Ц.Хосбаяр: С.Цэрэнчимэд аварга болчихоод “Би багшдаа хайртай” гэсэн мессеж ирүүлсэн
“Алдар” спорт хорооны дасгалжуулагч Ц.Хосбаярыг “Баасан гаригийн зочин”-оор урилаа. Цэрэнбаатарын гэхээс илүү “Алдар”-ын гэдэг нэрээр танигдсан тэрээр нэгэн үе чөлөөт бөхийн төрлөөр тив, дэлхийн дэвжээнд эх орноо төлөөлөн зодоглож, мөнгөн медалийн тавцангаас бууж яваагүй юм.
Тэрээр 1993 оноос дасгалжуулагчаар ажиллаж Монголын чөлөөт бөхийн нэрийн хуудас болсон олон сайн тамирчныг бэлтгэсэн. Ц.Хосбаяр нь Узбекийн нийслэл Ташкент хотноо болж буй чөлөөт бөхийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний 60 кг-ын жинд алтан медаль хүртэж, Дэлхийн аварга болсон ОУХМ С.Цэрэнчимэдийн анхны багш юм.
-Юуны өмнө танд уншигчдынхаа болон чөлөөт бөхийн спортыг дэмжиж, тамирчдынхаа амжилтаар бахархаж байгаа монголчуудынхаа өмнөөс баяр хүргэе. Дэлхийн аварга С.Цэрэнчимэд хэдэн настайдаа таны шавь болж, чөлөөт бөхөөр хичээллэсэн бэ?
-Баярлалаа, та бүхэнд ч бас баяр хүргэе. Монголчууд Ташкентын тэнгэрт төрийн далбаагаа мандууллаа, бид чадлаа шүү дээ. С.Цэрэнчимэдийн маань ээж сайхан буурал байдаг. Ах нь Майдар гэж залуу бий. Тэр хоёр арван настай байхад нь бөх болгоно гээд над дээр хөтлөөд ирж байлаа. Би дасгалжуулагч болоод 3-4 жил болж байсан, хүүхдүүдийн маань амжилт ч гайгүй болоод байсан үе л дээ. Тэр хоёр “Таныг дасгалжуулагч болсон гэж дуулаад ирлээ” гэж байсан. Бодвол сонин, хэвлэлээс миний тухай уншсан байх. Бас тэдний гэр манай “Алдар” спорт хороотой ойрхон байсан юм.
-Ташкент руу ДАШТ-д явахын өмнө бэлтгэл хэр байв. Түрүүлнэ гэдэгт та итгэлтэй байв уу?
-С.Цэрэнчимэдийг Японоос ирсний дараагаас эхлэн бид хоёр дэлхийн аваргад түрүүлнэ гэж бэлтгэл хийсэн. Түүний төлөө цаг заваа харамгүй зориулж “Говь ресорт” руу өнжөөд нэг очиж байсан. Тэмцээн эхлэхэд гэртээ зурагтаа харж суухдаа анх сугалаа татахад нь шавийгаа түрүүлчихлээ дээ гэж бодсон шүү. Эхний тойрогт Оросын бөхийг ялсан. Хоёрдугаар тойрогт Японы бөхийг хожлоо. Аваргын төлөө Финляндынтамирчныг буулгаж авлаа. Эхний үед хоёр оноо алдах бол асуудал биш байсан. Дараа нь яаж барилдсаныг бүгд харлаа. Миний шавь 60 кг-ын жингийн бүх луугаруудыг хаялаа. Польшт болсон тэмцээнд ч Оросдоо нэг, хоёрт орох тамирчинг хоёуланг нь хожсон. Сая Гольц Ташкентад ирж байна. Тэгэхээр Орос ундаргатай байгаа биз. Гэхдээ миний шавьд хожигдлоо. Багш, шавь хоёрын хөдөлмөрийн үр шим гарлаа.
-Япон явахад нь харамсч байв уу?
-Эхэндээ жаахан харамссан. Харин онгоцны буудлаас шавийгаа үдэж байхдаа ирээдүйг нь бодоод баярлах шиг. Дагваа аварга Чимэдээг маань шахсаар байгаад Япон руу явуулсанд шавь бид хоёр баярладаг. Япончууд шиг системтэй бэлтгэл сургуулилтыг хийлгэдэг газар хаана ч байхгүй гэж би хэлнэ. Жилийн дараа багш дээрээ эргээд ирэхэд нь Чимэдээдээ их баярласан.
-Ингэхэд багш, шавь хоёрын анхны том амжилтыг сонирхоё. С.Цэрэнчимэдийг сайн бөх болох нь гэсэн багшийн болоод чөлөөт бөхийн спортын хүрээнийхний хүлээлт, мөн өөрийнх нь итгэл тэр л үед бий болсон байх, тийм ээ?
-Анх Баянзүрх дүүргийн аварга шалгаруулах тэмцээнд 79 дүгээр сургуулийн сурагч байхдаа орж, мөнгөн медаль хүртэж байлаа. Жилийн дараа улсын аваргад түрүүлсэн. Манай Чимэдээ хар багаасаа тэмцээн, уралдаанд орж тамирчны хат суусан. 16 настайдаа өсвөрийн улсын аварга болж цааш шат шатаар ахисан. Дээр нь Монголын чөлөөт бөхийн холбооны ерөнхийлөгч Д.Дагвадорж аварга маань Япон руу явуулсан. Тэндээс асар их юм сурсан. Тиймээс би Дагваа аваргад баярлаж явдаг юм, сэтгэл гаргасанд нь. Яагаад гэвэл Японы бөхчүүд мундаг, тэр ундарга дээр манай Чимэдээ очиж их юм сурсан. Тэгээд сая Японы бөхийг яаж хожсоныг бүгд харлаа шүү дээ. Чимэдээ маань Японоос ар гэрийн асуудлаар буцаж ирсэн л дээ, ээжийнх нь бие тааруухан байсан юм. Япон явахад нь эхэндээ жаахан дургүй байсан. Гэхдээ одоо баярлаж байна, Монголдоо ирж анхныхаа багш дээрээс дэлхийн аварга болно гэдэг том гавьяа.
-Дэлхийн аварга болоход нь таны дүү, “Алдар” спорт хорооны дасгалжуулагч Ц.Цогтбаяр захыг нь мушгиж явсан шүү дээ. Энэ бас ховорхон тохиолдол байх?
-Цогоо маань их хөгжилтэй, Чимэдээг хүрэл медаль авангуут над руу утсаар яриад “Та онгоцны билетийн газар руу очоод нэг хоног хойшлуулж өгөөч” гэсэн. Би хар өглөөгүүр Их дэлгүүрийн наад талын билетийн касс руу очиж учир байдлаа хэллээ. Тэд сайхан хүлээж авч “Ийм сайхан үйл явдлыг дэмжилгүй яахав” гээд билетийг нь сунгаж өгсөн юм. Ер нь бол өөрийн багш дэвжээний булан дээр байж байна гэдэг маш том зүйл байдаг юм шүү дээ. Чимэдээ маань Японд байхдаа над руу утсаар гурван цаг ярьдаг байсан. “Багш аа, өнөөдөр би Ёшидатай барилдлаа. Тэр ингэлээ, би ингэж барилдлаа. Цаашид яахав, миний жин ийм байна” гээд л ярьж зөвлөгөө авдаг байсан даа.
-С.Цэрэнчимэд хөл авах дархан мэхтэй юм уу даа, бид тэгж ойлгосон?
-Манай Цогоогийн мэх л дээ. Хөл аваад цааш барилдаан үүсгэдэг, тэндээсээ оноо авч давуу байдлаа хадгалдаг. Миний шавь тэр мэхийг өөрийн болгож сайн хийж байгаа. Бөхийн чөлөөт барилдаанаас оноо авч болох хамгийн боломжит хувилбар нь хөлд орох мэх юм. Энэ мэхээрээ олон хүчтнийг хожлоо.
-Бэлтгэл хангагч бараг байхгүй байна гэдэг манайхан үндэсний бөх рүү хошуурсных болов уу?
-Тэгэлгүй яахав. Японд мэргэжлийн тамирчдад зориулсан бэлтгэл хангагчийн орон тоо хангалттай байдаг. Тэнд бэлтгэл хийх, ачаалал даах чадвар, туршлага солилцох таатай орчин бүрдэж байдаг юм билээ. Цэрэнчимэд маань Японд ганцхан жил сурчихаад эх орондоо буцаад ирсэн. Энэ хооронд ямар их хувирсан байгааг та бид, бүх дэлхийгээрээ харлаа, бахархлаа. Хоёр, гуравхан бэлтгэл хангагчтай манайх шиг бэлтгэлийн системтэй орны бөхчүүд олон жил ноцолдоод хүсэл мөрөөдөлдөө хүрэхэд хэцүү. Монголын хүнд жингийн ганц лидер тамирчин Чулуунбатын бэлтгэлийг хангах биерхүү хүмүүс нь бүгд мөнгө хөөгөөд үндэсний бөх рүү хошуураад явчихсан. Тэгэхээр Чука маань өнөөдөр дэлхийн хэмжээний бөхчүүдтэй өрсөлдөх хэмжээний хөлс, ачаалал авч чадахгүй байна гэсэн үг. Үндэсний бөхөөр хүмүүс амьдралаа залгуулж болоод байна. Гэхдээ би тэднийг буруутгахгүй. Амьдрал залгуулах эх үндэс нь тэр байна шүү дээ. Гэвч жаахан сэтгэл гаргаж чөлөөтийн бөхчүүдээ дэмжиж портнёр болоод өгчихдөг бол их хэрэгтэй байна. Өнөөдөр манайд захын аймгийн заан л гэхэд 120 кг жинтэй байдаг. Ер нь их спортоор явсан хүн заавал амжилт гаргадаг, жишээ нь Б.Гончигдамбыг хар. Бас л 15-16 настай хүүхэд Завханаас бараг л гэрээсээ оргоод ирсэн, бөх болно гээд. Одоо ямар явж байна вэ. Чөлөөтөөр барилдаж, түүний зэрэгцээ үндэсний бөхөд бахдам сайхан амжилт гаргалаа. Өнгөрсөн жилийн үндэсний баяр наадмаар үзүүрлэж Монгол Улсын гарьд болсон.
-Таны шавь аль нутгийн хүүхэд вэ, С.Цэрэнчимэд?
-Аав нь Хэнтий аймгийн Цэнхэрмандалын хүн юм билээ. Өөрөө бол Багануурт төрсөн, тэгэхээр тэндхийн унаган хүүхэд гэж болох байх. Гэхдээ аав нь Хэнтийн хүн, манайхан аавынхаа харъяаг дагадаг даа.
-Ташкентын ДАШТ дуусаагүй, үлдэж буй өдрүүдэд манай бөхчүүд яаж барилдах бол. Та тэдэнд ямар найдвар тавьж харж байна?
-Гавьяат тамирчин, Дэлхийн аваргын алт, мөнгө, Олимпийн хүрэл медальт С.Батцэцэг түрүүлэх хэмжээнд барилдана. Тэр хүнд зангараг гэж байна, туршлага ч бий. Тэгээд манай З.Дүвчин багш тэнд өөрөө очсон. Өнгөрсөн жилийн ДАШТ-ний мөнгөн медальт Сумъяа гарцаагүй медалийн төлөө барилдана. ДАШТ-ний хошой медальт О.Бурмаа, Мөнхтуяа нар бас л аваргын төлөө барилдах ёстой, тэгэх ч байх гэж харж байна. Ер нь манай гол “хөзрүүд” тэнд барилдана даа. Бид нэг их шаналаад, яах бол гэж сандрах зүйл байхгүй. Бүгд амжилттай барилдана, зарим нь медалиа ихэрлүүлнэ, зарим нь аваргаа хамгаалах байх. Ийм л байна.
-Монголын эмэгтэй шигшээ баг сүүлийн үед огцом амжилт гаргаж байна гэж дүгнэж болох уу. Өнгөрсөн жил Дэлхийн аваргаас таван медаль авсан бол энэ жил медалийн буухиа үргэлжилж байна?
-Огцом гэдэгтэй би санал нийлэхгүй. Угаасаа л манай тамирчид тийм хэмжээнд барилдах болчихсон байсан. Тэрийг өнгөрсөн жилийн Дэлхийн цомын тэмцээн, ДАШТ-ээс харж болно. Цаашид эмэгтэй шигшээ багийнхан өндөрт гарсан энэ байдлаа хадгалах ёстой. Нөгөөтэйгүүр, манай багш нар сайн ажиллаж байна. Гэхдээ ганц шигшээ багийн багш нарыг ярьж болохгүй л дээ. Клуб дээр ажиллаж байгаа над мэтийн хүмүүсийн дуслуулсан хөлс, гаргасан хүч хөдөлмөр тэнд бас бий. Яагаад ингэж хэлж байна гэвэл, “Алдар” спорт хороо ноднин гурвын гурван тамирчин бэлтгээд гаргаж ирэхэд нэгийг нь ч ДАШТ-нд явуулаагүй нь надад гомдолтой санагдсан. Тэгэхэд энэ жил тэдний хоёр нь яваад нэг нь аварга боллоо. Өнөөдөр хүүхдийн наадмаас Дөлгөөн гэж эмэгтэй тамирчин мөнгөн медаль авлаа. Гэтэл манайхан анхан шатны багш нарыг орхиод байдагт гомдмоор. Яагаад гэвэл, анхан шатанд ажиллаж байгаа багш нарын хүчээр тэр баг босч байгаа юм шүү. Эрэгтэй ч тэр, эмэгтэй ч тэр. “Ам нээвэл уушги” гэгчээр үүнийг би хэнд ч, ямар ч даргад нь зоригтой хэлнэ. Манай эмэгтэй шигшээ багийн багш нар сайн ажиллаж байгаа. Дээр нь анхан шатны багш нар маань дэндүү сайн ажиллаж байна. Өнөөдөр нэр цууд гарсан тамирчид болсноос биш тэд анх ирэхдээ аравхан настай өнхөрч мэдэхгүй хүүхдүүд багшийн гар дээр ирж байсан. Спортын аль ч төрөлд ийм байдаг. Манай Мандахнаран гэхэд л улсын аваргаас ганц ч медальгүй хүүхэд бидний гар дээр ирж амжилт нь ахисан. Энд анхны багшийнх нь хүчин зүтгэл нэгдүгээрт, түүний дараа бидний хувь нэмэр орно. Дараа нь шигшээ багт голдирлоороо явж орсон.
-Мандахнарангийн барилдааны онцлогийн тухайд та юу хэлэх бол?
-Манай Мандахнаран барилдахын төлөө төрсөн хүүхэд байгаа юм. Барилдахаараа айх, бэргэх юм байхгүй. Сая гэхэд л 7:0 гэсэн онооны харьцаатай явж байгаад барилдах явцдаа нөхөж, гурван торгуулиар хөөнө гэхээр агуу байгаа биз дээ.
-Шигшээ багт орно гэдэг нэр хүндийн асуудал байх. Та хэдэн настай шигшээ багийн тамирчин болж байв?
-Мэдээж тэр бол нэр хүндийн асуудал. Би 18 настай шигшээ багт орж байлаа. Тэгэхэд Ч.Дамдиншарав багш маань намайг хүлээж авч байсан юм. С.Магсар багш маань ч байсан. Д.Оюунболд, Д.Баяраа, Ж.Бор гээд агуу хүмүүсийн гар дээр тэгж очсон. Би 1984 онд цэрэгт явж, тэндээсээ “Алдар” спорт хороонд ирж, одоо тэндээ байна. Багш нарынхаа тухай дурсахаар өөрийн эрхгүй нулимс гардаг. Миний анхны багш С.Сүрэнжав гэж ОУХМ байсан. 17-хон настай Ч.Дамдиншарав багшийн удирдлагад олимпод явж байлаа. Анх 1982 онд Барилгачин спорт клубт хичээллэж гараагаа эхэлсэн. Тэнд очсон эхний жилээ өсвөрийн улсын аваргаас хүрэл медаль хүртэж байсан юм. Дараа жил нь хүнд, хөнгөн жингийн улсын аваргаар бүх өрсөлдөгчөө ялж түрүүлсэн. 1984 онд цэрэг татагдаж “Алдар”-т ирсэн. Зүүнбаянгийн танкийн хорооноос намайг хэрэг болгож татаж авсан нь тэр л дээ. 1985 онд УАШТ-ээс хүрэл, 1986 онд хүрэл медаль хүртэж, 1987 оны Бүх ард түмний спартакиадад түрүүлсэн. Ид барилдаж байхдаа Европын бүх цуврал тэмцээнээс бүгдэд нь мөнгөн медаль хүртсэн. Түрүүлж үзээгүй, гэхдээ түрүүлсний дайтай барилдаж явсан. Мэдээж тамирчны хувьд надад харамсалтай үлдсэн, үдсэн тэмцээн ч бий. Тухайн үед намайг ирлэж байсан хүмүүс бол Д.Оюунболд, Д.Баяраа, Ж.Бор нар юм. С.Магсар багшаасаа би дасгалжуулагчийн ухааныг өвлөсөн.
Миний хувьд 1993 оноос “Монгени” сургуульд, 2001 оноос “Алдар”спорт хороондоо дагсгалжуулагч багшаар ажилласан. Дасгалжуулагч болоод зовсон, жаргасан үе бий. Одоо бол багш хүний жаргалыг эдэлж байна.
-Хэрвээ та шавьтайгаа дэлхийн дэвжээнд хамт гарсан бол…?
-Ташкент руу явах зардлаа бүрэн шийдвэрлүүлж чадаагүйгээс шавийнхаа барилдааныг телевизээр хараад хамт барилдаж, дэмжиж, бухимдаж суусан даа. Шавь нар маань амжилт гаргаж байвал би хаана байх нь чухал биш. Багш нар ч яахав. Тамирчдыг хохироож болохгүй юм шүү дээ. Ноднин жилийн улсын аваргаар миний гурван шавь түрүүлээд Дэлхийн аварга руу явахаар болсон байдаг юм. Гэтэл тэднээс маань хэнийг нь ч явуулаагүй. Би үүнд гомдолтой явдаг хүн. Тэгвэл энэ жил миний хоёр шавь ДАШТ-ээс алт, хүрэл медалийг авлаа. Тэдний хөдөлмөрийг шударгаар үнэлсэн одоогийн холбооны удирлагуудад баярлаж байна. Түүнчлэн анхан шатны багш нарын хөлс, хүч, хөдөлмөрийн ачаар өнөөгийн хүчирхэг баг бий болсон гэдгийг цохон тэмдэглэе. Тухайлбал Цэрэнчимэд маань манай дугуйланд анх ирэхдээ өнхөрч чаддаггүй жаахан охин ирж байлаа. Хүний балчир хүүхэдтэй харьцаж, бөх болгоно гэдэг амаргүй хөдөлмөр. Мандахнаран ч бас өсвөрийн улсын аваргаас ганц ч медаль авч үзээгүй жаахан хүү надад шавь орж байлаа. Тэдэнд өдий хэрийн ур чадвар, туршлага суулгахад ямар их хөдөлмөр, сэтгэлээ зориулдаг гэдгийг зарим хүн мэддэггүй юм билээ.
-С.Цэрэнчимэд тантай холбоо барьсан уу. Юу гэж ярих юм?
-Миний охин “Би багшдаа хайртай” гэдэг гурван үгийг мессежээр ирүүлсэнд багш хүний хувиар маш их баярласандаа. Энэ үгийг дахин дахин уншаад ханахгүй байна. Шавиараа бахархаж байна. Үүнээс илүү баяр гэж юу байхав. Монголчууд маань бүгдээрээ баярлаж байгаа байх.
Д.ЖАВХЛАН, Ч.ЗОТОЛ
Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин