Нигер, Франц ФИФА-гаас хөөгдөж болзошгүй

Хуучирсан мэдээ: 2010.07.02-нд нийтлэгдсэн

Нигер, Франц ФИФА-гаас хөөгдөж болзошгүй

Хэрвээ Засгийн газрууд хөлбөмбөгийн асуудалд хөндлөнгөөс оролцож байна гэж үзэх юм бол Нигер, Францын багуудыг ФИФА /хөлбөмбөгийн Дэлхийн цомын тэмцээнийг зохион байгуулагч Олон улсын хөлбөмбөгийн холбоо/ гишүүнчлэлээс хасч магадгүй байна. Нигерийн ерөнхийлөгч Гүүдлак Жонатан тус улсын хөлбөмбөгийн багийг муу тоглосны төлөө хоёр жилийн хугацаатайгаар олон улсын тэмцээнд оролцохыг нь хориглох шийд гаргасан. “ФИФА улс төрийн оролцоо хөлбөмбөгт нөлөөлөхөд маш дургүй. Энэ байдалд яаж хандах нь одоогоор тодорхойгүй байна. Тухайн улсын үндэстний хөлбөмбөгийн холбоог Фифа-гаас хасах хүртэл арга хэмжээ авч болзошгүй” гэж ФИФА-гийн хэвлэлийн төлөөлөгч “CNN” агентлагт ярьсан байна. Өнгөрөгч лхагва гаригт Нигерийн ерөнхийлөгч Жонатанын тэргүүлдэг Засгийн газар Нигерийн хөлбөмбөгийн холбоог задлаад оронд нь түр холбоо байгуулах шийд гаргаж байна. Түүнчлэн Гүүдлак Жонатан Ерөнхийлөгч Нигерийн хөлбөмбөгийн баг Дэлхийн цомын тэмцээнд амжилт муутай оролцсон тул хоёр жилийн хугацаанд гадаад явалгүй эх  орондоо тоглож өөрсдийн ур чадварыг сайжруул гэж шийдсэн талаар Ерөнхийлөгчийн зөвлөх Има Ниборо мэдэгдсэн юм.
ФИФА-гийн дүрэмд хэрвээ хөлбөмбөгт засгийн газруудын зүгээс ямар нэг байдлаар хөндлөнгөөс оролцвол тухайн улсын үндэсний холбоог ФИФА-гаас хасч болно гэж заасан байдаг аж. ФИФА-гийн ерөнхийлөгч Сепп Блаттер мөн Францын ерөнхийлөгч Николас Саркозид сануулга хүргүүлээд байгаа. Саркози Франц Дэлхийн Цомын тэмцээнд гашуун ялагдал амсч, муу тоглосон явдлын шалтгааныг биечлэн тодруулах мөрдөн шалгалт хийх болно гэж мэдэгдсэн юм. “Бид энэ хоёр тохиолдлыг хоёуланг нь судалж үзэж байгаа. Нигерийн хувьд гэвэл Засгийн газар нь бидэнд албан ёсоор мэдээлэл өгсөн. Энэ хоёр улсыг хоёуланг нь ч ФИФА-гаас хасч магадгүй” гэж Фифагийн харилцаа холбооны захирал Николас Мейнгот ярьж байна.

Т.Бадрах

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж