-Хуучнаар Югославын бүрэлдэхүүнээс хойш Сербийн шигшээ баг Дэлхийн аваргын финалд шалгарсан түүхэн амжилтыг үзүүллээ.–
Баасан гаригт(09.12) Испаний Мадрид хотын 15 мянган хүний суудалтай "Barclaycard Arena"-д болсон дэлхийн аварга шалгаруулах тэмцээний хагас шигшээ тоглолтод Сербийн сагсчид Францын багийг 90-85-ын харьцаагаар хожиж, аваргын төлөө тоглохоор шалгарлаа. Шөвгийн наймд Испаний шигшээ багийг хожиж шуугиан тарьсан 2013 оны Европын аварга Францын шигшээ баг Сербийн багийг хожиж чадсангүй. Тоглолтын эхнээс санаачлагыг гартаа авсан сербчүүд 46-32-ын харьцаагаар эхний хагасыг өндөрлүүлсэн. Францын шигшээ гуравдах үеийг 15-14, сүүлийн үед 39-29-ийн харьцаагаар илүүрхсэн ч 85-90-ийн харьцаагаар ялагджээ. Энэхүү тоглолтыг 13 470 үзэгч үзжээ.
Сербийн шигшээ баг энэхүү дэлхийн аваргад “А” хэсэгт хоёр хожил, гурван хожигдолтой дөрөвдүгээр байраар шалгарч хасагдах шатанд Грек, Бразил, Францын багийг хожиж, аваргын төлөө шалгарлаа. Хуучнаар Югославын бүрэлдэхүүнээс хойш Сербийн шигшээ баг Дэлхийн аваргын финалд шалгарсан түүхэн амжилтыг үзүүллээ. "Грек-1998", "АНУ-2002"-д түрүүлэхдээ Югославын нэрийн өмнөөс тоглож байсан Сербийн шигшээ баг "Турк-2010"-т дөрөвдүгээр байрт шалгарчээ. Тэд аваргын төлөө NBA-ийн залуу ододоор бүрдсэн АНУ-ын шигшээ багтай ням гаригт тоглох юм.
Хүрэл медаль:
09.13 Мадрид хот: Литва-Франц
Алтан медаль:
09.14 Мадрид хот: АНУ-Серб тус тус тоглоно.