Монголын хөгжлийн ирээдүйн дүр зургийг хэлэлцүүлэх гэх мэтээр нэлээд чармайж буй нь ажиглагдсан.

Мөн Засгийн газрын зүгээс шинэ хууль тогтоомж болон одоо байгаа хууль тогтоомжуудыг шинэчлэх бодлогын өөрчлөлтүүдийг яаравчлан хийх болсон. Гагцхүү өөрчлөлтүүдийг хийхдээ оролцогч талуудтай хангалттай түвшинд зөвшилцөлгүй, санал бодлыг нь тусгалгүй хийж буй сул тал ажиглагдаж байна.

Ингээд зургаан бүлэг зөвлөмжийг дор сийрүүлье.

1. Эдийн засгийг тогтворжуулах

Үнийн хэлбэлзэл ихтэй түүхийн эдийн орлогоос удаан хугацаагаар хамаарч буй төсвийн орлогоо хэрхэн тогтворжуулах тал дээр баримталж болох бодлогын механизмуудаас Баялгийн сан байгуулах нь хамгийн дөхөмтэй нь гэж үзэж байна.

Гэвч сүүлийн хоёр жилийн хугацаанд Оюутолгойн хөрөнгө оруулалт буурсны зэрэгцээ Тавантолгой болон бусад томоохон төслийн үйл ажиллагаа удаашрах хандлагатай болж ирсэн. Монголын эдийн засаг Чингис бондоос босгосон мөнгө, үнэ тогтворжуулах хөтөлбөр болон найман хувийн хүүтэй орон сууцны зээлийн хөтөлбөрт найдаж, эдний хүчинд замын ажил, орон сууцны барилгын ажил урьдын эрчээрээ үргэлжилж байна.

Бодит байдал дээр Засгийн газрын өр өссөөр байгаа бөгөөд зээл авах боломж улам багасч хүү нь өндөр болсоор байна. Ердөө гуравхан сарын гадаад валютын нөөцтэй үлдсэн бөгөөд төлбөрийн тэнцэл алдагдалтай хэвээр байна. Дотоодын санхүүгийн одоогийн байдлыг харахад эдийн засгийг эрчимжүүлэхийн тулд дан ганц төсөв мөнгөний тэлэх бодлогоор явахад хүндрэлтэй юм. Хүчтэй эдийн засгийг бий болгохын тулд хувийн хэвшлийнхэн удирдан санхүүжүүлсэн хөтөлбөрүүдийг дэмжих нь Засгийн газрын төлбөрийн тэнцлийн дарамтыг багасгана.

2. Хууль эрх зүй болон бодлогын тогтвортой байдлыг бий болгох

Монголын улс төр нь популизм, гадны хөрөнгө оруулагчдад хандах тогтворгүй хандлага гэх мэт сул талтай бөгөөд энэ нь ялангуяа ОТ төслийн жишээнээс тод харагддаг.ОТ-н асуудал шийдвэрлэгдээгүй хэвээрээ байгаа ч Засгийн газрын хандлагад өөрчлөлт гарч, гадаад болон дотоодын хөрөнгө оруулалтын тухайд харьцангуй тэнцвэртэй, популизмаас ангид бодлого явуулж байгаа нь сайшаалтай юм.ОТ-н маргааныг урьд нь тохиролцсон гэрээний дагуу шийдвэрлэвэлолон улсын томоохон банк, санхүүгийн байгууллагууд эергээр хүлээж авах нь дамжиггүй.

ОТ-н хөрөнгө оруулалтын гэрээний гол асуудал болох татварын тогтвортой орчноор хангах заалт нь шинээр батлагдсан Хөрөнгө оруулалтын хуулийн төслийн гол хэсэг нь болж тусгалаа олсон бөгөөд одоо энэхүү боломж нь гадна дотны хөрөнгө оруулагчдад ялгаагүй нээлттэй болсон.Стратегийн ач холбогдол бүхий аж ахуйн нэгжид гадаадын хөрөнгө оруулалтыгзохицуулах тухай хуулийг өөрчилсөн нь сүүлийн үед гарсан эерэг өөрчлөлтүүдийг улам бататгасан билээ.

Монголын эдийн засаг татварын бааз сууриа өргөжүүлжтэлэх шаардлага байгаа хэдий ч, татварын хэмжээ, роялти хураамжийн асуудлыг зохицуулахдаа өмнөхөөс илүү нухацтай хандах болсон нь эдгээр асуудалМонголд олон улсын хөрөнгө оруулалт татахад чухал ач холбогдолтой гэдгийг ойлгож эхэлж буйн илрэл билээ. Гэхдээ ашигт малтмалын нөөц ашиглалтын төлбөрийн зохицуулалт нь уурхайн эздэд тохируулсан "шилжүүлгийн үнэ"-ийг аль болох багасгахад чиглэгдсэн байдаг. Энэ нь үнэ хэрхэн бодогддогийг мэдэхгүй шинэхэн хөрөнгө оруулагчдад асуудал үүсгэж байгаа гэж бодож байна. ЗГ-ын зүгээс бодлогын асуудлаар оролцогч талуудтай зөвлөлдөх үйл явцыг сайжруулах, аливаа хуулийн төслийг хэлэлцэх доод хугацааг тогтоож өгөх нь бодлогын шийдвэр илүү оновчтой гарахад дөхөм болоод зогсохгүй ЗГ болон бизнесийн байгууллагуудын хоорондын холбоог сайжруулах сайн талтай.Үүнд хүрэхэд зөвхөн ЗГ-ын зүгээс чармайлт гаргаад зогсохгүй хувийн хэвшлийн байгууллагууд мөн идэвхтэй оролцох нь зүйтэй.

Аливаа хуулийг логик, агуулгаас нь гадна бодит байдалд хэрхэн хэрэгжиж байгаагаар нь үнэлж дүгнэдэг.Шинэ төсөл, бизнесийн санаачилгыг аль болох хурдан бөгөөд хялбар эхлүүлж, гүйцэтгэх боломжийг бүрдүүлж чадаж байгаа эсэх нь үүнд гол асуудал болно.Одоогоор яам ба орон нутаг, аймаг сумдын түвшинд шийдвэр гаргах үйл явц хэтэрхий удаан, төвөгтэй, ойлгомжгүй байгааг бид зөвлөмждөө тодотгож өгсөн.Энэ нь дэлхийн эдийн засгийн форум болон Менежментийн хөгжлийн институцийн судалгаагаар батлагдсан бөгөөд Монгол Улсын Засгийн газар ч мөн сайжруулах шаардлагатай хэмээн үзэж байгаа билээ.

“Том төрөөс ухаалаг төр рүү” шилжих нь амаргүй ажил. Энэхүү шилжилтийг амжилттай хэрэгжүүлэхэд кабинетийн түвшинд чадварлаг удирдлага шаардлагатайгаас гадна гол яамд нь өөрчлөлтийг хэрэгжүүлж удирдах маш сайн менежментийн чадавхитай байх хэрэгтэй.Орон нутагт эрх мэдэл хуваарилах асуудал нь маш улстөржсөн асуудал хэдий ч зайлшгүй яаралтай шийдвэрлэвэл зохих асуудал мөн билээ.

ЗГ-ын нэр хүнд, одоогийн байгаа байдал ч мөн адил чухал асуудал бөгөөд хөрөнгө оруулагчдын зүгээс ЗГ-ын нэр хүндийг өсгөхөд уул уурхайн салбарт шийдвэрлээгүй байгаа маргаанаа нэн даруй нэг тийш болгох нь гол нөлөө үзүүлэхээр байна.Эдгээр асуудлын шийдлийг хариуцлагын нэг цэгт оруулах нь чухал асуудал юм.

3. Хувийн хэвшил дэх төрийн оролцоог багасгах, хүнд суртлыг бууруулах

Төрийн зүгээс эдийн засгийг хэтэрхий өмчлөн, удирдан захирахгүй байх зарчмыг УИХ-аар хэлэлцэн ярьж байна. Энэ байдал нь төвлөрсөн төлөвлөгөөт эдийн засагтай хатуу дэглэмийг туулж ирсэн түүхтэй зарим талаар холбоотой.

Бодит байдалд ЗГ нь төрийн мэдлийн компаниудад хангалттай санхүүжилт өгч чадахгүй, дээр нь шинэ төслүүдээс хувьцаа худалдан авах (стратегийн ордууд) чадваргүй байна. Ер нь олон улсын стандарттай дүйцэх байдал нь ядмаг байгаа билээ.

Засгийн газар нь төрийн өмчит компаниудаа хувьчлах хөтөлбөр хэрэгжүүлэх нь зүйтэй бөгөөд энэ нь Засгийн газрын өрийг багасгаж, стратегийн ач холбогдолтой хөтөлбөрүүдэд зарцуулж болох мөнгөний урсгалыг бий болгох, мөн хувьчлагдсан байгууллагууд нь эдийн засгийн ашигтай болж олон улсын түвшинд өрсөлдөх чадвартай болох зэрэг сайн талтай юм.

Дэд бүтэц болон уул уурхайн том том төсөл хариуцдаг Засгийн газрын агентлагууд нь “ажлын баг” болж зохион байгуулагдан ажиллавал илүү өндөр бүтээмжтэй байх бөгөөд энэ нь ухаалаг төр рүү шилжих хөтөлбөрийн нэг хэсэг болон хэрэгжинэ гэж найдаж байна. Ер нь төрөөс ажил зохион байгуулж буй одоогийн бүтцэд өөрчлөн сайжруулах зүйлс олон байгаа билээ.

Зөвшөөрөл авах үйл явц урт хугацаа шаарддаг учраас төслийн үнэ өсөх нь гарцаагүй бөгөөд зөвшөөрөл авах нь мөн хүндрэлтэй байдаг .

4. ба 6. Хэрэгцээгээр нь эрэмбэлсэн суурь дэд бүтцийн төлөвлөгөөг боловсруулах МӨН дэд бүтцийн онц ач холбогдолтой төслүүдийг хэрэгжүүлэх

Засгийн газардэд бүтэц хөгжүүлэхтөлөвлөгөө боловсруулсан ч хязгаарлагдмал санхүүгийн эх үүсвэр, зөвшөөрөл өгөх үйл явц удаашралтайн улмаас хэрэгжүүлэх тал дээр байнга бэрхшээлтэй тулгарч ирсэн.Зургаан бүлэг зөвлөмжид энэ асуудлыг хэрхэн шийдвэрлэх талаар тусгахдаа, нэгд, нэн түрүүнд шаардлагатай байгаа төслүүдийн жагсаалтыг эрэмбэлэн гаргаж хэрэгжилтийг хангахад бүх шатанд нь тууштай дэмжлэг үзүүлэх, хоёрт, эдгээр төслүүд нь зах зээлийн хэрэгцээтэй байх, хувийн хэвшлээс санхүүжигдэх боломжтой байх шалгуурыг давах ёстой гэжээ.

Дэд бүтцийн төслүүдийг шаардлагаар нь эрэмбэлэх, зөвлөмжийннэгээс гуравдугаар хэсэгт тусгасан асуудлуудыг шийдвэрлэх нь улс төрийн хувьд амаргүй ажил болох нь ойлгомжтой.Засгийн газрын зүгээс ийн хичээл зүтгэл гаргахаас гадна хувийн хэвшлийнхэн санхүүжүүлж хэрэгжүүлэх боломжтой төсөл санаачилгыг мөн дэмжих нь чухал билээ.

Зургаан талт бодлого маань гурваас дөрвөн жилийн хугацаанд эдийн засгийг ихээхэн эрчимжүүлэн, Монголын олон улсадөрсөлдөх чадварыг сайжруулж, иргэдийн төрд итгэх итгэлийг үүсгэн бэхжүүлэх таван чухал салбарын хөгжлийгонцлон дурьдсан билээ.Ахиц дэвшил болон асуудлуудыг онцолсон байгаа.

А. Эрчим хүч, дулаан үйлдвэрлэл: Энэ тал дээр ахиц бага байгаа бөгөөд хот болон үйлдвэрлэлийн хөгжлийн өнцгөөс харахад эрчим хүчний салбарыг хөгжүүлэх нь тулгамдсан асуудал болоод байгаа юм. Энэ сектор нь хөрөнгө оруулалтын маш том боломж хэвээр байна.Энэ салбарыг хөгжүүлэхийн тулд өдий болтол Орос болон Монголын Улаанбаатар дахь хуучирсан цахилгаан станцуудаас маш хямд өртөгтэй эрчим хүчээр хангагдаж байсныг Засгийн газар бодит байдалд нийцүүлэн эрчим хүчний илүү бодит тарифийг тогтоож өгөх хэрэгтэй юм.

Б. Эрчим хүч, дулаан түгээлт: Цахилгаан эрчим хүч түгээх шугам сүлжээг шинэчлэх, өргөжүүлэх нь стратегийн томоохон асуудал хэвээр байна.

В. Өмнөговиос Хятад руу явах төмөр зам: Тавантолгойгоос Хятадын хил хүртэл төмөр зам барьж байгаа. Илүү олон төмөр зам тавих шаардлагатай байгаа хэдий ч энэ нь санхүүжилтийн асуудалтай тулгараад байгаа билээ.

Г. Хот доторх зам, онгоцны буудал: Улаанбаатарын шинэ онгоцны буудлыг Японысанхүүжилтээр барихаар болж хучмал замыг 2013 онд их хэмжээгээр өргөтгөсөн.

Д. Усны сектор: Энэ секторийг хөгжүүлэх тал дээр ажил хэрхэн ахиж байгаа, ер нь урагшилж байгаа эсэх нь тодорхойгүй байна. Тариф болон лицензийн асуудлууд нь хөрөнгө оруулалт орж ирэхэд саад болж байна.

5. Уул уурхайн салбарыг тогтвортой хөгжүүлэх

Монголын эрдэс баялгийн өвийг илрүүлэх, түүнийгээ хамгийн үр ашигтайгаар зарцуулах механизмыг тодорхойлох нь хамгийн чухал стратегийн асуудал яах аргагүй мөн билээ.Уул уурхайн төслүүд нь технологи, бизнесийн дадал, дэд бүтцийн хөгжил, ажиллах хүч ба тэдэнд зориулсан сургалт, үндэсний бизнесийн хөгжил зэргийг бас давхар авчирдаг ач холбогдолтойгоос гадна валютын ашгийг нэмэгдүүлдэг.

Уул уурхайн салбарт хөрөнгө оруулагчдыг татах, өрсөлдөх чадвартай, дэлхийн стандарттай дүйцэхүйц бодлогын орчныг бий болгож, шаардлагатай өөрчлөлтүүдийг холбогдох хуулиудад тусгах нь маш чухал бөгөөд цаг алдалгүй хийх ёстой ажил юм.ЗГ нь энэ асуудлыг анхааралдаа авч шийдвэрлэн ажиллаж байгаа бөгөөд ингэхдээ алдаа гаргахгүй байх нь нэн чухал.Монголын уул уурхайн салбар нь шинэ тутам хөгжиж буй учир өндөр чанартай томоохон болон дунд, бага хэмжээний төслүүддээ гадны хөрөнгө оруулалт, санхүүжилтийг татахын тулд бүхий л үе шатанд олон улсад өрсөлдөх чадвартай, хөрөнгө оруулалтын таатай бодлоготой байх хэрэгтэй билээ.

Энд онцлон дурдахад, Монгол улс нь дэд бүтэц, цахилгаан болон усны хомсдолтой говь нутагт дэлхийн хэмжээний томоохон уурхайг төлөвлөсөн хугацаанаас нь өмнө амжилттай ашиглалтанд оруулсан жишээгээ олон улсад нүүр бардам дурдах эрхтэй.Төсөлд гар бие оролцсон мянга мянган монгол залуус болон олон зуун компани энэхүү төслөөс суралцсан нь бахархууштай хэрэг юм.

“106 лицензийн маргаан”-ыг анхны эзэмшигчдийнх нь талд шийдэх нь чухал юм.Засгийн газар нь уул уурхайн олборлох лиценз болон уул уурхайн төслийн шударга зах зээлийг дэмждэг, хөгжүүлэх чадвартай гэж харагдах нь туршлагатай, санхүүгийн өндөр чадамжтай уул уурхайн хөрөнгө оруулагчдыг Монголд татахад чухал үүрэг гүйцэтгэнэ.Уул уурхайн компаниуд нь олон улсын компаниудтай хамтарснаар томоохон уурхайнуудыг илүү хялбараар санхүүжүүлэх, төслүүдээ илүү өндөр үр бүтээмжтэйгээр хэрэгжүүлэх, мөн олон улсын түвшний экспортын бүтээгдэхүүн үйлдвэрлэхэд илүү ойр болох юм.

Зохиогчийн дүгнэлт:

Эцэст нь дүгнэж хэлэхэд Монголд хөрөнгө оруулалтын бодит хэрэгцээ асар их байгаа бөгөөд Монгол олон улсын санхүүжилтийг татах тал дээр арга хэмжээ авч эхэлж буй.Харин хөрөнгө оруулагчдын итгэлийг олж хөрөнгө оруулалтын зөв түнш гэдгээ харуулахын тулд цаашид ч мөн адил хөрөнгө оруулалтын орчныг сайжруулах тал дээр бодит ахиц гаргах нь маш чухал.Олон нийттэй харилцах харилцаа болон түргэн хугацаанд эрх зүйн өөрчлөлт хийхээс илүү томоохон хөрөнгө оруулагчид, санхүүжүүлэгчдийг эргэн татах нь чухал байна.Энэ нь Засгийн газар болон бизнесийн холбоодод хоёуланд нь хэцүү боловч зайлшгүй хийх ёстой ажил.

Камерон МакРэй, СкайПаать Партнерс ХХК-ийн Ерөнхийлөгч


ҮСХ-ийн байр суурь

Монголын лидерүүд Монголд үүсээд буй энэхүү нөхцөл байдал хийгээд Монголыг дэлхийд тэргүүлэх хөрөнгө оруулалтын бүс нутаг болох боломжийн талаар ихээхэн бодож, анхааралаа хандуулж байна.Монголын эдийн засгийг хөгжүүлж, нийт ард иргэдийнхээ амьдралыг сайжруулахын тулд олон улсын капитал, хамгийн сүүлийн үеийн шилдэг технологи, бизнесийн сайн түншүүд хэрэгтэй гэдгийг тэд ойлгож байгаа.

Эдгээр онц чухал факторуудыг Монголд татах нь хөгжингүй орнууд нь өөрсдөө эдийн засгийн олон бэрхшээлтэй тулгарсан, хөгжиж буй орнууд нь бүгдээрээ байгаа тоотой хөрөнгө оруулагчид, капиталыг татах гэж өрсөлдөж буй одоо үед хялбаргүй ажил билээ.

Улс орны хувь заяаг өөрчлөх нь нэг жилийн дотор хийдэг ажил биш бөгөөд гагцхүү алсын хараа, шантралгүй мэрийлт, зорьсондоо хүрэх гэсэн итгэл зүтгэлтэй байх аваас амжилттай байдаг ажил үйлс юм.Энэ тал дээр Засгийн газар хэд хэдэн чухал алхам ахиц гаргасан нь олзуурхууштай хэрэг.Харин одоо Засгийн газар, бизнесийн холбоод, олон улсын экспертүүдтэй зөвшилцөж, хамтран ажилласны үндсэн дээр Монголыг хөрөнгө оруулалтын тэргүүлэх бүс нутаг болгох бодлого стратегийг хэрэгжүүлэх нь чухал.

Үүнээс илүүтэйгээр, Монголыг дэлхийн хэмжээний эдийн засагтай болохоор зэхэж буй, өрсөлдөх чадвар өндөр, бизнесийн таатай орчинтой, олон улсын тавцанд хүндлэгдсэн орон болгоно гэсэн шинэ төрлийн популизм Монголд үүсгэх хэрэгтэй байгаа билээ.

Банк, хөрөнгө оруулагчид, дэлхийн хэмжээний компаниудын итгэлийг олж авах нь улс төрийн хүчнүүдийн гол зорилго байх ёстой.

Үндэсний Стратегийн Хүрээлэн
Цуврал нийтлэл № 2-2014

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж