Энэ сарын 9-16-ны өдрүүдэд УИХ дахь МАН-ын бүлгийн дарга С.Бямбацогт Ховд аймагт ажиллаж байна. Тэрээр энэ хугацаанд тойргийнхоо арав гаруй сумын ард иргэдтэй уулзаж, ахуй амьдралтай нь танилцахаар төлөвлөсөн бөгөөд Дарви, Цэцэг, Зэрэг суманд ажиллажээ. Ховд нутгийн ард иргэдийн итгэлийг хоёр ч удаа хүлээн УИХ-д сонгогдсон хүүгээ нутгийн олон нь талархан угтан авчээ. Уулзалтын үеэр тэрээр УИХ-ын хаврын чуулганы үйл ажиллагаа, МАН-ын бүлгээс санаачлан хийсэн ажлууд, өргөн барьсан хуулийн төслүүдийн талаар танилцуулсан юм.
Нутгийн иргэдийн хувьд цалин, тэтгэвэр нэмэгдүүлэх, малчдын тэтгэврийн насыг наашлуулах хуулийн төслийг батлуулж өгөх, оюутнуудын сургалтын төлбөрийг бууруулах, Хөшөөтийн уурхайг нутгийн ард иргэдэд ашигтай байдлаар ашиглуулах хүсэлтэй байгаагаа уламжилсан байна. Мөн "Бэлчээрийг хувьчилж болохгүй, улс орон маань өрөнд баригдчихвал хэзээ төлж дуусах вэ, газар нутгаасаа өгөх үү, төр засаг маань бодолтойхон алхам хиймээр байна. Сөрөг хүчний зүгээс болохгүй зүйлийг нь хориглож, таслан зогсоож байх хэрэгтэй. Газрын тухай хуулийг буцаасан нь сайн зүйл болсон" хэмээн иргэд ярьж байв.
Энэ жил Ховд аймгийн хэд хэдэн сум 90 жилийн ойгоо тэмдэглэж байгаа бөгөөд Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн төрсөн сум болох Зэрэг сум аймгийнхаа төвтэй хатуу хучилттай замаар холбогдсон баярт үйл явдлаар ойгоо угтаж байна. Энэхүү замын хөрөнгө оруулалтыг шийдвэрлэхэд УИХ-ын гишүүн С.Бямбацогт, Д.Дэмбэрэл нар маш их идэвх санаачлага гаргаж ажилласанд нутгийн иргэд туйлын талархалтай байна. Мөн Дарви сумын 90 жилийн ойд зориулж иж бүрэн хөл бөмбөгийн талбай байгуулах хөрөнгө оруулалтын асуудлыг УИХ-ын гишүүн С.Бямбацогт шийдвэрлэж өгөв. Ингэснээр аймагтаа анхны хөлбөмбөгийн талбайтай сум болох юм байна. Харин Ард Аюушийн өлгий нутаг Цэцэг сумын түүхт ойд зориулж С.Бямбацогт гишүүн угталтын хаалга бүтээлгэж бэлэг барьсан аж.
Г.НАРАН