АНУ-ын Төрийн департментын эмэгтэйчүүд

Хуучирсан мэдээ: 2014.09.11-нд нийтлэгдсэн

ХҮМҮҮС

АНУ-ын Төрийн департментын эмэгтэйчүүд

АНУ-ын Төрийн департментын эмэгтэйчүүд

АНУ-ын Төрийн департаментын хэвлэлийн албаны дарга Женнифер Псаки  түүний орлогч  Мари Харф хоёр өдөр бүр мөр зэрэгцэн АНУ-ын улс төрийн имижийн манаанд зогсож байна. Заримдаа инээдмийн бай болчихоод байдаг эдгээр эмэгтэйчүүд хаанхын хэн гэдэг, ямар боловсролтой, Төрийн департаментын байрнаас гараад юу хийцгээдэг хүмүүс вэ гэдгийг сонирхоцгоое. Энд Псаки, Харф хоёрын нийтийн сүлжээний хуудсууд мөн бусад нээлттэй эх сурвалжийн материалуудыг ашиглав.

Женнифер Псаки, 35-36 настай, төрсөн оноо ил хэлдэггүй. Женнифер Псаки грек, польш уг угсаатайг тэр болгон мэдэхгүй. Псаки гэсэн овог нь грекийн "Псакис" гэсэн нэрнээс үүдэлтэй.  Тэрээр Коннектикут  мужийн Стэмфорд гэх Нью-Йоркоос холгүй хотод барилгачин ба сэтгэл зүйч эмчийн гэрт 1978 онд төрсөн гэдэг. Энэ хотын ихэнх оршин суугчид нь ясны ардчилагч юм. Тэндээс л тэдний гэр бүл, Псакийн өөрийнх нь улс төрийн сонирхол үүдэлтэй.

Жен Виржиниа мужийн тус орны  ахмад их сургуулиудын нэг Уильям ба Мэрийн коллежид суралцав. Америкийн ерөнхийлөгчид Томас Жеферсон, Жеймс Монро нарын олон хүний Альма-матер байсан сургуулийг  Жен сонгосон нь зүгээр ч үгүй хэрэг байх. Их сургуульдаа Женнифер Псаки суурь шинжлэх ухаанаар хичээллээд зогсохгүй усанд сэлэлтийн уралдаанд нь идэвхтэй оролцдог байв.

Жон Кэррийн хамт Европт айлчлахаар явж байгаа нь

Их сургуулийн дараа тэрээр Ардчилсан намын сонгуулийн компаниудад ажиллаж ирэв. 2004 оны ерөнхийлөгчийн сонгуулийн үеэр  Псаки тэр үеийн Цагаан ордны хэвлэлийн төлөөлөгч Жон Керрийн орлогчоор хүртэл ажиллаад авчээ.

Барак Обама ерөнхийлөгчийн сонгуульд ялсан 2008 оноос  түүний карьерын жинхэнэ нислэг эхэлжээ. Айлчлан явдаг хэвлэлийн атташе хийн Псаки ерөнхийлөгчийн төлөө хичээнгүйлэн зүтгэсэн байлаа. Дараа нь ерөнхийлөгч түүнийг  харилцаа холбооны  асуудал эрхэлсэн захирлынхаа орлогч болгов.

Арай хожуу тэрээр Вашингтонд байрладаг ирээдүйтэй Global Strategy Group гэх PR компанид ахлах дэд ерөнхийлөгч ба гүйцэтгэх захирлаар нь ажиллав. 2012 онд тэрээр дахиад л Обамагийн сонгуулийн штабт ажиллалаа. 2013 оны хоёрдугаар сар; Женыг Төрийн департаментын хэвлэлийн албаны спикерээр томилжээ.

Жен эгчтэй, Стефани (Stephanie Psaki) мөн л улс төрөөр хөөцөлдөж, Вашингтон хотод амьдардаг. Жен гэрлээд дөрвөн жил болж байгаа. Түүний  нөхөр Грегори Мечер одоо Ардчиллын Үндэсний Хороонд ажиллаж байна. Псаки ажил дээрээ Барак Обамагийн шууд удирдлага дор ажилладаг бол гэрт нь “гол эрэгтэй нь” Грег гэж Жен Twitterт бичжээ. Псаки албан томилолтоор их явдаг. Харин чөлөөт цагаа тэр  гэртээ нөхрийн хамт эсвэл жинхэнэ америк эмэгтэй шиг үдэшлэгт өнгөрөөдөг.

 

 

 

Мари Харф, 33 настай, 1981 оны зургадугаар сарын 15-нд мэндэлжээ. Хамтатгахын ордынх. Америкийн аж үйлдвэрийн төвүүдийн нэг Огайо мужид, улс төрд маш нягт холбоотой хүмүүсийн гэр бүлд  тэр мэндэлжээ. Түүний эцэг Жеймс Харф улс төр судлалын доктор бөгөөд орос хэлтэй. Эх Жейн Харф нь Огайо  мужийн экологийн асуудлын дээд сургуулийн (University Clean Energy Alliance of Ohio, товчлалоор UCEAO) захирал ажээ. Мари эцэг, эхийнхээ замаар Блумингтон дахь Индианы их сургуулийн  улс төр судлаачийн ангид суралцав. Тэр факультетад эцэг, эх хоёр нь танилцаж байсан түүхтэй. Дараа нь боловсролоо Виржиниа мужид үргэлжлүүлэн олон улсын салбарын магистрийг онц дүнтэйгээр хамгаалсан байна.

Их сургууль дүүргээд Мари шууд л Тагнуулын төв газар ажиллах боломжтой тулгарсан. Тэнд Ойрхи дорнодын байдлын дүн шинжилгээг хийж иржээ. Түүний илтгэл нь АНУ-ын ерөнхийлөгчийн ширээн дээр өдөр бүр тавигддаг. Тагнуулын төв газрын хэвлэлийн нарийн бичгийн дарга гэсэн нэр хүндтэй ажил эрхэлж байснаа 2012 онд орхин тэрээр Барак Обамагийн сонгуулийн кампанид ажилд зүтгэх болов. Обамад олон улсын байдалд хамаатай бүх л сэдвийн материалыг бэлтгэн өгдөг байснаас гадна Мари түүний халз мэтгэлцээний бэлтгэлд нь тусалж иржээ. Обама сонгуульд ялсны дараа Марийг Батлан хамгаалах яамны сайдын ахлах зөвлөхөөр томилсон байлаа. Дараа нь тэрээр Төрийн департаментын хэвлэлийн нарийн бичгийн даргын орлогчоор томилогджээ. Нөхөртөй. Гэвч энэ талаар тодорхой мэдээлэл байхгүй. Псаки шиг үдэшлэгт Мари дуртай. Бас хоолны зураг их дардаг.

Төрийн департаментын албан ёсны төлөөлөгч Женнифер Псакийн хачин хэллэгүүдийн галарей

Виктория Нуландын хараал хэлсэн талаар:

АНУ-ын Төрийн нарийн бичгийн даргын орлогч  Виктория Нуланд Украинд суугаа АНУ-ын Элчин сайд Жеффри Пайетт нар утсаар ярилцсан бичлэг  интернэтэд тавигдсаны дараа Псакийн талаар анх яригдаж эхэлсэн юм.  Улстөрчид Украины шинэ  Засгийн газрыг бүрдүүлэх талаар утсаар ярилцах үеэр хатагтай Нуланд Европын холбоог хараагаад авсан байв. Болсон хэрэг явдалд тайлбар хийсэн Псаки “Та нар Викторияг сайн мэднэ. 23 настайдаа  орос хөлөг онгоц дээр найман сар ажилласан гэдгийг нь  бас мэдэх биз. Тэндээс л  хэрэглэж болохгүй хэл яриаг сурсан байж магадгүй” гэж хэлэв. Сэтгүүлчид уг хараал англиар хэлэгдсэн шүү дээ, тэнд орос хэл ашиглагдаагүй гэж тодруулж өгөхөд нь  Псаки “би тоглоод хэлсэн юм” гэж хариулав. Тоглоомонд нь хэвлэлийн нарийн бичгийн даргаас өөр  инээх хүн гарсангүй.

 

Белорусийн хилийн талаар Псакийн хэлснийг оросууд онигоо болгожээ.

"Улстөрчийн санаа бодлоор бол хэрэв Белорусь Украинд нэвтэрвэл АНУ-ын 6-р флот нэн дарай Белорусийн эргийн зүг илгээгдэнэ, Белорусь далайд гарцгүй байх нь падгүй” гэсэн нь онигооны оргил санаа юм.

Европоос Орост хий нийлүүлдэг тухай:

"Шаардлагатай үедээ хэрэглэх нэмэлт хийн хэмжээнд орох эрх Украинд байгаасай гэдгийг бид хүсч байна. Байгалийн хий нь Баруун Европоос Украинаар дамжин Орос нийлүүлэгддэг гэдгийг та нар мэднэ шүү дээ” гэж Женнифер Псаки сэтгүүлчдэд мэдэгдсэн юм. Ингэж хэлээд тэр түүнийгээ залруулсан ч Төрийн департаментын албан ёсны төлөөлөгчийн хэлсэн үг нь интернэтээр тэр даруйдаа тархсан юм.

"Сонгуулийн  карусель" гэдгийн тухайд

"Донецк, Луганскийн бүх нийтийн санал асуулгын дүнг бид хүлээн зөвшөөрөхгүй. “Сонгуулийн каруселийн” (“Морин тойруулга” гэх тоглоом)  мэдээ байлаа” гэж Псаки мэдэгдлээ. Тэрээр бичиг зүгээр л уншиж буйгаа хэлээд өөрөө мэдэхгүй учраас уг мэдээллийн талаар тодруулга авна гэж амласан байв.

Уучлаарай, би юу ч ойлгосонгүй. "Карусель" гэж юуг хэлээд байна вэ гэсэн сэтгүүлчийн асуултад тэр хариулахдаа:

-За, би бас энэ томъёлолыг нэг сайн мэдэхгүй юм. Юу гэвэл хүмүүс яаж ийгээд хэд хэдэн удаа бүртгүүлээд саналаа дахин өгч байна гэх үү дээ. Хүүхдүүд мориор тойроод эргэлддэг карусель биш байгаа гэж би найдаж байна. Энэ нь бидэнд тулгарсан ямар нэгэн  аргачлал юм болов уу гэсэн байв.

Украины хийн өрийн талаар:

Нийлүүлэгдсэн хийн өрөө Орос Украинаас шаардсан талаар Жен ийм хариулт өгсөн байв. “Тэд юу яриад байгааг би ойлгож байна. Тэдний хооронд байгуулсан гэрээг тооцоод үзвэл одоо болж буй үйл явдал бол зүгээр нэг бизнес маргаан биш гэдэг нь ойлгомжтой” гэж тэр хэлээд офистоо очоод асуудлыг бүрэн судална гэж амласан байв.

АНУ-ын төлөөлөгч Украинд айлчилсан тухай:

АНУ-ын төлөөлөгчид Киевт айлчилсны дараа Киев цэргээ шууд л Зүүн Украинд илгээлээ гэсэн сэтгүүлчдийн дүгнэлтэд Жен Псаки сонин хариу өгсөн байлаа. АНУ-ын Төрийн департаментын төлөөлөгч хариулахдаа “Миний бодлоор та нар зүгээр л Гадаад хэргийн сайд Лавровын үгийг давтаад байна. Алив, ингээд дараагийн асуудалдаа орцгоое” гэв.

Зүүн Украинд Оросын цэрэг байгаа тухайд:

Оросын цэрэг Украинд байгаа гэдгийнхээ баталгаа болгон Псаки сэтгүүлчдэд Славянскийн журамт цэргийн Бабай гэдэг хочтой хүний зургийг үзүүлэв. “Эдгээр гэрэл зургууд дэлхийн хэвлэл мэдээллээр тархсан, одоо ч нээлттэй байж байгаа. Зураг дээр бидний харж байгаагаар эдгээр хүмүүсийн гадаад төрх нь Орост хамаатайг харуулж байна” гэж хатагтай мэдэгдлээ баталгаажуулсан юм. АНУ-ын Засгийн газрын тагнуулын алба интернэтээс хамааралтай болж байгаа хэрэг үү гэсэн сэтгүүлчдэд Псаки хариулахдаа, зургуудыг нээлттэй эх сурвалжид байгаа болохоор сэтгүүлчид өөрсдөө дүгнэлт хийх ёстой гэсэн байв.

Төрийн департаментын төлөөлөгч Жен Псаки өөрийн Twitter-дээ ээлжит “оновчтой үгээ” гаргасан нь:

"Оросын сурталчилгааны машин машиндаж байгаа ч би энд хүчтэй, ардчилсан Украин шиг л байж байна” гэж түүний бичсэн  энэ хачин тайлбар нь урд өдөр нь Оросын хэвлэлээр цацагдсан Псаки огцорсон гэдэг мэдээлэлд өгсөн хариу байжээ.

Оросуудын Псакид зориулсан  шүлгээс:

Псакийн хачирхалтай тайлбар, хэллэгт интернэтийн нийгэмлэгийнхэн бараг бүгд  үзэж харж, элэг доог хийж сууна. Түүнд богинохон яруу найргийг нэгэн “ухаантан” зориулсан байв. Псакийг хачин талаас нь алдаршуулахад Оросын телевиз ч хувь нэмрээ оруулсан гэхэд илүүдэхгүй. Одоо америкчуудад дургүй болсон оросуудын  хорслоо тайлах нэг бай нь Псаки болов. Гэхдээ овоо босгоогүй бол…

Тийм хатуу  хоригийг
Та нараас бид хүлээхгүй.
Псакийг эргүүлээд өг! Та нар яаж байна аа
Яагаад түүнийг зайлуулав?
Хэн биднийг хөгжөөх юм
Хар  тэнэг, худалчууд уу?
Маруся Харп сэтгэлд буухгүй:
Мань хүн Псаки биш.
Сенатад гомдлоо бичиж сууна:
Алив, дайснууд , ноход оо
Алиа салбадайг эргүүлээд тавь,
Псакийг эргүүлээд өг!
Харанхуйд гэрэл,
Хамаг олонд минь од нь байлаа.
Псакийг эргүүлээд өг!

Бэлтгэсэн Ш.МЯГМАР

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж