О.Төгөлдөр ирээдүйтэй тамирчин болохоо харуулав

Хуучирсан мэдээ: 2014.09.10-нд нийтлэгдсэн

О.Төгөлдөр ирээдүйтэй тамирчин болохоо харуулав

Буудлага спортын Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний 50 метрийн сонгомол гар бууны залуучуудын дасгал өчигдөр /09.09/ болсон билээ.

Тус тэмцээнд 49 тамирчин өрсөлдөхөд спортын мастер О.Төгөлдөр 552 оноогоор 2-р байраар финалд шалгарсан юм. Хэдийгээр манай тамирчин финалын буудлагад 69,6 оноо авч, наймдугаар байр эзэлсэн ч залуучуудын дэлхий аваргын финалд шалгарсан Монголын анхны эрэгтэй гар буучин болжээ.

О.Төгөлдөр нь 20 настай. Анх Дархан-Уул аймгын БХТН-ийн буудлагын клубт А.Далантай багшаар буудлага заалгасан бол өдгөө Гавьяат дасгалжуулагч Л.Ундралбатын “Аварга” клубт бэлтгэлээ базаадаг байна.

Тэрээр энэ онд насанд хүрэгчдийн улсын аварга шалгаруулах тэмцээний яг энэ дасгалдаа анх удаа түрүүлсэн бөгөөд 2014 оны залуучуудын ААШТ-ий хийн гар бууны дасгалд анх удаа финалд шалгарч, хувийн дүнгээр зургадугаар байрт, багийн дүнгээр хүрэл медаль хүртсэн амжилт үзүүлж байсан юм.

Б.ЭНХ

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж