Монголын Үндэсний олимпийн хороо /МҮОХ/, Монголын спортын сэтгүүлчдийн холбоо /МССХ/ өнөөдөр хамтран ажиллах санамж бичиг байгууллаа. Гэрээнд МҮОХ-ны ерөнхийлөгч Д.Загдсүрэн, МССХ-ны ерөнхийлөгч Ч.Отгонбаатар нар гарын үсэг зурж, МҮОХ, МССХ-ны гишүүд ёслолд оролцов.
Спорт, олимпизмыг хөгжүүлэх их үйлсэд үргэлж хамтран ажиллаж, хослон зүтгэж ирсэн нэг фронтын хоёр дайчид ийн албан ёсны санамж бичиг байгуулснаар хүүхэд залуучуудад олимпийн хөдөлгөөнийг сурталчлах, спортоор хичээллэх, бие бялдарын өв тэгш хүмүүжил олгоход нөлөөлөх том зорилгоо улам өргөн далайцтай, хүртээмжтэй болж өргөжүүлэх чиглэлд хамтран ажиллах юм.
Монголын спортын сэтгүүлчдийн холбоо 1990 онд байгуулагдаж байсан бөгөөд ирэх жил болох 25 жилийнхээ ойд зориулж спортын болон сэтгүүлзүйн салбарт ажил хэрэгч, бүтээлч 25 ажил санаачлан зохион байгуулахаар зорьсны эхнийх нь энэхүү хамтын ажиллагааг өргөжүүлэх МҮОХ, МССХ хоорондын гэрээ ажээ.
Спортын талбарт тангараг өргөсөн мэт сэтгэл, зүтгэлээ зориулан ажилладаг спортын сэтгүүлчид хамтын ажиллагааны хүрээнд Олимпийн зөвлөл, спорт холбоодын үйл ажиллагаа, Монгол улсад шинэ тутам үүсч буй спортын төрлүүдийг залуучуудад сурталчлахад түлхүү анхааран ажиллаж, “Спорт-Олимпизм” аяныг дэмжин оролцоно.
МҮОХ-ны зүгээс хамтын ажиллагааны хүрээнд ОУОХ-ны ивээл дор зохион байгуулагддаг олимп, тив, бүсийн наадам, хүүхдийн наадам зэрэг арга хэмжээг сурвалжлахад спортын сэтгүүлчдийг хамруулж, тэдний мэргэжил, боловсрол, ажлын ур чадварыг нэмэгдүүлэхэд туслалцаа, дэмжлэг үзүүлэн ажиллах юм байна.
Ч.БОЛ