Буудлагын дэлхийн аварга шалгаруулах тэмцээн өнөөдөр спорт гар бууны 25 метр, 50 метрийн хэвтээ 60 сумны эрэгтэйчүүдийн дасгалын урьдчилсан буудлагаар үргэлжиллээ.
Спорт гар бууны 25 метр дасгалд өрсөлдөгчид өчигдөр тогтоол 30 сумны буудлагаа хийсэн бол өнөөдөр хурдан буудлаганы 30 сумаа буудлаа. Энэ дасгалд Гавьяат тамирчин О.Гүндэгмаа, ОУХМ Ц.Мөнхзул, ОУХМ Т.Баярцэцэг нарын бүрэлдэхүүнтэй Монголын тамирчид багийн дүнгээр 1739 оноо авч, анх удаа мөнгөн медаль хүртлээ. Энэ дасгалд Хятадын баг 1741 оноогоор аварга болсон бол БНСУ-ын баг 1734 оноогоор хүрэл медалийн эзэн болжээ. Монголын мэргэн бууч бүсгүйчүүд 1998 онд яг энэ дасгалдаа дэлхийн аваргын хүрэл медаль хүртэж байсан юм.
Харин буудлагын дэлхийн аваргын өнөөдөр явагдсан спорт гар бууны 25 метрийн дасгалд нийт 98 тамирчин оролцсоноос манай тамирчид хувийн дүнгээр,
ОУХМ Ц.Мөнхзул 582 оноогоор 9-р байрт
МУГТ О.Гүндэгмаа 581 оноогоор 13-р байрт
ОУХМ Т.Баярцэцэг 576 оноогоор 33-р байрт тус тус шалгарлаа. Монгол Улсын Гавьяат тамирчин Д.Мөнхбаярын хувьд 575 оноогоор 35-р байрт жагссан байна.
Б.ЭНХ