Монгол Улсад байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 24 жилийн ойн өдөр маргааш тохионо. Түүхт өдөртэй холбогдуулж, УИХ-ын дэд дарга Р.Гончигдорж өнөөдөр Бага хурлын гишүүд болон Тамгын газарт ажиллаж байсан ахмадуудыг хүлээн авч уулзлаа. Уулзалтад Бага хурлын гишүүн асан Ж.Бямбадорж, Д.Ламжав, Ц.Өөлд, М.Энхсайхан нарын 10 гаруй эрхэм оролцож, 24 жилийн өмнө байгуулагдаж байсан Бага хурлыг эргэн дурссан юм.
Түүх сөхвөл, 1990 оны зургадугаар сард болсон ардчилсан чөлөөт сонгуулийн дүнд Улсын Бага хурал бүрэлджээ. Бага хурал нь 54 гишүүнтэйгээр таван жилийн хугацаатай ажиллахаар байгуулагдсан нь орчин цагийн байнгын ажиллагаатай парламент байгуулагдах суурь тавигдсан байна. Уг Бага хурал нь 1990 оны есдүгээр сарын 13-нд анхдугаар чуулганаа эхлүүлсэнээр жил бүрийн энэ өдөр байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны ойн өдрийг тэмдэглэж иржээ.
Таван жилийн хугацаатайгаар байгуулагдсан Бага хурлын Ардын Их хурлаас авсан хамгийн том даалгавар нь Шинэ Үндсэн хуулийг боловсруулж, батлуулах байлаа. Энэ үүргээ Бага хурлын гишүүд хоёр жилийн дотор багтаан гүйцэлдүүлснээр Шинэ Үндсэн хуульд заасан заалтын дагуу УИХ-д бүрэн эрхээ шилжүүлэх шийдвэр гаргаж байжээ. Монгол Улсын Шинэ Үндсэн хуульд олон намын тогтолцоог баталгаажуулж, иргэдийн үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх, эрх тэгш байдлыг хүлээн зөвшөөрч, түүний баталгааг хангах үүргийг төр хариуцахаар заасан байна. Мөн Монгол Улсын Ерөнхийлөгч, Засгийн газар, УИХ-ын тухай, Үндсэн хуулийн Цэцийн тухай болон БНМАУ-ын шүүхийн байгууламжийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийг баталсан нь төрийн байгууллын шинэ тогтолцооны эрх зүйн үндсийг бүрдүүлсэн гэж үздэг.
Эдийн засгийн харилцааны хувьд нийтийн өмчид суурилсан аж ахуйн социалист тогтолцоо дангаар ноёрхож байсныг халж, олон хэвшилт эдийн засагтай болох харилцааг хуульчлан баталгаажуулсан. Шударга өрсөлдөөнд үндэслэсэн зах зээлийн эдийн засгийн харилцааг тогтоож, түүнд төрийн оролцоог хязгаарлаж өгсөн. Хувийн ба нийтийн өмчийн аливаа хэлбэрийг хүлээн зөвшөөрч, төрийн өмчийг задлан хувьчлах, иргэд хувийн аж ахуй эрхлэх эрх зүйн үндсийг тогтоож, банк, гааль, албан татварын зэрэг хуулиудыг шинэчлэн баталжээ
Бага Хурал нь бүрэлдэхүүний хувьд дарга, орлогч дарга, нарийн бичгийн дарга, 50 гишүүнээс бүрдэж байжээ. Улсын Бага Хурлын даргаар Р.Гончигдорж, орлогч даргаар К.Зардыхан, нарийн бичгийн даргаар Б.Чимид нар сонгогдон ажиллаж байсан аж. Улсын Бага Хурлын удирдлага буюу дарга, орлогч дарга, нарийн бичгийн дарга нь намын суудалгүй, шууд Ардын Их Хурлаас нэр дэвшүүлэн сонгогдсон. Харин 50 гишүүний тухайд сонгогчдын 5, түүнээс дээш хувийн санал авсан намд Бага Хурлын гишүүний мандат буюу суудал хувь тэнцүүлэн хуваарилж (5 хувьд 1 мандат), намууд сонгуулиар авсан мандатынхаа тоогоор нэр дэвшүүлэн Ардын Их Хурлаас сонгосон юм байна. Улсын Бага Хуралд МАХН 33, Монголын ардчилсан нам 13, Монголын социал-демократ нам 4, Монголын үндэсний дэвшлийн нам 3 суудал тус тус авчээ.
Улсын Бага Хурал нь бүтцийн хувьд Төрийн байгуулалтын дарга нь С.Баяр, Хууль зүйн дарга нь Л.Цог, Эдийн засгийн дарга нь М.Энхсайхан, Нийгмийн бодлогын дарга нь Т.Очирхүү, Эмэгтэйчүүд, хүүхэд, залуучуудын дарга нь Р.Хатанбаатар гэсэн таван Байнгын хороотой үйл ажиллагаагаа явуулж иржээ.
Улсын Бага Хурал бүрэн эрхийнхээ хугацаанд нийт 27 хууль шинээр баталж, 19 хуульд нэмэлт, өөрчлөлт оруулжээ. Мөн олон улсын 17 гэрээ, конвенцийг соёрхон баталж, 11 хууль хүчингүй болгосон байна.
Ийнхүү байнгын ажиллагаатай анхны парламент болох Улсын Бага Хурал нь Монгол Улсын ардчилсан шинэ Үндсэн хуулийн дагуу сонгогдон 1992 оны долдугаар сарын 29-нд ажлаа эхэлсэн УИХ-д эрх мэдлээ шилжүүлэн өгснөөр үйл ажиллагаа нь дуусгавар болжээ.
Тэр цагаас хойш төрийн эрх барих дээд байгууллага УИХ нь ард түмний сонголтоор дөрвөн жил тутамд шинэчлэгдэн байгуулагдах болсноор эдүгээ зургаа дахь удаагийн сонгуулийн үр дүнд бий болсон УИХ хууль тогтоох, төрийн бодлого тодорхойлох бүрэн эрхээ хэрэгжүүлж байгаа юм.
Г.НАРАН