Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийн дагуу өнгөрсөн наймдугаар сард Цагдаагийн ерөнхий газрын дарга Б.Билэгтийг ажлаас нь чөлөөлж оронд нь тус газрын тэргүүн дэд даргаар ажиллаж байсан С.Баатаржавыг томилсон билээ. Тэгвэл саяхан ЦЕГ-ын тэргүүн дэд даргаар, дэд комиссар Ж.Ганбаатарыг томилсон юм.
Ж.Ганбаатар нь ямар боловсролтой, хаана ажиллаж байсан талаарх мэдээллийг хүргэе. Тэрээр Цагдаагийн дээд сургууль, МУИС-ийн Хууль зүйн дээд сургуульд хууль зүйн магистр, АНУ-ын Колорадогийн Их сургуульд хууль зүйн мастер, АНУ-ын Холбооны мөрдөх товчооны Академи, БНХАУ-ын Гон-Конг муж, Япон, АНУ-ын Хавай, Жоржиа муж улсуудад өмчийн эсрэг гэмт хэрэг, хүн худалдаалах гэмт хэрэг, терроризм, зохион байгуулалттай гэмт хэрэг, олон улсын хуулийн чиглэлээр мэргэшлийн бэлтгэл сургалтад хамрагдсан байна.
Ажлын гараагаа ЦЕГ-ын Эдийн засгийн хэлтэст төлөөлөгчөөр эхэлж, тус газрын Эрүүгийн цагдаагийн газрын Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн ахлах төлөөлөгч, Эрүүгийн цагдаагийн газрын Онц хүнд зохион байгуулалттай гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэст тасгийн дарга, Эрүүгийн цагдаагийн газрын Зохион байгуулалттай гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэст тасгийн дарга. Мөн Эрүүгийн цагдаагийн газрын 3 дугаар хэлтэст тасгийн дарга, ЦЕГ-ын Хуулийн тасгийн дарга, ЦЕГ-ын Хуулийн хэлтсийн дарга, ЦЕГ-ын дэд дарга, ЦЕГ-ын Дэмжлэг үзүүлэх асуудал эрхэлсэн дэд даргын албыг тус тус хашжээ. Харин энэ сарын 8-наас эхэлж ЦЕГ-ын Тэргүүн дэд даргаар томилогдон ажиллаж эхэлсэн байна.
В.ТУЯА