-Монголын шигшээ багийн тамирчид нэг алт, гурван хүрэл медаль хүртсэн амжилтыг үзүүллээ.–
Есдүгээр сарын 8-нд Узбекийн нийслэл Ташкент хотноо эхэлсэн бөхийн чөлөөт барилдааны Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн ирэх ням гаригт сонгомол бөхийн төрлөөр өндөрлөнө. Тэмцээний эхний өдрүүдэд чөлөөт бөхийн эрэгтэйчүүд, лхагва гаригт эмэгтэйчүүдийн барилдаан эхэлсэн бөгөөд өнөөдөр дуусаж байна. Харин эрэгтэйчүүдийн сонгомол бөхийн барилдаанаар дэлхийн аваргын тэмцээн үргэлжилж, есдүгээр сарын 14-нд өндөрлөнө.
Чөлөөт бөхийн эмэгтэйчүүдийн сүүлийн жин болох 63 кг-д Олимпийн хүрэл медальт, ДАШТ-ний алт, мөнгө, Оюутны зуны Универсиад наадмын алт, Ази тивийн аварга шалгаруулах тэмцээний мөнгөн медальт, Гавьяат тамирчин Соронзонболдын Батцэцэг барилдаж, тэмцээнээ дуусгалаа.
Тэрээр эхний тойрогт Японы бөх Рио Ватаритай барилдаж цэвэр ялсан ч хоёрдугаар тойрогт ДАШТ-ий алт, мөнгө, хүрэл медальт АНУ-ын бөх Елена Приожковат 4:6-ын харьцаагаар ялагдсан. Орос гаралтай АНУ-ын бөх Елена Приожкова Канадын Даниель Лаппаже, ДАШТ-ий хошой хүрэл медальт Польшийн Михалик нарыг ялж, алтан медалийн төлөө барилдахаар шалгарсан.
С.Батцэцэгт дагах барилдаан гарч Латвийн бөх Анастасия Григореватай барилдсан ч цаг дуусахаас 15 секундын өмнө цэвэр ялагдлаа. Европын хоёр удаагийн аварга Григорева цааш барилдах эрхийг авсан юм. Ийнхүү Монголын шигшээ багийн тамирчдын тэмцээн дуусаж байна.
Бөхийн чөлөөт барилдааны ДАШТ-д оролцсон Монголын шигшээ багийн тамирчид нэг алт, гурван хүрэл медаль (Эрэгтэй, эмэгтэй нийт) хүртсэн амжилтыг үзүүллээ.
Эрэгтэйчүүдийн 44 дэх удаагийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд Монголын шигшээ багийн тамирчдаас Э.Ням-Очир (61 кг), Г.Мандахнаран (65 кг) нар хүрэл медаль хүртэж, багийн дүнгээр 106 орноос зургадугаар байрт жагслаа.
Эмэгтэйчүүдийн 25 дахь удаагийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд 60 кг-д барилдсан Залуучуудын дэлхийн аварга, Ази тивийн аварга шалгаруулах тэмцээний хүрэл медальт Сүхээгийн Цэрэнчимэд алтан медаль хүртэж, 75 кг-д ДАШТ-ний мөнгө, хүрэл, Азийн наадмын хүрэл, Ази тивийн аварга шалгаруулах тэмцээний хоёр мөнгө, гурван хүрэл медальт, Гавьяат тамирчин Очирбатын Бурмаа хүрэл медаль хүртлээ.
Э.Ням-Очир, С.Цэрэнчимэд (19 настай) нар дэлхийн аваргын анхны медиалиа хүртээд байгаа бол Гавьяат тамирчин Г.Мандахнаран хошой хүрэл, Гавьяат тамирчин О.Бурмаа гурав дахь медалиа зүүлээ.
Ч.БОЛОР