О.Бурмаа ДАШТ-ээс гурав дахь медалиа хүртлээ

Хуучирсан мэдээ: 2014.09.11-нд нийтлэгдсэн

О.Бурмаа ДАШТ-ээс гурав дахь медалиа хүртлээ

Чөлөөт бөхийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн Узбекийн Ташкент хотноо эмэгтэйчүүдийн тэмцээнээр үргэлжиллээ.

Өнөөдөр эмэгтэйчүүдийн 53, 58, 75 кг жингийн барилдаан болж, медалтнууд тодорлоо. Эдгээр жинд барилдсан Монголын бөхчүүдээс 75 кг-ын жинд өрсөлдсөн ДАШТ-ий мөнгө, хүрэл медальт, Монгол Улсын Гавьяат тамирчин Очирбатын Бурмаа хүрэл медалийн төлөө  Колумбийн бөх А.Олаяг 3:0 харьцаагаар ялж, ДАШТ-с хоёр дахь хүрэл медалиа хүртлээ.

Түүний хувьд ийнхүү ДАШТ-ээс гурав дахь медалиа зүүгээд байна.

О.Бурмаагийн хувьд эхний тойрогтоо гоц мөргөж, хоёрдугаар тойрогт дэлхийн аваргын алт, хүрэл медальт, Европын хошой аварга Украины Катерина Бурмистроватай барилдаж, 5:0-ийн харьцаагаар ялснаар шөвгийн наймд шалгарсан. Улмаар дэлхийн тав, Европын зургаан удаагийн аварга Болгарын бөх Станка Златеватай барилдаж, 6:3-ийн харьцаагаар ялснаар шилдэг дөрөвт багтсан юм. О.Бурмаагийн хувьд энэ барилдаан маш хүнд болсон бөгөөд 1:3-аар ялагдаж яваад, сүүлийн 5 секундын өмнө 4 оноо авч ялсан юм.

Манай бөх мөнгөн медалийн төлөөх барилдаанд Бразилийн бөх Алинэ Да Силвад 2:5-ын харьцаагаар ялагдсанаар хүрэл медалийн төлөө өрсөлдөж, ийнхүү Монголын эмэгтэйчүүдийн энэ тэмцээнээс хүртэж буй хоёр дахь медалийг эх орондоо авчирлаа.

Бөхийн чөлөөт барилдааны ДАШТ-д оролцож буй Монголын шигшээ багийн тамирчид одоогоор нэг алт, гурван хүрэл медаль /Эрэгтэй, эмэгтэй нийт/ хүртээд байна.

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж