Хамгийн алдартай сүүлт одод

Хуучирсан мэдээ: 2010.07.02-нд нийтлэгдсэн

Хамгийн алдартай сүүлт одод

2009 онд Роберт Макнот дэлхийд ойртож яваа С/2009 R1 гэдэг сүүлт од нээжээ. Сүүлт од нь төв хэсэгтээ өтгөн гэрэлтэй, сүүлтэй мэт харагдах нарны аймгийн биетүүд юм.

Ньютон дэлхийн таталцлын хуулийг нээхээсээ өмнө яагаад сүүлт одод тэнгэрт харагдаад алга болдгийг тайлбарлаж чаддаггүй байжээ. Сүүлт одод гонзгой, зууван битүү тойргоор эргэлдэж, наранд удаа дараа дөхөж очдогийг Галлей баталсан байна. Сүүлт одод тийм ч олон биш бөгөөд тэдгээрийг ажигласан хугацаанд дөнгөж мянга орчим сүүлт од бүртгэгджээ. 172 сүүлт од богино хугацааных буюу өөрөөр хэлбэл тэдгээр нь 200 жилд нэг удаа нарны хажуугаар нисч өнгөрдөг байна. Гэхдээ олонх сүүлт од 3-9 жилд нэг удаа нисч өнгөрдөг ажээ.

Нарны аймаг дахь сүүлт оддын зам хамгийн алс холын гариг болох Дэлхий вангийн тойрог замаар хязгаарлагддаг байна. Өөрөөр хэлбэл, дэлхийгээс нар хүртэлх зайнаас 40 гаруй дахин алсад байна гэсэн үг. Тийм сүүлт оддыг дэлхийгээс удаа дараа ажиглаж байжээ. Олонх сүүлт од тэдгээрийг нарны аймгийн хязгаараас хол авч явдаг маш гонзгой тойрог замаар эргэлддэг байна. Тийм сүүлт одод дөнгөж нэг удаа үзэгдээд дараа нь хэдэн мянган жил дахин үзэгддэггүй.

Сүүлт одыг анх нээсэн хүнийх нь нэрээр нэрлэдэг байна. Хэрэв нэг хүн хэд хэдэн сүүлт од нээсэн бол нэрийн ард дугаар /Вильда-1 сүүлт од, Вильда-2 сүүлт од гэх мэт/ тавьдаг.

Дэлхийд 75,5 жил тутамд буцаж ирдэг, нарыг тойрсон урт зууван тойрог замаар эргэлддэг хамгийн нэртэй сүүлт од бол Галлейн сүүлт /1Р/Галлей/ од юм. Тэр МЭӨ 239 оноос хойш 30 удаа харагджээ. Сүүлчийн удаа 1986 онд харагдсан бөгөөд дараагийн удаа 2061 онд харагдана. 1986 онд түүнийг гариг хоорондын таван тандагч хиймэл дагуул ойрын зайнаас судалжээ. Сүүлт одны зургийг 1500 удаа авсан байна. Энэ сүүлт од мөс тоосноос бүрэлдсэн бололтой хатуу цөмтэй болох нь ажиглалтын үр дүнд бүрэн батлагджээ. Тэр цөм нь 14х7, 5х7,5 км-ын хэмжээтэй төмс маягийн хэлбэртэй байж.

Дэлхийд хамгийн ойрхон сүүлт од Лекселийн сүүлт од дэлхийгээс 2,2 сая км холуур өнгөрдөг. Түүнийг Шарль Мессье 1770 оны зургадугаар сарын 14-нд нээжээ. Гэвч Андрей Иванович Лекселийн нэрээр нэрлэсэн байна. Тэр түүний тойрог замыг судалж, хийсэн тооцооныхоо үр дүнг 1772, 1779 онд нийтлүүлж байжээ. Уг сүүлт од 1770 оны долдугаар сарын 1-нд дэлхийд хамгийн их буюу 0,015 астрономын нэгжээр ойртсон байна. Өөрөөр хэлбэл 2,244 сая км.

Энке /2Р/Энке/ сүүлт одыг 1786 онд Францын одон оронч Пьер Мешен анх ажиглажээ. Түүнийг 1795 онд Каролина Гершель, 1805 онд Жан Луи Понс болон бусад хүн судалсан байна. 1818 онд Понс дахин ажиглажээ. Германы одон оронч Иоганн Энке 1819 онд анх удаа тойрог замыг нь тооцоолж, түүнийг 1786, 1795, 1805 онд ажиглагдсан сүүлт одуудтай ижил болохыг тогтоожээ. Энэ сүүлт од 100 тойрог замаар 3,3 жилд нэг удаа эргэдэг бөгөөд нээгдсэн сүүлт оддын дотроос хамгийн богино хугацаанд эргэлддэг нь ажээ. Уг сүүлт од радиусаараа 3,1 км бөгөөд наранд хамгийн ойртох зай нь 0,331 астрономын нэгж гэнэ.

Хейла-Боппын /С/1995 01/ сүүлт од бол маш том хэмжээтэйгээрээ онцлог. 20 зууны хамгийн хурц сүүлт одны нэг юм. Түүний цөм нь хөндөн огтлолоороо 90 км байна. Сүүлний урт нь 148 сая км бөгөөд 2380 жилд нэг удаа тойрог замаараа эргэдэг.

Жакобини-Циннерийн /21Р/Жакобини-Циннер/ сүүлт одыг 1900 онд Жакобини, 1913 онд Циннер нээжээ. 6,52 жилд нарыг тойрон эргэдэг голчоороо 6 км. Заримдаа аравдугаар сард ажиглагддаг Драконид гэдэг солирын урсгал энэ сүүлт одтой холбоотой байна. Сүүлт одны эгэл хэсгүүд дэлхийн агаар мандалд нэвтрэн ороход энэхүү солирын урсгал үүсдэг ажээ.

Биелийн /3D/Биел/ сүүлт од бүрэн харагдахаа болихынхоо өмнө 2 хуваагддаг бөгөөд хамгийн үзэсгэлэнтэй сүүлт од юм. Түүнийг 1772 онд Францын одон оронч Монтен Лимож нээжээ. Австрийн одон оронч Вильгель Йозефштат Биел 1826 онд дахин олж, тойрог замыг нь хангалтай нарийн тооцоолсон байна. 6,6 жилд тойрог замаараа нэг удаа эргэдэг. Энэ сүүлт од 1846 онд харагдахдаа мөн хоёр хэсэг болон хуваагджээ. 1852 он гэхэд 2 хэсэг хоорондоо 2 сая км-ын зайтай оршиж байсан боловч нэг тойрог замаар хөдөлж байв. Түүнээс хойш харагдахаа больсон байна.

Веста /С/1975 V1/ сүүлт од энгийн нүдээр харагддаг хамгийн хурц сүүлт од юм. Тэр 1975 онд харагдсан байна. Сүүл нь тэнгэрийн том гурвалжин хэсгийг бүрхэж, цөм нь дөрвөн хэсэгт хуваагдан ер бусын идэвхтэй шинж тэмдгийг харуулж байжаа.

1913 оны арванхоёрдугаар сард Аргентины одон оронч Делаваны нээсэн /С/1913 Y1/ хурц сүүлт од 1914 онд олон сарын турш харагдаж байжээ.
 
Д.Жаргал

www.inet.mn

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж