Дэлхийн аваргынд өнжсөн нь

Хуучирсан мэдээ: 2014.09.15-нд нийтлэгдсэн

Дэлхийн аваргынд өнжсөн нь

Нийслэлийн Баянзүрх дүүргийн 19 дүгээр хо­роо буюу олны нэрлэж заншсанаар Цайз захын ойрол­цоох буйдхан гэр хорооллын гудамжаар намрын нал­гар өдөр манай сурвалжлах хэсэг алхаж явна. “Цайз” захын хойхно уулын энгэрт байх гэр хо­рооллын хэсэгхэн айлыг эндхийнхэн “Зүүний Б” хэмээн нэрийдэх юм билээ. Энэ буйдхан гэр хо­роол­лын гудамжнаас Сүхээгийн Цэрэнчимэд гэ­дэг шинэхэн Дэлхийн аварга төрсөн юм. Хэдхэн хо­ногийн өмнө Узбекистаны нийслэл Ташкентын тэнгэрт алтан соёмбот төрийн далбаагаа мандуулж, төр, түмнээ баясгасан 19 настай охины ээж, ах хоёр нь энд амьдардаг юм билээ. Тиймээс ч  Дэлхийн авар­гыг төрүүлж, өсгөсөн буянт ээж, анх их спортод хөл тавиулсан ахтай нь уулзахаар яваа минь энэ.

“Зааны тугал”  дарагдсангүй

Аваргын алтан медаль өвөртөлсөн охиноо хүлээж,  догдолсон ээж, ах, хамаатан, садан гээд эднийх хөл ихтэй байх үеэр бид зочилж таарсан юм. Биднийг очих үеэр ээж, ах хоёр нь охиндоо, дүүдээ бэлэг бэлдэхээр гарсан байв. Хараахан барьж дуусаагүй дүнзэн байшингийн хоёрдугаар давхарт 19 насандаа аваргын алтан медалийг энгэртээ гялалзуулсан охиноо хүлээж авахаар бэлтгэлээ базаажээ.

Хашааны хаалгаар орвол С.Цэрэнчимэдийн нагац ах хэмээн өөрийгөө танилцуулсан эр “Хэд хоногийн өмнөөс хэвлэлийнхэн ирж байгаа сурагтай. Эхнээс нь өгсөн зүйлсийг ах нь байрлуулах гэж мунгинаж сууна” хэмээн ДДэшТВ-ийн тавган антеныг байрлуулж  байв. Гэрт нь орвол “Телевизийнхэн  эгчид энэ зурагт, антеныг авчирч өгсөн” хэмээн 32 инчийн LCD зурагт руу заав. Монгол ёсоор зассан ширээ, айраг, цагаатай намрын энэ л өдрүүдэд дүүгээ хүлээж авахаар Хэнтий аймгийн Дэлгэрхаан болон Цэнхэрмандал сумаас авга, нагац нар нь ирсэн байхтай таарсан юм. Хойморт зассан бурхны ширээний дэргэд С.Цэрэнчимэдийн авсан бүхий л шагнал, медалийг эгнүүлэн тавьсан нь эрхгүй харц булааж байв. 12 наснаасаа чөлөөт бөхөөр хичээллэсэн охины медалийг  тоолоод суувал багагүй хугацаа шаардагдах юм билээ. С.Цэрэнчимэдийн нагац эгч нар “Жаахан бор дүүгээ дэлхийн хүн болно чинээ санасангүй явлаа” хэмээн баярын нулимсаа барьж, ядан сууна.

Тэд хэдхэн цагийн дараа онгоцноос буух дүүгээ сэтгэл догдлон хүлээж суугаа тухайгаа ам уралдан ярьцгаах аж. Биднийг ийн хууч хөөрөх зуур төд удалгүй С.Цэрэнчимэдийн ээж болох Д.Лхагвадулам гуай гэртээ ирлээ. “Эгчийнх нь ажил ах, дүү, олон түмний буянаар сайхан бүтэж байна. 2-3 өдөр л гадуур гүйлээ.Та нарыг удаан хүлээлгэчихэв үү” гэсээр тэрбээр гаднаас орж ирсэн юм. Ингэж бидний Дэлхийн аваргын тухай яриа эхэллээ. Хэд хоногийн өмнөөс  хэвлэлийнхэн Д.Лхагвадулам эгчийнд ирж байгаа тухай тэрбээр инээмсэглэн ярив. С.Цэрэнчимэд 1995 оны хоёрдугаар сарын 24-нд Хэнтий аймгийн Дэлгэрхаан суманд Чингисийн хөдөө арал гэдэг газар мэндэлжээ. Энэ тухай Д.Лхагвадулам эгч “Би цагаан сараар төрөх дөхчихсөн байсан юм. Гэтэл нутгийн өөр нэгэн жирэмсэн бүсгүйтэй золгож таарсан. Бие  давхар хүмүүс хоорондоо  золгоход домтой  байдаг юм байна. Түүнийг нь би мэдэлгүй золгочихсон.

Харин дараа нь надаас охин, нөгөө бүсгүйгээс хүү төрсөн юмдаг. Хүмүүс цагаан сараар золгоод хүйс нь солигдчихсон гэдэг байсан юм. Ямар сайндаа ах нь гудамжаар явахдаа нөгөө хүү төрүүлсэн бүсгүйгээс “Дүүгээ авъя” гэж хашгираад явдаг байж билээ” гэв. С.Цэрэнчимэдийн бага нас бусад хөдөөгийн хүүхдүүдийн адилаар үхэр, тугал хариулж, эмээдээ туслах зэргээр өнгөрсөн гэдэг. Багаасаа ах нартайгаа ноцолдож өссөн болоод ч тэр үү  тун эршүүд охин байсан тухай нагац нар нь дурссан юм. Энэ тухай нагац эгч нар нь “Манай  дүү чинь хөдөлгөөнтэй, эршүүд охин байсан юм. Бас нэг хөгжилтэй зүйл хэлэхэд Чимэдээ маань багадаа нэлээд мяраалаг, тарган хүүхэд байсан. Тэр хэрээрээ их иднэ. Бид багад нь Сүхээгийн ховдог охин гэж шоолдог байж билээ. Дэлхийн аварга болох гээд л их иддэг байж л дээ, одоо бодоход.

Миний дүү чинь олон тэмцээн уралдаанд оролцож, том амжилт гаргасан хүүхэд гэхэд элдэв зангүй, их хөөрхөн ааштай. Хүний аргыг олно, хүн бүхэнтэй эвсэг харилцаатай, их нийтэч, нөхөрсөг хүүхэд байгаа юм” хэмээн дурслаа. Мөн “Миний охин багадаа их бяртай хүүхэд байсан. Тухайн үед “Замура” тор гэж нэрлэдэг байсан цагаан  тороор дүүрэн хөлдүүсийг ажралгүй чирээд явж байгаа дөрвөн настай хүүхдийг бяртай л гэх байх” гэж ээж нь охиныхоо тухай ярив. Харин садангийнх нь ах нар багад нь “Зааны тугалыг бага дээр нь дарна аа” гэж хэлээд шилэн хүзүүдэхэд хүний урманд “ёо” гэж хэлдэггүй байсан тухай зочид сонин болгож ярьсан юм. Тэд “Зааны тугал дарагдсангүй шүү. Харин ч бүр Дэлхийн аварга болчихдог байгаа” хэмээн хошигноцгоов.

Аймгийн зааны аварга охин

Д.Лхагвадулам эгч уул, усандаа залбирч явсны  тус өнөөдөр гарч байгаад баяртай байгаагаа хэлсэн юм. Чимэдээгийн бага нас  Дашбалбар хайрханы өвөрт өнгөрсөн гэдэг. Тиймээс ч Лхагваа эгч Дашбалбар хайрхандаа цай, сүүнийхээ дээжийг өргөж, сэтгэлдээ сүслэж явдаг нэгэн аж. Цэрэнчимэдийн аав Сүхээ гуай цагтаа уран барилдаанаараа нутаг, усныхныгаа баясгаж явжээ. Нутаг, усандаа “Бүдүүн Сүхээ” гэж алдаршсан энэ эрхэм Хэнтий аймгийн Цэнхэрмандал сумынх. Харин Цэрэнчимэд маань ээжийнхээ нутаг буюу Дэлгэрхаан суманд төрж, өсчээ. Хожуу гарсан охиндоо аав нь хошуу дэвсч, хүзүүнээсээ салгадаггүй байсан тухай Д.Лхагвадулам эгч ярьсан юм.

Гэрийн хойморт “Жигжидсүрэн овогтой Сүхээ нь бөхийн чөлөөт барилдааны 1969 оны идэрчүүдийн аварга шалгаруулах тэмцээнд амжилттай  оролцож, I байр эзэлсэн тул урамшуулал олгов. 1969.08.02”  гэсэн жуух бичиг байгаа нь нүдэнд тусав. Харин Лхагваа эгчийн аав болох Ц.Даваажав гуай төр, нийгмийн зүтгэлтэн, сэхээтэн хүн байсан аж. Ц.Даваажав гуай 1939-1942 онд хотын намын хорооны даргаар ажиллаж байсан бөгөөд Дорнод аймгийн намын хорооны  I нарийн бичгийн дарга, улмаар 1957 оноос хойш Хэнтий аймгийн хоршоодын холбооны даргаар ажиллаж байсан хүн аж. Үүнээс гадна Лхагваа эгчийн аав нь бөх, морь сонирхдог байсан төдийгүй бөхийн засуул хийж, “Нэгдэл” зээрд морь нь улсын наадамд дөрөвт давхиж байсан шаггүй уяач байсан гэдэг. Үүнээс гадна Лхагваа эгчийн эмэг эх нь нутаг хошуундаа алдартай сайхан бүсгүй байсан бөгөөд Зоригт ноён Мижиддоржийн хатан байсан аж. Удам,  судар нь үр хүүхдийг нь өнөөдрийн зэрэгт хүрэхэд нөлөөлсөн гэж бодож явдгаа ч Лхагваа эгч нуусангүй. “Миний охиныг бөхийн удамгүй гэж хэлэхгүй байх аа.

Миний аав цагтаа барилдаж явсан, хань маань ч аймгийн заан цолтой хүн байсан юм шүү дээ” гэлээ. Харамсалтай нь С.Цэрэнчимэдийг гуравхан настай байхад аав нь хорвоогийн мөнх бусыг үзүүлжээ. Хөдөө мал маллаж, ажин түжин амьдарч байсан энэ айлын өрхийн тэргүүн хорвоог орхисноор  хүүхдүүдээ  хүний зэрэгт хүргэх хүндхэн даалгавар Д.Лхагвадулам эгчид оногдсон гэдэг. Улмаар дараа өвөл нь хэдэн үхрээ зуданд барснаар хот бараадахаар сэтгэл шулуудсан байна. Ингэж С.Цэрэнчимэдийг дөрвөн настай байхад нь Лхагваа эгч хэдэн хүүхдээ хот, хүрээ бараадуулж, номтой хүн болгохоор байгаа бүхнээ зарахыг нь зарж, тав, арван төгрөг болгоод Улаанбаатарыг зорьжээ. Ирээд Баянзүрх дүүргийн 19 дүгээр хорооны нутаг буюу Цайз захын арын дэнжид буухад  тэр хавьд ямар ч айл байгаагүй гэдэг. Өнчин хэдэн  хүүхдээ хүний зэрэгт хүргэх гэж Лхагваа эгчид хийж үзээгүй ажил байгаагүй тухай тэрбээр дурссан юм.

Уг нь Лхагваа эгч хуучнаар Төмөр замын техникумыг Холбооны техникч мэргэжлээр дүүргэсэн юм билээ. Орон нутагтаа мэргэжлээрээ ажиллаж, дундуур нь мал маллаж, хотод ирсэн хойноо УИД-ийн хойхно хүнсний дэлгүүрт худалдагч, хорооны хэсгийн ахлагч, таксины жолооч гээд  олон ажил хийж байжээ. С.Цэрэнчимэд эхээсээ дөрвүүлээ байсан ч том ах нь мөн л хорвоогийн мөнх бусыг үзүүлсэн байна. Ханиа, том хүүгээ алдчихаад яах учраа олохгүй мунгинаж явсан бараан өдрүүд түүний амьдралд байсныг тэрбээр нуусангүй. Харин С.Цэрэнчимэд ээжийнхээ ачийг хариулж, Дэлхийн аварга хэмээх эрхэм алдыг 19 насандаа хүртлээ. “Дэвжээнд барилдахдаа Сүхээ гэж дуудуулдаг болохоор миний аав баярладаг байх даа” гэж үргэлж асуудаг охиндоо “Эцэг тэнгэр хүнийг ивээж явдаг юм. Миний охины аав нь бурхны оронд байгаа ч тэнгэрээс охиноо үргэлж харж, ивээж байгаа” гэж ээж нь хэлдэг аж. Үнэхээр аймгийн заан “Бүдүүн Сүхээ”-гийн охин дэлхийн дэвжээнд аавынхаа нэрийг гаргах хувьтай төрсөн нэгэн байжээ.

Зовсны эцэст жаргана

“Бидний амьдрал нэг хэсэг тун хэцүү байсныг нуугаад яах вэ. Эгч нь хорооны хэсгийн ахлагч, таксины жолооч гээд хийж үзээгүй ажил байхгүй. Миний хувьд алт, мөнгө хураагаад яах вэ. Хэдэн бор хүүхдээ эрдэм, номтой хүн болгох гэж хичээсэн” хэмээн  Лхагваа эгч ярьж сууна. Тиймээс ч Лхагваа эгч өрх толгойлсон эмэгтэй, хүнд хэцүү амьдралтай гээд хойш суусангүй хүүхдүүдээ дээд боловсролтой болгосон байна. Чимэдээгийн том ах Д.Майдар “Аварга” дээд сургуулийг багш, дасгалжуулагч мэргэжлээр дүүргэсэн бол эгч Д.Баярмаа нь Гандийн нэрэмжит үйлдвэр, урлалын дээд сургуулийг төгсчээ.

Эдүгээ эгч нь Эрдэнэт хотод гэр бүлийн хамтаар амьдардаг бөгөөд “Ширмэл цүнх” гэх арьс, ширэн бүтээгдэхүүний үйлдвэрт ажилладаг аж.  С.Цэрэнчимэдийг таван настай байхад нь авга нарынх нь тусламжтайгаар 100 айл дахь Хятад сургуульд оруулсан байна. Тухайн үед нэг жилийнх нь сургалтын төлбөр 60 мянган төгрөг байжээ. Харин гуравдугаар ангид орох үед ээж нь төлбөрийг нь төлж чадахгүйн улмаас гаргажээ. Энэ тухай Лхагваа эгч “Миний охин зөвхөн спортоос гадна хичээлдээ тун сайн хүүхэд байсан. Энэ хичээлийг мэдэхгүй нь гэж нэг удаа хэлж байгаагүй. Гадаад хэл, математикийн хичээлдээ дандаа онц гардаг байсан. Одоо бэлтгэлийнхээ хажуугаар англи хэл үздэг юм. Анх Хятад сургуульд оруулахад Чимэдээ ханз үсгээ маш хурдан сурсан. Багш нар нь их магтана.

Сэргэлэн охин шүү гээд л. Манайх анх энд буухад гэрэлгүй байсан юм. Тэгээд орой болохоор эмээ нь “Миний охин нөгөө шү-шагаа унш даа. Эмээд нь үзэж, харах ч юм олдохгүй нь. Охиныхоо шү-шаг нэг сонсоё” гэдэгсэн. Тэгээд ээж бид хоёр Чимэдээг үнэн ч уншаад байгаа юм уу, худлаа ч уншаад байгаа юм уу мэдэхгүй хэрнээ алгаа ташаад л хөхрөлдөөд суудаг байж билээ. Даанч би гэж урагшгүй толгой сургуульд нь үргэлжлүүлж суралцуулж чадаагүй юм” хэмээн санаа алдав. Тэрбээр цааш нь “Гэхдээ миний амьдралд Б.Бат-Эрдэнэ аварга, Д.Дагвадорж нар их тус болсон юм шүү. Б.Бат-Эрдэнэ аваргатай анх уулзах гээд өрөөнд нь ороход намайг ядуу, зүдүү гээгүй. Хүүг минь сургуульд оруулахад, дараа нь Солонгос явахад ч маш их тусалсан. Нутгийн эгч, Д.Майдарын ээж  гээд надад хачин сайн.

Харин Дагваа аварга охиныг минь “Энэ Монголын нэрийг гаргах хүүхэд” гээд Япон руу чөлөөт бөхийн сургуульд явуулсан. Даанч өнгөрсөн жил миний бие муудаад хүүхдүүд маань бүгд хүрээд ирсэн. Гэхдээ охин маань Японд суралцсан жил гаруйн хугацаанд хэчнээн их зүйл сурсан нь энэ тэмцээнээс харагдлаа. Чимэдээ Дагваа аваргыг “Доржоо ах” гээд утсаар ярина. Японд байхдаа Сачи гэдэг охинтой сайхан найзалдаг байсан тухайгаа надад хэлж байсан юм. Ээж ээ, намайг Дэлхийн аваргад явахад Сачи маань бэлтгэл хангадаг байсан шүү дээ гээд ярьдаг юм. Нэг удаа Чимэдээгийн гэдэс өвдсөн чинь Сачи шууд гэртээ аваачаад ээждээ үзүүлсэн гэсэн.

Ээж нь эмч хүн байдаг юм билээ” гэв. Чимэдээ Хятад сургуулиасаа гараад гэр ойрхон гээд 44 дүгээр сургуульд суралцаж байжээ. Харин дараа нь нийслэлийн Баянзүрх дүүргийн  79 дүгээр сургуулийг дүүргэсэн байна. Шархадны 79 дүгээр сургуулиас Э.Бадар-Ууган, Н.Төгсцогт нарын аваргууд төрсөн. Харин ширэн бээлийт ах нарынхаа залгамж халаа болсон С.Цэрэнчимэд охин дэлхийн дэвжээнд зодогложээ. Нагац нар нь “Зовсны эцэст жаргадаг гэж үнэн юм байна. Эгч минь энэ олон жил ганцаараа үр хүүхдээ өсгөх гэж чамгүй зовлон үзсэн.  Үр хүүхдүүд нь томроод тусад орж, сайхан амжилт гаргаад эгч минь одоо л нэг нуруу тэнийж байна даа” гэв.

Дэлхийн аварга  гэртээ ирлээ 

Чимэдээг спортод “дурлуул­сан” хүн бол яах аргагүй төрсөн ах болох Д.Майдар. Ах нь чөлөөт бөхөөр хичээллэдэг байсан бөгөөд гэмтлийн улмаас спортоо орхижээ. Гэр нь хол тул бэлтгэл, сургуулилтдаа очих гэж талдаа л 1.30 цаг зарцуулдаг байсан тухай Д.Майдар ярьсан юм. Улмаар спортод амжилт гаргахад ар, гэрийн ахуй амьдрал, хол, ойр байх хүртэл чухал нөлөөлдөг юм байна гэдгийг өөрийн биеэр мэдэрчээ. Харин дүүгээ өөрийнхөө хүрч чадаагүйд хүргэхээр их спортод уруу татсан байна. Д.Майдарыг сургуульд оруулах гээд Чимэдээг тэврээд явж байхад ээжтэй нь Ардын багш Дамдин таарчихаад “Наад охиноо 12 нас хүрэхээр нь над дээр аваад ирээрэй” гэж байсан гэдэг. Энэ ёсоор ах нь Солонгос руу явахаасаа өмнө “Алдар” спорт хороонд хүргэж, Дамдин багшид шавь оруулжээ.

Харин Чимэдээ Японоос ирээд Н.Хосбаяр багшийн удирдлага дор бэлтгэл, сургуулилтаа базаах болсон байна. “Алдар” спорт хорооноос Улиастай, Улиастайгаас Цайз хүртэл өдөр бүр явж, хатуу шаардлагын дор өдөр бүр олон цагаар бэлтгэл, сургуулилтаа базааж байсан нь талаар болсонгүй. Нэг удаа багш нь Чимэдээг “Жингээ хас, уул руу чулуу бариад алхаж бай” гэсэн гэдэг. Харин Чимэдээ нохойноос айдаг байсан тул ээжийгээ дагуулаад уул руу алхдаг байжээ. Амжилтын төлөө хөдөлмөрлөсөн 6-7 жил, урсгасан хөлс Ташкентын дэвжээнд үнэлэгдэж, төр түмнээ баясгалаа. Энэ тухайд ах Д.Майдар нь “Дүүгийнхээ барилдааныг интернэтээр үзсэн.

Ээж хажууд мэгзэм уншиж, залбираад байдаг, би сандарчихсан. Оноолт нь нэлээд чанга таарсан байсан. Би дотроо Орос, Японы бөхчүүдийг ялчихвал цааш айх зүйлгүй дээ гэж бодож байлаа. Яг алтын төлөө барилдахад нь миний дүү мөн үү гэж бодсон. Тэгж гоё мэдэрч, ажиллаж байгааг нь хараад энэ чинь миний жаахан дүү мөн үү л гэж бодож байлаа. Хамгийн гол нь дүү минь маш тайван барилдсан. Цаашид амжилтаа бататгаж, олимпод зодоглоно гэдэгт нь итгэлтэй байгаа” гэв. Харин эгч Д.Баярмаа нь дүүгийнхээ барилдааныг телевизээр үзэж чаддаггүй аж. Тэрбээр “Би ер нь их сандруу хүн. Тиймээс ч дүүгийнхээ барилдааныг үзэж чаддаггүй. Финалдах барилдааныг нь үзэж чадаагүй. Ээж, ах хоёрыг утсаар ярихгүй байхаар нь бүр хүлээж тэвчихгүй залгасан чинь ялчихсан гэсэн.

Дүүгээрээ маш их бахархаж байна даа” гэв. Манай сурвалжлах хэсэг дэлхийн аваргын гэрт нь энэ зуур хөөрөлдсөөр суутал нэг мэдэхэд С.Цэрэнчимэдийн газардах цаг дөхсөн байв. Ийнхүү бид Дэлхийн аваргаа тосохоор “Чингис хаан” олон улсын нисэх буудлыг гэр бүлийнхнийх нь хамтаар зорьсон юм. Онгоцны буудалд очиход хамаатан, садан, гэр бүлийнхнээс нь гадна нутгийн зөвлөлийн төлөөлөл, Дэлгэрхаан сумын Засаг дарга нарын албаны хүмүүс Дэлхийн аваргаа тосохоор хүрэлцэн очсон байлаа.  22.30 цаг. “За ирж байна. Хэвлэлийнхэн наашаа орох уу. Хамаатнууд, ээж, багшийг нь оруул” гэсээр тэнд байсан хүмүүс хөдөлгөөнд орж эхэллээ. Төд удалгүй  залуухан аварга маань баг тамирчдынхаа хамтаар гарч ирсэн юм.

Энэ бол 19 настайдаа аваргын алтан медалийн эзэн  болж монгол түмнээ баярлуулсан С.Цэрэнчимэд байлаа.“Алдар” спорт хорооны дарга, дархан аварга Г.Өсөхбаяр болон түүний багш Ц.Хосбаяр, Ц.Цогбаяр нар мэлтэлзсэн сүүтэй мөнгөн аяга, хадгаа барьсаар Дэлхийн аваргыг угтан авлаа. Бид С.Цэрэнчимэдтэй хамт гэр рүү  нь буцаж явсан юм. Чөлөөт бөхийн дэлхийн аваргад манай  баг тамирчид амжилттай оролцож, багаараа VI байрт шалгарсныг багийн ахлагч энэ үеэр онцолсон. Бид С.Цэрэнчимэдийг гэрийнхэнтэйгээ баяраа хуваалцахаас өмнө цөөн хором ярилцаж амжив. 

 

С.Цэрэнчимэд: Аавын минь оронд аав болсон Хосоо багшдаа баярлалаа

 

-Баяр хүргэе. Дэлхийн аварга болсон анхны сэтгэгдлээсээ хуваалцаач?

-Баярлалаа. Бэлтгэл сайн хангагдсан байсан болохоор ерөнхийдөө ялна гэдэгтээ итгэлтэй байсан. Дэлхийн аварга болсныхоо дараа бушуухан Монгол руу ярьж, дэмжиж, тусалдаг хүмүүстээ баярлалаа гэж хэлэхийг маш их хүсч байсан. Хамгийн түрүүнд ээждээ баярлалаа гэж хэлсэн. Танай сониноор дамжуулж  Хосоо багшдаа баярлалаа, аавын минь оронд аав болж, дэмжиж, тусалж, ихийг зааж, сургасан тандаа маш баярлалаа, хайртай шүү гэж хэлмээр байна. Бас ахдаа баярлалаа гэж хэлмээр байна.  Ах маань намайг суурьтай болгож байж, спортын замналыг эхлүүлсэн.

-Барилдах үеийн сэтгэл зүй ямар байв. Телевизээр харахад нэлээд тайван байх шиг байсан?

-Хосоо багшийнхаа дархан мэхүүдээр өрсөлдөгчөө ялсан. Долгор багшийнхаа хэлснээр сэтгэл зүйгээ маш сайн бэлдсэн. Багшдаа баярлалаа гэж дахин хэлмээр байна. Одоо Инчоны Азийн наадамд оролцоно. Маргаашнаас бэлтгэлдээ гарна даа. Ер нь тамирчин хүнд сэтгэл зүй маш чухал гэдгийг би мэдэрсэн. Өөртөө итгэлтэй байж, зорилгодоо хүрэхийн тулд тууштай байх нь чухал гэдгийг ойлголоо. Мэдээж тамирчин хүнд бэлтгэл, амралтаа зохицуулах нь чухал. Азийн наадамд 63 кг-д барилдахаар болсон. Бэлтгэлээ сайн хангана гэсэн төлөвлөгөөтэй байна.

-Цаашдын төлөвлөгөө юу байна?

-Миний хамгийн том мөрөөдөл бол барилгын инженер болох. Тиймээс ч ШУТИС-д энэ чиглэлээр суралцаж, эх орныхоо бүтээн байгуулалтад гар бие оролцохыг хүсдэг.

Лхагваа эгчийн бор охин дэлхийн энтэй тамирчин боллоо. Онгоцны буудал дээр охиныхоо медалиас адис авсан тэр дүр зураг одоо ч нүдэнд харагдах шиг. Ямартай ч амжилт гаргахад хувь хүний хичээл, зүтгэл, хөдөлмөр чухал гэдгийг С.Цэрэнчимэд үеийнхэндээ үлгэрлэлээ. Сурвалжлагаа түүний хэлсэн “Хүн өөртөө итгэх ёстой” гэсэн үгээр өндөрлөе. Их спортын тухай яриа, аваргын амжилт, алтан медалийн эзэн ирэх өдрүүдийн ярианы сэдэв байх биз ээ.

ШУТИС-ийн удирдлага 19 настай Дэлхийн аваргад төлбөргүй сурах урилга гардуулахаа мэдэгдлээ ЭНД ДАРЖ уншина уу.

Х.ӨНӨРЖАРГАЛ

Эх сурвалж: "МОНГОЛЫН МЭДЭЭ" сонин
 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж