Өвөрхангай аймгийн Сант суманд 15 настай С.Мягмарсүрэн тарваганы давсаг залгиснаас болж, залгиур хоолойн тарваган тахал өвчин туссан билээ. Энэ талаар өнөөдөр Эрүүл мэндийн яамнаас сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ.
С.Мягмарсүрэн хүүд эрүүл мэндийн үйлчилгээг шуурхай үзүүлснээр бие нь сайжирсан байна. Мөн хүүгийн эцэг, эх тарваганы хүн мах, цөсийг залгисан байсан тул шинжилгээнд хамруулахад өвчний шинж тэмдэг илрээгүй аж.
Тарваган тахал өвчөөр хүн халдварласан тул тухайн бүс нутагт хөл хорио тогтоосон юм байна. Хөл хориог есдүгээр сарын 10-нд тогтоосон байсан ч маргааш цуцлахаар болжээ. Өвчний голомтод бүсэд байгаа 62 иргэнийг бүгдийг үзлэг шинжилгээнд хамруулахад өвчний шинж тэмдэг илрээгүй аж.
Тарвага агнахыг хуулиар хорьсон ч энэ чиглэлийн ав хийгдэж байгааг дээрх үйл явдал харуулж байгаа юм. Хүүгийн эцэг, эхийн мэдүүлснээр тарваганы махыг захаас худалдаж авсан гэнэ. Хууль хяналтын байгууллагууд энэ дагуу тарвага агнасан иргэнийг тогтоохоор ажиллаж буй юм байна.
Сануулахад, мэргэжлийн байгууллагаас өгч байгаа мэдээллээр 17 аймгийн 137 суманд тарваган тахлын голомт байдаг аж. Энэ жилийн тухайд, тарваган тахлын дөрвөн тохиоддол бүртгэгджээ.
Мөн Зоонозын өвчин судлалын үндэсний төвд өдөрт дунджаар 10 орчим тарваганы боодог хураагдан ирдэг гэнэ. Тиймээс Нийслэлийн засаг дарга захирамж гаргаснаар хотын эргэн тойронд пост гарган ажиллах болжээ.
В.ТУЯА