Ирэх ням гариг буюу есдүгээр сарын 14-ний 12.00 цагаас Монголын хөлбөмбөгийн холбооны цэнгэлдэх хүрээлэнд 5000 бөмбөгийг гардуулах ёслол болон "Супер цом"-ын шигшээ тоглолт болох билээ. Тус тэмцээний хаалтын ажиллагааны үеэр "Татар" хамтлаг ая дуугаа өргөх аж.
Монголын Хөлбөмбөгийн Холбооноос “Хүүхэд -хөлбөмбөг-ирээдүй” хөтөлбөрийн “Албан ёсны түнш” байгууллага “MCS Coca Cola” компанитай хамтран “5000 бөмбөг” төсөл хэрэгжүүлж байна. Уг төслөөр улсын хэмжээний ерөнхий боловсролын 800 гаруй дунд сургуульд хөлбөмбөгийн бөмбөг болон хөлбөмбөгт суралцах гарын авлага ном түгээх юм. Мөн энэ өдөр “Хоромхон”, "Эрчим” багуудын хожсон баг "Супер цом"-ын эзнээр тодрох юм.
Хөлбөмбөгийн хорхойтон үзэгч та бүхэн амралтын өдрөө бяцхан хөлбөмбөгчдийн үзүүлэх тоглолт болон Монголын шилдэг хоёр багийн тоглолтыг үзэж, "Татар" хамтлагийн ая дууг сонсоорой. Тэмцээн үнэ төлбөргүй.
Ч.ШАРХҮҮ