Дэлхийн аварга С.Цэрэнчимэдийн гэрт зочиллоо

Хуучирсан мэдээ: 2014.09.12-нд нийтлэгдсэн

Дэлхийн аварга С.Цэрэнчимэдийн гэрт зочиллоо

Узбекийн Ташкент хотноо үргэлжилж байгаа чөлөөт бөхийн ДАШТ-нээс эмэгтэйчүүдийн 60 кг-ийн жинд манай улсын тамирчин ОУХМ С.Цэрэнчимэд алтан медаль хүртэж, дэлхийн аварга болсон билээ. Тэрбээр тэмцээний гурав дахь өдөр Азарбейжаны бөх Раткевичтай алтан медалийн төлөө барилдаж 12:3  харьцаатайгаар илт давуугаар ялж, 19 насандаа ийнхүү дэлхийн аварга болж, Монголынхоо нэрийг дэлхийн тавцанд дуурсган юм.

Өчигдөр бид түүний ээжийнд очиж, охиных нь Дэлхийн аварга болсон энэхүү баярт үйл явдлыг хуваалцлаа. Дэлхийн аварга С.Цэрэнчимэдийнх Цайз захын хойно Алтан-Өлгийд байдаг юм байна.

Биднийг очиход түүний ээж Д.Лхагвадулам “ Охин минь Дэлхийн аварга болж бид бүхний хөл газар хүрэхгүй хөөрцөглөж байна. Та нарыг ирэхээс өмнө гялс Нарантуул зах явж ойр зуурын хүнсээ цуглуулаад ирлээ” хэмээн хоол, цай хийчихсэн хүүхдүүдийнхээ хамт угтлаа.

С.Цэрэнчимэд эхээс дөрвүүлээ айлын бага охин юм байна. Дээрээ хоёр ах, нэг эгчтэй. Тэрбээр 12 настай байхдаа ахдаа хөтлүүлэн Ц.Хосбаяр багшид шавь орсноор энэ их амжилтынхаа гарааг эхэлж байжээ.

 

Охиныхоо барилдааныг интернэтээр үзэж, тэнд жүжиг тоглосон шүү

Ингээд Дэлхийн аварга С.Цэрэнчимэдийн ээж Д.Лхагвадуламтай ярилцлаа.

-Юуны өмнө танай гэр бүлийнхэнд баяр хүргэе. Таны охин Дэлхийн аварга хэмээх энэ их амжилтын эзэн боллоо шүү дээ. Үнэхээр гайхалтай барилдааныг үзүүллээ?

-Баярлалаа, маш их баярлаж байна. Миний охин зорилгоо биелүүллээ. Тэмцээнд явахынхаа өмнө “Охин нь зорилгоо биелүүлээд ирнэ ээ” гээд хацар дээрээ үнсүүлээд явсан юм. Өчигдөр ялалт байгуулсныхаа дараа наашаа залгаад “Ээж ээ, би зорилгоо биелүүлчихлээ” гээд уйлж байсан. Охиноороо үнэхээр их бахархаж байна. Охины минь гаргасан амжилтаар Монгол орон даяараа л баярлаж байна. Миний охиныг өдий зэрэгтэй болгосон “Алдар” спорт хорооныхонд үнэхээр баярлаж явдаг юм.

-Охиныхоо барилдааныг та шууд үзэж байв уу?

Манайх зурагтгүй болохоор охиныхоо барилдааныг өдөр интернэтийн газарт орж үзсэн. Оройных нь аваргын төлөөх барилдааныг Сүлд телевизийн студид үзсэн. Хүү бид хоёр их хөгтэй. Өдөр барилдаан эхлэхийн өмнө Спортын төв ордонд охиныхоо багш дээр очиж интернэтээр яаж үзэхийг нь заалгасан юм. Тэгээд хажуугийнх нь интернэтийн газарт орж барилдаанаа шууд үзсэн. Бид хоёр тэнд бараг жүжиг тоглосоон. Охин минь мундаг мундаг мэх хийж ялаад л бид хоёр хажуугаас нь уухайлаад л, залбираад л мөргөөд л… Гэтэл тэнд сууж байсан залуус бид хоёрыг бүр гайхаад  л хараад байсан /инээв/.

 

Японы бөхтэй барилдахдаа тэр мундаг мэхийг хийгээд өргөөд тавихад л дэлхий даяараа гайхагдаж байна гэсэн. Монголын бөх, монголын эмэгтэйчүүд ингэж мундаг барилддаг шүү гэдгийг миний охин дэлхийд харуулж байна даа.

-Алтан медалийн төлөө Азарбейжаны бөх Раткевичтай барилдсан. Манай тамирчны дэргэд Раткевич том биетэй, чац урттай бөх байсан. Барилдаан эхлэхэд танд юу бодогдож байв?

-Хоёр оноо авахад нь тайвшраад л ирсэн. Гэхдээ яах бол оо гээд бас айж л байлаа. Тэгээд хөлд нь орлоо гэхээр нь баярлаад, миний охин чинь их айхтар, хөлд нь орохоороо тавьдаггүй юм. “Хүүе нөгөө хөлийг нь шүүрээд аваарай” гээд л хашгирч байлаа шүү дээ тэр үед. Охин маань орой 21 цагаас барилдах байсан болохоор бид нар интернэтэд үзнэ гэж бодож байв. Гэтэл “Сүлд” телевизийнхэн биднийг студидээ уриад тэр телевиз дээр бид охиныхоо барилдааныг хамт үзсэн. Миний охиныг Дэлхийн аварга болсонд баярлаад тус телевизийнхэн өнөөдөр манай гэрт ирж телевизэр болон DDISH антень бэлэглэлээ. Одоо охиныхоо барилдаануудыг гэрээсээ үзэх бүрэн боломжтой болсон, Сүлд телевизийн хамт олонд маш их баярлалаа гэж хэлмээр байна.

-Танай охин хэдэн насандаа бөхийн спортод орж байв?

-Би хоёр  охин, хоёр хүү төрүүлсэн. Манай Цэрэнчимэд 1995 оных, хамгийн бага нь юм шүү дээ. Одоо 19 нас хүрч байгаа. Охиныг минь 12 настай байхад нь ах нь хөтөлж аваачин “Алдар” спорт хорооны тамирчин болгож байсан. Өөрийнхөө багш Хосоод дүүгээ даатгаж өгөөд л өөрөө Солонгос руу ажил хийхээр явсан юм. Миний хүү бас бөхөөр хичээллэж байсан.

-Дэлхийн аварга маань хэр сахилгагүй хүүхэд байсан бэ?

-Их сэргэлэн шүү, нүд нь гялтганаад л байдаг юм. Багш, хамт олон нь миний охинд их сайн. Миний охиныг Б.Бат-Эрдэнэ аварга болон Олимпийн хорооны Ц.Дамдин нар “Аварга” биеийн тамирын сургуульд оруулж байсан буянтай хүмүүс байгаа юм.

-Цэрэнчимэд Японд сурч байгаад сургуулиа төгсөөгүй хүрээд ирсэн гэдэг?

-Д.Дагвадорж аварга миний охиныг Япон руу сургуульд явуулсан юм. Охин маань тэнд их эрдэм сурчээ. Хөлд нь орохоороо хөлийг нь тавихгүй байна гэдэг чинь тэнд л сурсан эрдэм байхгүй юу. Өнгөрсөн өвөл миний бие жаахан чилээрхээд, тэгсэн охин маань надад санаа зовоод хүрээд ирсэн. Араас нь хүү маань бас БНСУ-аас ирсэн юм.

 

-Бид хэд охиныхоо амжилтыг гүйцэхгүй л байна шүү-

-Танай гэрийг олох гэж нэлээн будиллаа. Тэгсэн таныг энэ хавийнхан хар машинтай эгч гээд анддаггүй юм байна?

-Өө тэгнэ, хоёр жил гаруй таксинд явж байгаа болохоор намайг анддаггүй юм. Хүү маань Солонгост ажил хийж олсон мөнгөөрөө надад энэ сайхан машиныг /Toyota raum/ авч өгсөн.

Тэгээд л энэ тэргээрээ Цайз захаас Алтан-Өлгий чиглэлд ойр зуурхан хүн зөөгөөд болоод л байдаг юм. Өглөө 06 өнгөрөөгөөд л ажилдаа гарна шүү дээ. Тэгээд л сургуулийн хүүхэд болон ажилчид зөөнө, энэ хавийнхан чинь намайг андахгүй ээ. Түмэн олондоо тус дэм болоод ингэж явахдаа эгч нь дуртай, сайхан байдаг. Би бас охиныхоо жолооч нь байхгүй юу. Охиноо хүргэж өгнө, авна гээд ажил мундахгүй шүү. Манай гэр төв замаасаа хол болохоор эмэгтэй хүүхдийг ганцааранг нь явуулж болохгүй. Манай охин “Ээж тэрийг аваад хурдан хүрээд ир” гэнэ. Эгч нь бичиг баримтыг нь цуглуулаад л сүнгэнэнэ шүү дээ.

-Та хэзээ жолооч болсон бэ?

-Одоогоос долоо билүү найман жилийн өмнө жолооч болсон. Тэгээд портер барьдаг байсан. Нэлээд хэдэн жил барьсан байх шүү. Тэгсэн хүү маань “Ээжид портер томдоно оо” гээд жижиг тэрэг авч өгсөн. Одоо өөрөө портероо барьж байгаа.

-Танайх энд хэзээ нүүж ирсэн бэ. Сайхан байшин барьжээ?

-Би 2000 онд хүүхдүүдтэйгээ Хэнтий аймгаас нүүж ирсэн юм. Манайх чинь Хэнтий аймгийн Дэлгэрхаан сумын уугуул. Хүү маань Солонгост ажил хийж байгаад  явуулсан мөнгөөр нь бид энэ байшингаа эхлүүлсэн. Хараахан дуусаагүй байгаа.

Охиноо ирэхээс нь өмнө дуусгана гэсэн арай л амжсангүй. Бид хэд чинь охиныхоо амжилтыг гүйцэхгүй л байна шүү дээ /инээв/. Дүү нь ингэж амжилт гаргаж байгаа нь бас ахынх нь буян байгаа юм. Солонгост ажиллаж дүүгийнхээ тэмцээн уралдаанд явах зардлыг бүгдийг нь олж өгдөг байсан.

Мөн “Алдар” спорт хорооны Ц.Хосбаяр, Ц.Цогбаяр гээд охины минь хоёр багш бий. Охиныг минь гадаад руу тэмцээн уралдаанд явах гээд мөнгө хэрэг болоход энэ хоёр багш л “Багш нь зохицуулна аа” гээд л ивээн тэтгэгч  хайгаад гүйчихдэг. Тэгээд л ахтай нь нийлээд тал талаасаа цуглуулаад л миний охиныг тэмцээн уралдаанд явуулдаг.

-Гадаад руу тэмцээн уралдаанд явахад их зардал гарна биз?

-Шигшээ багт ороогүй байхдаа бол бүх тамирчид л хувиасаа зардлаа гаргадаг юм шиг байна лээ. Ер нь нэг тэмцээнд ороход дунджаар 2-3 сая төгрөгийн зардал гардаг. Улсын чанартай тэмцээн уралдаанд бол айхгүй улсаас даагаад. Төр засагтаа ч гэсэн эгч  нь их баярлаж байна, ганц манай охин ч гэлтгүй бусад тамирчдыг ингэж сайхан харж үзэж, олон улсын тэмцээн уралдаанд оролцуулж байгаад нь. Энэ бүхэн тамирчдад сэтгэл санааны их дэмжлэг болдог юм билээ.

-Танайхыг бөхийн удамтай гэж сонссон юм байна?

-Манай аав их том биетэй, бөхөд их сонирхолтой хүн байсан. Гэхдээ тухайн үедээ том л дарга хийж байсан болохоор барилдуулдаггүй байсан юм шиг байна лээ. Хүүхдүүдийн маань аавыг Хэнтий аймгийнхан андахгүй. Түүнийг заан Сүхээ, бүдүүн Сүхээ гэхээр бүгд мэднэ. Тийм л хүний хүүхэд дээ. Охин маань Дэлхийн аварга болж, Монгол Улсынхаа нэрийг дэлхийд гаргаж байгаад эгч нь их л баярлаж байна. Ах дүү, нутаг усныхан бүгд л баярлацгааж, баяр мэндчилгээ үргэлжилсээр байна. Аймаг, сум, хот гээд улс даяараа л баярлацгааж байна.

 -Дүүгээ 12 настай байхад нь өөрийнхөө багшид шавь оруулжээ-

Дэлхийн аварга С.Цэрэнчимэдийг 12 настай байхад нь бөхийн спортод хөтөлж оруулсан хүн бол түүний төрсөн ах Майдар. Тэрбээр 2001-2005 онд “Аварга” биеийн тамирын дээд сургуульд суралцаж төгссөн бөгөөд “Алдар” спорт хорооны тамирчин байжээ. Ингээд бага дүүгээ 12 настай байхад нь буюу 2007 онд өөрийн багш Хосоодоо даатгаж өгөөд БНСУ руу ажил хийхээр явсан аж.

Тэрбээр “Би хоёр эмэгтэй дүүтэй л дээ. Гэхдээ манай бага дүү Цэрэнчимэд маань надтай байнга ноцолдож тоглодог. Багаасаа л спортод авъяастай хүүхэд байсан. Тийм болохоор өөрийнхөө багшид шавь оруулсан. Хосоо багш миний дүүд их зүйлийг зааж сургасан буянтай хүн. Би Солонгост байхдаа өдөр бүр дүүтэйгээ утсаар ярьж, өнөөдөр ямар мэх заасан. Гэдэснийхээ дасгалыг хэдэн удаа хийсэн гээд байнга ярина. Хэрвээ би Солонгос руу явж ажил хийгээгүй байсан бол дүүгээ ингэж тэмцээнд уралдаанд явуулж чадахгүй байсан болов уу  гэж хааяа боддог юм. “Агаа би тийш ээ тэмцээнд явах гэсэн юм, тэдэн төгрөг хэрэгтэй байна” гэхэд нь “Явалгүй яахав. Амжилт гаргаарай гээд л” цуглуулсан хэдээ бүгдийг нь өгчихнө. Эхэндээ ч жилд 1-2 удаа явна, тэр зардлыг нь түүртэхгүй өгчихдөг байсан ч сүүлдээ ч дийлдэхээ байсан шүү. Тэгээд л хоол ундных нь зарлыг ч болов олоод өгчье гээд л үзнэ шүү дээ. Бэлтгэл сургуулилтынхаа үеэр хааяа бэртэл гэмтэл авна, тэгэхээр нь миний санаа зовоод нойр хүрэхгүй шүү дээ. Тэмцээнд явахынхаа өмнө 61 гармын тийшээ хэд хоног бэлтгэл хийсэн юм. Тэгсэн нэг удаа утас дуугараад автал дүү маань учиргүй уйлчихсан “Би хөлөө эвгүй болгочихлоо. Та яагаад над руу залгахгүй, над дээр ирэхгүй байгаа юм” гээд гомдчихсон байсан. Миний дүү чинь айлын бага юм болохоороо бас их эрх шүү дээ. Агаа агаа л гээд байдаг юм. Дүүгээ Дэлхийн аварга болоход нь үнэхээр их баярлаж, өөрийн эрхгүй баяр нулимс унасан шүү. Бүх Монголчууддаа баярлалаа гэж хэлмээр байна” гэлээ.

Эгэлгүй нэгэн охиныг төрүүлж, өсгөсөн энэ сайхан гэр бүлийнхэнтэй ярилцах үнэхээр сайхан байлаа. Охиных нь амжилтаар Монгол түмэн бахархаж байна.

Ц.ЭРДЭНЭЦЭЦЭГ

Эх сурвалж: eagle.mn

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж